Сангийн яам, Азийн хөгжлийн банкны хамтарсан дээд хэмжээний чуулга уулзалт болж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 10

Монгол Улс Азийн Хөгжлийн Банкны гишүүнээр 1991 оны 2-р сард элсэн орсон бөгөөд энэ онд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны 20 жил, АХБ-ны Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.
Энэхүү ойн арга хэмжээг тохиолдуулан Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “MON-ADB Partnership: A Roadmap for Happy, Healthy and Harmonious Mongolia” Дээд хэмжээний форумыг өнөөдөр зохион байгуулж байна. 
Тус ойн арга хэмжээг тохиолдуулан АХБ-аас өндөр ач холбогдол өгч АХБ-ны Ерөнхийлөгч ноён Х.Курода тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийж, Дээд хэмжээний форумд оролцлож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Нобелийн шагналт эдийн засагч Р.К. Пачаүри, Чили Улсын Төв Банкны дэд ерөнхийлөгч, Сангийн сайд асан Мануэль Марфан, Аргентин Улсын Эдийн засгийн яамны харъяа Хөгжлийн хөрөнгө оруулалтын агентлагийн ерөнхийлөгч Б.Нофал, АНУ-ын Охаио мужийн их сургуулийн Африк судлалын төвийн дарга Калэичи Калу, Олон улсын тээвэр зуучлалын FedEx корпорацийн Ази, Номхон далайн газрын дэд ерөнхийлөгч А.Турли зэрэг олон улсад нэр хүнд бүхий эдийн засаг, нийгмийн салбарын томоохон төлөөлөгчид оролцож илтгэл тавих юм.
Дээд хэмжээний чуулганыг нээж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлсэн бөгөөд Монгол улс хөгжлийн цаашдын чиг хандлагыг зөвөөр залж жолоодох, мэдлэг болон бүтээмж дээр суурилсан, сайн гарц үр дүнд хүргэх бодлого зорилтоо тодорхойлох, өрсөлдөх чадвартай эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд хамтрагч олон улсын байгууллага, тэр дундаа Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон амжилтаа улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн хамт ололт амжилтын шинэ шинэ оргилд хамтдаа хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ. 
Тус чуулганд Улсын их хурал, Засгийн газрын гишүүд оролцохоос  гадна хувийн хэвшил, нийгэм, эдийн засгийн холбогдох эрдэмтэн судлаачид оролцож байна.
Хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ АХБ-аас зөвхөн бага хэмжээний хөнгөлөлттэй зээл авдаг байсан үеийг “төгсгөж”, дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт шилжин Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий, стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг Дэлхийн банкны системийн байгууллагууд болох Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн ассоциацийн санхүүжилттэй уялдуулан нийлмэл (syndicated) зээлийн аргаар хэрэгжүүлэх бодлогыг барьж, нэн тэргүүнд нефть, нефтийн бүтээгдэхүүний 100%-ийн импортын хараат байдлаас гарах зорилгоор хүрэн нүүрсийг хийжүүлэх том хэмжээний төслийг АХБ-ны энгийн эх үүсвэрийн санхүүжилт, Дэлхийн банкны санхүжилтээр хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ
Чуулганы үдээс өмнөх хуралдаанар Нобелийн шагналт эдийн засагч Р.К.Пачаүри “Цаг уурын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” сэдвээр, АНУ-ын Охаио мужийн их сургуулийн Африк судлалын төвийн дарга Калэичи Калу “Байгалийн нөөцөөр баялаг орнуудад тогтвортой хөгжлийг бий болгох нь – Африк Улсын жишээн дээр” сэдвээр илтгэл тавьлаа.
 Үдээс хойшх хуралдаанаар Чили Улсын Төв Банкны дэд ерөнхийлөгч, Сангийн сайд асан Мануэль Марфан “Макро эдийн засгийн удирдлага ба тэгш хөгжил- Латин Америкийн туршлагаас” сэдвээр, Тээвэр зуучлалын FedEx корпорацийн Ази, Номхон далайн гадаад харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч ноён А.Турли “Худалдааг хөнгөвчлөх ба олон улсын зах зээлд нэвтрэх нь: Монгол Улсын боломжууд” сэдвээр илтгэл тавина.
Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалт бүтэн өдрийн турш үргэлжилнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top