-Таны үеийнхэн бүгд л ганзагын наймаагаар бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Ихэнх нь бэлэн хувцас зөөж явснаа нуудаггүй. Харин энэ салбартаа үнэнч үлдсэн цөөн хүний нэг нь та. Нэг ёсондоо “Талст” гэсэн мульти брэндийн дэлгүүрт тухлах, энэ орчноор үйлчлүүлэхийг хүсдэг хүмүүсийн давхарга бий болтол зүтгэсэн байна. Үйлчлүүлэгчдийн сэтгэлийг татдаг энэ эрхэмсэг орчныг бий болгохын төлөөх олон жилийн хөдөлмөрөө та юу гэж тодорхойлох вэ?
-Зүрх сэтгэлээрээ уусч орсон бизнес. Гаднын худалдаачидтай олон жил хамтран ажиллаж явахдаа хүмүүс тав тухтай орчинд худалдан авалт хийх ёстой гэдгийг мэдэрч, ийм дэлгүүртэй болох юмсан гэж төлөвлөж яваад “Талст” fashion shop-ийг нээсэн. Манай дэлгүүрийн хувьд Итали, Франц зэрэг хөгжингүй орнуудад зонхилж буй хамгийн сүүлийн хэв загвар. Парисаар аялж явахдаа тэндхийн алдартай мульти брэндийн дэлгүүрт ороход дээшээ харахад үүлтэй тэнгэр цэлийгээд, хосууд хамтдаа завиар зугаалаад, хаа нэгтээгээс дуурийн тансаг хоолой эгшиглэж, эртний сайхан орчинд очсон юм шиг санагдсан. Дуу чимээ хүмүүсийг ядраадаг гэдэг утгаараа одоо цахилгаан шатыг хүртэл fashion shop-ын сүүлийн хэв маяг үгүйсгэж эхлээд байна. Хүн дэлгүүрт орохдоо гэрээсээ ялгагдахгүй амар амгаланг мэдрэх ёстой. Мульти брэндийн дэлгүүрүүд нь дотно гадна тохижилтоос гадна дэлхийн хамгийн сүүлийн үеийн чанарлаг, загварлаг брэндийг сорчилсон нийлүүлэлт хийдэг учраас худалдан авагчдын цаг завыг хэмнэдэг давуу талтай.
Эрс тэс уур амьсгалтай монголын нөхцөлд чухам ямар хувцас авчрах вэ гэдгийг тодорхойлохын тулд судалгааны ажлыг өргөн далайцтай хийдэг. Олон шөнийг интернэт орчинд эрэл хайгуул хийж өнгөрөөсөн дөө. Дээр нь хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд дэлгүүрийнхээ тохижилтонд анхаарч, булан, тохой бүрт л ач холбогдол өгч ажиллах шаардлагатай.
-“Талст” гэдэг нэрийг бизнестээ сонгосон бүсгүйчүүд нэлээд эрч хүчтэй мэт сэтгэгдэл бусдад төрүүлдэг. Энэ нь таны дотоод мөн чанартай уялдаж сонгогдсон нэр мөн үү?
-“Талст”-ын ширхэг ямарваа нэг муу зүйлийг өөртөө тусгадаггүй. Дээр нь хичнээн гоё, тансаг харагддаг билээ. Түүнийг бэлгэдэж сонгосон нэр. Хүмүүсийн баяр баяслыг шингээгээд, бусдад түгээдэг тийм сайхан энергийн соронз юм даа. Дотоод мөн чанар гэснээс аав маань “Миний охин ус үерлэж, галав юүлсэн ч шантрахгүй дээ” гэдэг байсан. Би зөвхөн амьд байгаа биш, амьдарч яваа учраас надад аливаа сайн муу зүйл тохиолддог. Жаргал зовлонгийн алинд нь ч мөн чанараа алдахгүй байх нь хүний эрхэм чанар. Харин муу зүйл тохиолдоход заавал эерэг талаас нь хардаг. Надаас хүмүүс илүү зүйл шаардаад, би жаахан сул яваад байгаа юм байна гэж бодож өөрийгөө ирлэдэг. Ямар нэгэн зүйлийн ард гарчихсан явахад, хэл ам миний хувьд хэцүү бэрхшээл биш. Хов, салхи хоёр нэг араншинтай гэдэг. Ард түмэн өөрийн гэсэн шүүлтүүртэй. Үхлээс бусдыг шийдэж болно шүү дээ. Тэгэхээр дотоод мөн чанараас урган гарсан нэр гэж хэлж болно.
