Хархорум хотын хөгжлийн бодлогын саналыг хэлэлцлээ

Я.Болор | Zindaa.mn
33 минутын өмнө

“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төсөл”-ийн зөвлөх багийн ажлын айлчлалын хүрээнд Хархорум хотын Захирагчийн ажлын албанд уулзалт зохион байгуулж, төслийн дундын тайланд тусгуулах бодлогын санал, зөвлөмжийг /2026.10.14/  өдөр хэлэлцлээ.

Уулзалтаар Хархорум хотын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг бүсийн тэнцвэртэй хөгжлийн зорилттой уялдуулах хүрээнд дараах асуудлаар санал солилцов. Үүнд:

-Эртний нийслэлийг хамгаалах, сэргээн хөгжүүлэх тухай хуулийн төсөл: Түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээн хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

-Хархорум хотын ерөнхий төлөвлөгөө: Хот төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, байгаль орчны хамгаалал, түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалал болон тогтвортой хөгжлийн бодлогыг уялдуулах;

-Төрийн захиргааны байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө: Байршил, дэд бүтцийн бэлэн байдал, үе шаттай шилжүүлэлт болон хэрэгжилтийн зохион байгуулалтыг тодорхойлох;

-Их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө: Дээд боловсролын байгууллагуудыг үе шаттай шилжүүлэх боломж, сургалтын орчин, судалгаа, инновацын төвлөрөл болон хотын урт хугацааны хөгжлийн уялдааг хангах зэрэг асуудлыг хөндлөө.

Хархорум хотын Захирагчийн ажлын албанаас дэвшүүлсэн эдгээр саналыг төслийн дундын тайланд тусгуулах, цаашдын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үе шаттай уялдуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top