Арабууд манайхаас идлэг шонхор хулгайлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 26

 


Идлэг шонхорын наймаа  ихээхэн ашигтай ажээ. 1990-ээд оны дунд үеэс эхлэн манай дарга нар Араб руу олон тооны идлэг шонхор гаргаж эхэлсэн. Энэ талын хууль эрх зүйн зохицуулалт тааруухан байсан тул  улсад оруулах орлого харин одоогийнх  шиг байгаагүй. Байгаль орчны сайд асан Адъяа, УИХ-ын гишүүн Сайран нараас авахуулаад Олон улсын хэмжээнд хүртэл нэрээ дуурсган, хууль тогтоомж зөрчсөөр шонхорын “ан”-д мордож байлаа. Сайраны хувьд Арабын орнуудад Элчин сайд байсан нь бас нэмэр болсон биз. Ер нь мань хүн лалын шашинтан буюу шонхор шувуугаар гангарсан Арабын баячуудтай нэлээд зузаан болсон байв. Идлэг шонхор ч манайд сүүлдээ тоо толгой нь хорогдоход хүрч байлаа. Одоо харин өсгөж үржүүлэх гээд нэлээд зардал чирэгдэл болж байх шиг байна. Энэ жил 240 шонхор шувуу худалдахаар боллоо. Одоогоор  БОАЖЯ-аас  Кувейт, Катар, Саудын Араб, Арабын Бүгд Найрамдах Эмират  зэрэг улсын  төлөөлөгчидтэй шонхор бариулах 10-аад  гэрээ байгуулжээ.

Дэлхий дээр шонхорын 60 орчим төрөл зүйл бий. Үүнээс Монголд 10 зүйлийн  шонхор байна. Манай оронд тархсан шонхрууд нь хамгийн том биетэйд тооцогддог. Тиймээс  Арабын өндөр албан тушаалтан,  төрийн томчуудын анхаарлыг татаж байна. Идлэг шонхорын гол худалдан авагч болох Арабын орнуудын зүгээс найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Монголд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж авто зам барих, байгаль орчны судалгааны лаборатори байгуулах, улсын төв номын сангийн барилгыг барих, засварлах зэрэг олон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг  хэрэгжүүлжээ.  Тиймээс энэ шувууг зохистой хэмжээнд үржүүлэх нь чухал байна. 2000-2010 онд нийтдээ  2751 толгой идлэг шонхор худалдаж,  улс, орон нутгийн төсөвт нийт 18.4 сая ам.доллар төвлөрүүлжээ. 

Харин  энэ бүхний зэрэгцээ шонхорыг хулгайгаар барьж, хил давуулах оролдлого гарсаар байгаа гэнэ. Бараг жил бүр шахуу хулгайн шонхорын яриа гарч буй ажээ. Үүнд Арабууд оролцож байгаа гэсэн мэдээ байна. Тэд өнгө мөнгөд дөрлүүлсэн шунахай сэдэлт Монгол иргэдийг хулгайн амжилдаа ашигладаг  аж. Саяхан Архангай, Дундговь зэрэг аймгийн нутгаас шонхор барихаар хэсэг Араб иргэд ирлээ. Тэд идлэг шонхор барьсан байна. Энэ сарын 18-аас хойш 10 орчим шонхор барьсан нь харин сэжиг төрүүлээд байгаа бололтой. Яагаад гэхээр шонхор шувууг барих нь тийм амар ажил биш. Нэг шонхор барихын тулд 3-7 хоног зарцуулдаг. Эдгээр аймгаас гадна Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт Абарууд шонхор барьж байгаа. Тэд гэрээний дагуу ажиллахын хажуугаар бас  хулгайгаар олон тооны шонхор барьсан тухай орон нутгийн байгаль хамгаалагчид нь мэдээлжээ. Хэлж нэг авдаг, хэлэхгүйгээр сэмхэн бас авдаг шонхорыг хил гаалийнхан  хянах цаг болсон байна. Жил бүрийн 6-8 сарын хооронд л энэ амьтныг барихад илүү тохиромжтой тул Арабууд манайд ихээхэн улайрч яваа бололтой.

Б.Отгонбаяр  







Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top