-Дэлхийн хэдэн орны үзэсгэлэнд явж үзсэн бэ. “Талст” үслэг эдлэлийн үзэсгэлэн зохиодог санагдана. Энэ жил хэдий үеэр үзэсгэлэнгээ зохион байгуулах бол?
-Манай гэр бүлийнхэн 1600 гаруй загварын шоу үзсэн байдаг. Ер нь жилдээ дор хаяж очиж үзээгүй хоёр орондоо очих нь бидний гол зорилт болж, үүнийгээ хэрэгжүүлдэг. Өөр өөрийн хувцас загварын чиг хандлагатай орнуудаар аялж, үзэсгэлэн үзэх бүрт нүд тайлагддаг юм. Өнгөрсөн жил гэхэд Парист болсон Evona, Nysense брэндийн үзэсгэлэн маш их таалагдаж, энэ үзэсгэлэнгийн үеэр албан ёсны борлуулагч болох шийдвэр гаргалаа. Бид жилдээ намар, өвлийн коллекциор хоёр удаа шоу зохион байгуулдаг. Энэ жил усан булган эдлэлийн шоугаа 12 сард хэрэглэгчдэдээ толилуулна.
-Evona, Nysense брэндийн бэлэн хувцсыг “Талст”-аар дамжуулаад бүсгүйчүүд мэддэг болчихлоо. Энэ брэндийг онцолсон шалтгаан нь юу вэ?
-Аливаа брэндийн цаад эзэн хэн бэ гэдэг чухал. Бидэн шиг бүлсэг,эртнээс дугариг гэртээ өссөн, бусдаас арай онцгой ахуйн хэв маягтай хүмүүст гэр бүлийн бизнес хийж яваа хүмүүс илүү таалагддаг юм байна л даа. Evona, Nysense бол 1998 онд үүссэн брэнд. Эхлээд өөрсдөө бусдын захиалгаар үйлдвэрлэл явуулж байгаад, олон жилийн туршлагадаа тулгуурлан, Францын алдарт загварын агентлагтай хамтран Evona, Nysense брэндийг үүсгэсэн юм билээ. Манай хүү үйлдвэр дээр нь очиж үзэн, Монгол дахь албан ёсны дистрибьютер болох эрхийг баталгаажуулсан. Европын зах зээлд нийлүүлж эхэлсэн энэхүү брэнд манай хөрш болох Орос, Хятад улсад ч худалдаалагддаг. Миний хүүг Монголын 18 нас ч хүрээгүй хүүхэд дэлхийн брэнд үйлдвэрлэгчидтэй яриа хэлэлцээрийн түвшинд хүрээд, нөхөрлөөд явж буйд итгэж өгөхгүй байна гэж хэлсэн удаатай. Энэ бол миний хүүгийн нүүрний буян. Дээр нь манай хүүг “Италийн Милан хотод ирж уулзаач. Парист Evona-ийн төвд мэргэжилтнээр ажиллаач” гэж урьсан. Хүү маань Монголдоо аливааг хийж бүтээхийг эрмэлздэг. Гурван настайгаасаа ээжтэйгээ наймаанд явсан болохоор хамгийн дотно туслагч маань юм даа. Гэр бүлийн эв найрамдлаас бизнесийн амжилт шалтгаалдаг гэж би үздэг. Evona брэндийн онцлог нь хүний биеийн дулаан, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх тал дээр нь шинжлэх ухаанч үүднээс маш сайн бодож хийсэн технологитой. Зарим материал дэлхийд ховор түүхий торгоор хийгддэг учраас сүүлийн 10 жилд дэлхийн тэргүүлэгч эмэгтэйчүүдийн брэнд болох болов уу гэдэгт итгэдэг. Эмэгтэй хүн ямар гоё билээ. Тэр бүх шинжийг агуулдаг онцлогтой. Дээр нь ямар сайхан нандин чанаруудтай билээ. Урлагийн бүтээл шиг, аз жаргалтай амьдралын өнгийг илтгэсэн хувцас гэвэл Evona.
