Оюу толгойн гэрээний талаар манай мэргэжилтнүүд сэтгэл дундуур байна. Хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй олон зүйл тэдэнд тулгарч байгаагийн нэг нь усны нөөц ажээ.
Уг нь “Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фрийдланд анх Америкт болсон “ВМО Nestbill Burns 2005 Clobal Conference” хэмээх уул уурхайн хөрөнгө оруулагчдын бага хурлын үеэр их л сүржин мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр Монголын говиос зэс, алт, ховор металлийн асар их нөөц олж илрүүлснээ монголчуудаас ч илүү баяр баясалтайгаар зарлаж байлаа. “Миний нойр хүрэхээ больчихлоо. Ямар их баялаг вэ” гэсэн нь саяхан. Мань хүн хямдхан олз ашгийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн болчихсоны нэг жишээ энэ болов уу. Түүний хувьд үнэхээр сүүлийн гучин жилийн турш олж хараагүй баялаг манай Өмнөговийн нутагт бий. Дор хаяж 100 тэрбум долларын металл гэдэг нь тодорхой юм.
Энэ баялгийг мөнгө болгож арвижуулах ажил усгүйгээр хийгдэнэ гэж юу байхав. Тэгээд ч манайхан усыг чандмань эрдэнэ гэдэг. Өмнөд Азийн зарим улс орнууд гадаадаас уух усаа зөөж байгаа нь үүнийг бас нотлоод байгаа юм. Оюу толгойд ус бүхнийг шийдэх болоод байна. Роберт Фрийдланд ч өөрөө усыг онцолж байлаа. Америк, Канадад очоод тэр “Хамгийн чухал нь бид Монголын говьд усны нөөц тогтоож чадсан. Оюу толгойн хажууханд нэлээд хэдэн асар том газар доорх усны цооногуудыг оллоо. Тэнд ундны усаар бялхаж байна. Өрөмдөж байтал цэвэр ус шууд л ундраад гараад ирсэн. Энэ их усаа ямар байдлаар ашиглах талаар бид бодож байна. Бараг говийг тэр чигт нь ногооруулчих хэмжээний их устай болсон. Үнэндээ энэ ус маань нүүрснээс илүү чухал зүйл байж мэднэ” гэж байв.
Гэхдээ түүний магтан дуулаад байгаа усны нөөц энд маш хүнд байна. Усны газраас Өмнөговь аймгийн Цогтцэцийд хэмжилт, судалгаа хийгээд үзтэл ундарга нь жил бүр доошилж буй тооцоо гараад ирлээ. Дэлхийн банкныхан ч үүнийг батлаад өгөв. Тус банкны санхүүжилтээр ажилласан судлаачид манай орны өмнөд бүсийн усны хэрэглээг ойрын жилүүдэд өдөрт 350 мянган шоо метр болно гэжээ. Энэ нь аймшгийн харанга цохиж мэдэх тоо гэнэ. Зөвхөн гүний усны нөөцийг ашиглан уул уурхайг хөгжүүлэх боломжгүй юм байна. Гүний усаа шавхаж орхивол говийн экосистемийг бүхэлд нь алдагдуулна. Экосистем гэдэг маань нэг ёсондоо байгалийн өөрийнх нь байвал зохих тэнцвэртэй, зохистой төлөв байдал гэсэн үг. Үүнээсээ хэтэрвэл мөхөл рүү явна, байгаль маань.
Иймэрхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө говийн бүсийн гүний усны нөөцийн нарийвчилсан дүнг гаргах шаардлагатай гэж мэргэжлийн шинжээчид үзжээ. Өөрөөр хэлбэл Роберт Фрийдландын сэтгэлийн хөөрлөөр гүний усаа хамаагүй цацаад хаяж болохгүй гэсэн санаа юм шүү дээ. Харийн хүн бол харийн л хүн. Тэр юу ч гэж магтан сайрхаж, манайхныг хөөргөдөхөөс сийхгүй байна. Түүний өөрийнх нь томилж, цалинжуулсан судлаачид өөрт нь л тохирсон мэдээлэл өгдөг аж. Тухайлбал Оюу Толгойн Усны нөөцийн ахлах зөвлөх Марк Ньюби тэргүүтэй Байгаль орчны хэлтсийнхэн нь болохоор Оюу толгойн ойр орчмын худаг, усны бусад эх үүсвэрт байнга судалгаа шинжилгээ хийдэг гээд байгаа. Ухаандаа усны төвшин, чанарыг хянадаг юм байх. Тэд 40 жилийн турш ашиглах усын нөөцтэй гэсэн нь тун гайхалтай. Харин манайхны хэлж байгаагаар бол ийм хэрэглээний эцэст Монголын говь дахиж сэхэл авахгүйгээр сүйрэх ажээ. Гидрогеологичид маань Оюу толгойн хэрэгцээнд эхний ээлжинд гүний усыг нэг секунтэд 870 литр байхаас өөр ямар ч боломжгүй гэж байна. Ийм хэрэглээгээр Оюу толгойн төслийн ажил нисээд л 5 жилээс цааш явах аргагүй болно гэнэ. Гүний ус эргэж нөхөгдөх нь асар удаан. 5000-50 сая жил болж байж нэг муухан нөхөгддөг онцлогтой. Оюу толгойд ашиглах гүний усны түвшин 50 жилийн дараа 100-150 метрээр доошилно гэсэн тооцоо бас бий. Тиймээс Өмнөговийн нутагт 18 цооног өрөмдөхөд ус олгойдон гарсан гэж баярлаад байх хэрэггүй бололтой, Роберт Фрийдланд гуай.
