“Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг нэвтрүүлэх бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, өргөн мэдүүлэхээр боллоо.
Манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд 20 гаруй жил болсон боловч чанар, стандартын тогтолцоогоо нийцүүлэн шинэчлэхээ хангалттай хийж ирсэнгүй. Үүний улмаас үндэсний стандартын тогтолцоо олон улсынхаас хоцрох хандлагатай болсон байна. Тухайлбал манайд албан ёсоор мөрдөж байгаа 5900 орчим стандартын 40 орчим хувь нь л олон улсын стандартад нийцдэг гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн нийт стандартын 40 орчим хувь нь заавал мөрдөх хэм хэмжээ бүхий стандарт бөгөөд иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай эсэхээс үл хамаарч тэдгээрийг дагаж мөрдөж байна.
Гэтэл дэлхий дахинаа үйлдвэрлэл, худалдааг зохицуулах тарифийн бус арга болох стандартчилал, тохирлын үнэлгээ нь зарчмын хувьд өөрчлөгдөж, үндэсний стандартыг зөвхөн сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрээр батлан гаргах болжээ.
Ялангуяа шилжилтийн эдийн засагтай орнууд болон Европын Холбоонд гишүүнээр элссэн Зүүн Европын улсууд үүнийг хуульчлан хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн худалдааны байгууллагын хэмжээнд техникийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, харин стандартаар худалдаанд саад тотгор учруулахгүй байхаар тохиролцжээ.
Иймээс манай улс худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд хатуу тогтоосон стандартыг заавал мөрдөхийг шаардаж ажилд нь саад учруулахгүй байх, олон улсын дэвшилтэт техник, технологи, үйлчилгээг стандартаар дамжуулан нэвтрүүлэхэд чөлөөтэй нөхцөл бий болгох шаардлагатай болоод байна.
Энэ үүднээс Европын Холбооны туршлагаар стандартыг сайн дурын буюу сонгон хэрэглэх хэлбэрт шилжүүлэхийг зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )