Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг өөрийгөө өөд нь татав

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 25

Таван толгойн гэрээний талаар эрдэмтэд үгээ хэлж эхэлсэн. Уг нь Засгийн газар хоёр жил гаруйн өмнөөс тэдний зөвлөмжийг хүлээн авч гэрээнийхээ төсөлд зохих ёсоор тусгаж байсан бол өнөөдөр муугаа дуудуулан баалуулж байхгүй сэн.  Таван толгойн гэрээний төсөл үнэндээ тааруухан болсон юм шиг байна. Олон эрдэмтэд тодорхой санал, дүгнэлт хэлж байгаа. “Монгол” дээд сургуулийн захирал, Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг сүүлдээ аргаа барсан уу, яасан “Чадахгүй байгаа бол Таван толгойнхоо эдийн засгийн тооцоог манай сургуулийн багш нараар хийлгээч” гэлээ. Түүнчлэн өөрийнхөө тооцоо судалгааг танилцуулж байна. Тэрээр “Таван толгойн ашгийн 64 хувь буюу 25.1 тэрбум ам.долларыг Монголын тал, 36 хувь буюу 13.9 тэрбум ам.долларыг гадаадын хөрөнгө оруулагчид авна гэж буй нь маш ерөнхий бөгөөд худлаа байна. Монгол улс ийм хувь хэмжээг нь авлаа гэсэн албан ёсны шийдвэр алга. Стратегийн ордыг ямар ч хэлбэрээр  ашиглалаа гэхэд 51-ээс доошгүй хувь нь Монголын талд байх ёстой. Тэгээд ч 18 хувь гэдэг бол луйвар хийгдэж байгааг харуулж байна. За яахав, 18 хувь гэж үзье. Нийт 44 хувь гарч байна. Тээврийн зардлыг хасна гэнэ. Ингэвэл үлдэх хувь гэж юм гарахгүй. Стратегийн гол орд дээрх компанийн хөрөнгө оруулалтын бодлого, шийдвэрийг гадныхан барина гэдэг бол маш буруу, тэнэг явдал” гэв. Мөн тэрээр УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс урьд нь гаргасан тогтоол, зөвлөмжүүд дээр ч ийм санаа сууж өгөөгүй байсныг бас шүүмжилжээ. Ийнхүү өөрийг нь үл тоосон, өрөөл бусад эрдэмтдийг ч ойшоож үзээгүй Засгийн газарт томорч байна. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг энэ биз. Төр, засгийнхаа шийдвэрүүдийг оновчтой зөв голдрилоор нь гаргуулахын төлөө ийнхүү өөрийгөө өөд нь татахын буруу юу байхав дээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top