Ийм бэрхшээлээс үүдээд Роберт Фрийдланд болон түүний хамсаатнууд Хэрлэн, Орхон голоос яндан хоолойгоор ус татаж ашиглахыг хүсч байна. Төсөл ч хийгджээ. “Хэрлэн-говь” хэмээх эхний төсөл нь Хэнтий аймгийнхны эсэргүүцэлтэй тулгарлаа. Иргэд дургүйцэж байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болно гэж байна. Нээрээ, магадгүй юм. Таван аймгийн хүн малыг ундаалсан Хэрлэн гол ч үгүй, Оюу толгойгоос олох ашиг ч үгүй хоцорч болохгүй нь лавтай. Хэнтийгээс УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ төслийн эсрэг гүрийсээр байгаад зогсоож чадсанд нь тэдгээр аймгийн иргэд баяртай байгаа бололтой. Уг төслийг Японоос санхүүжүүлэхээр мөнгө нь ороод ирчихсэн байсан гэдэг. Ингээд энэ мөнгийг нь дарга нар Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалт руу хандуулсан байна лээ. Одоо харин Хэрлэн голын ай савд усан сангуудыг байгуулан хөдөө аж ахуйн чиглэлээр ашиглах тухай яригдаж байна.
Оюу толгой руу Орхон голоос ус татах “Орхон-Говь” төсөл мөн ялгаагүй ийм хувь заяатай учирч, иргэний хөдөлгөөнүүд ажлыг нь саяхан зогсоолоо. Усны газрын нэгэн түшмэлийн хэлсэнчлэн энэ төсөл Монголд ямар ч үр ашиггүй 10 мянган орчим гадаадын төслүүдийн нэг байв. Уг нь Турк улсаас “Орхон-Говь” төслийн санхүүжилтыг хийхээр болоод байсан юм. Гэвч Туркүүд эцэст нь Монгол дахь өөрийн түүх соёлын өвийг хамгаалах үүднээс арга буюу санхүүжилтээ татаад авчихсан байна. Ухаалаг, соёлтай ард түмэн ийм байдаг ажээ. Газрын гадаргуугийн усыг хуримтлуулан Оюу толгойд ашиглах өөр хувилбар гаргаад ирсэн байгууллага одоогоор байхгүй байгаа. Оросууд социализмын үеэс Дон мөрний усны урсацыг өөрчилж, газар тариалан эрхлэх бүсүүд рүүгээ урсгах гээд дийлээгүй. Байгальд сүйтгэл ихтэй тул иргэд нь зөвшөөрөөгүй. Мөн технологийн хувьд хамгийн зөв шийдлээ олж чадаагүй байв. Тэдний санаачлагыг харин бусад улс орнууд улам баяжуулан томоохон гол мөрнийхөө усыг хилийн чанад руу хий дэмий урсгаад алдах биш, олон арван усан сан байгуулж, тариа, ногоо тарихад ашиглаж байна. Уул уурхайн салбараа ч усаар хангаж байгаа.
Манайхны хувьд Өмнөговь руу Хэрлэн, Орхон голын усыг татах нь тун төвөгтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Монголчууд хэзээ ч усаараа оролддоггүй эртний уламжлал нь энд илүү их нөлөөлж буй бололтой. Хэнтийчүүдийн тэмцлээс үүнийг хүмүүс их сайн олж харлаа. Нөгөөтэйгүүр 2011 оныг усны жил хэмээн зарласан боловч Орхон голыг гадаад, дотоодын 40 гаруй компани алт ухах нэрээр бараг бүхэлд нь бохирдуулж орхисон. Түрүүчээс нь “Алтан Дорнод Монгол”, "Монгол газар” зэрэг компанийг шүүхэд дуудаад байгаа. Сэлэнгэ мөрнийг усаар тэтгэдэг томоохон гол болох Орхоны усыг хэрвээ Өмнөговь руу яндан хоолойгоор татна гэвэл Архангай, Өвөрхангай зэрэг аймгийн иргэд бослого гаргах байх. Тэгээд ч “Орхон-Говь” хэмээх тэрхүү төслөөс болоод Сэлэнгэ мөрөн усаа татах аюул нүүрлэнэ гэх мэргэжилтэн цөөнгүй ажээ.
Тэгэхээр Оюу толгойн үйлдвэрлэл усгүйгээр амжилт олохгүй нь ээ. Ямар Роберт Фрийдландын дураар болж говийнхоо гүний усыг шавхалтай биш дээ. Иймэрхүү нөхцлүүд үүсээд ирэхээр харин Фрийдландынхан Оюу толгойн төслөөр богино хугацаанд том олз олж аваад арилж одох тооцоотой ажиллах боллоо гэсэн нэгэн эх сурвалжийн мэдээлэл үнэний ортой болов уу. Юун 30 жил ажиллаж, дараа нь монголчууд ашиг хүртэх.
Сэтгэгдэл ( 0 )