-Уучлаарай, ярилцлагын явцад сонирхоход танайхаар худалдаалагдаж байсан хуурамч LV цүнхнүүдийг хураасан гэдэг мэдээлэл сайт, сонинуудаар цацагдсан. Энэ үнэн үү?
-“LV”-ийн дэлгүүр нээгдсэнээс хойш энэ бараа бүтээгдэхүүн өөр газраар зарагдаж болохгүй гэж үзсэн бол Оюуны өмчийн хороо яагаад худалдаа наймаа хийж буй бизнесменүүдэд ойлголт өгч, албан ёсны мэдэгдэл өгч болоогүй юм бэ гэж гайхаж байна. Нэг удаа хуралдуулаад энэ талын мэдээлэл өгч болно шүү дээ. Бичиг цаасны эрин үе, орчин цагийн харилцааны ёс зүйг эрхэмлэсэн зуунд бид амьдарч байгаа. Урьд нь Санхүүгийн зохицуулах хорооноос доллараар наймаа хийж болохгүй гэсэн албан ёсны санамж ирэхэд бид дор нь дотоод журмаа өөрчилсөн удаатай. Монголдоо бизнес хийж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ёстой юм шиг санагдана. Угтаа худалдаачид монголд брэндийг нутагшуулсан. Тэртэй тэргүй Монгол улс хөгжиж буй орон. Өнөөдөр брэндийн хуульчлал нялх хүүхэдтэй зүйрлэж болохуйц орчинд байна. Бусдаар бол манай бүтээгдэхүүнүүд хуурамч биш гэдгийг батлан хэлье. Хүн тодорхой хугацаагаар хийсэн бизнестээ төрүүлсэн үрээсээ илүү хайртай болчихдог. Хүн төрүүлсэн үрээ муу муухай зүйл хийлгэдэггүйтэй адилхан бизнесийн ёс зүй аяндаа тогтдог. Одоо бол монголд бизнесийн чиг хандлага цэвэршээд, илүү ёс зүйтэй, үнэнч зөв хандлагатай болсон байгаа. Ямар ч байсан цэвэршилт эхэлсэн гэж боддог. Манайхны ганц чаддаг зүйл хураана, торгоно, цагдана, шатаана гэсэн сүрдүүлэг, дарамт байдаг. Монголд ч “Говь”, “Гоёо”, “Алтай кашемир” гэх мэт үндэсний брэндүүд үүсч бий боллоо. Дэлхийн чиг хандлагад нийцэж эхэллээ. Брэнд гэдэг үгийг тэнгэрт хадсан үнэтэй зүйрлэдэг өрөөсгөл ойлголт газар авчихаж.
-Брэнд гэдэг нэр томьёог хамгийн товчоор тодорхойлбол?
-Загвар зохион бүтээгчийн төсөөллөөр урган гарах хувийн онцгой шинж чанарын илэрхийлэл нь брэнд байдаг. Дэлхийн брэндүүд байгал орчинд халгүй түүхий эдээр хот газар, бизнесийн сэргэлтийн хэв маягийг илтгэх орчин цагийн хэв шинж, эрүүл, ухаалаг шинэ амьдралын агуулга, хүмүүсийн хувцасны онцлог, байгалийн шинж чанар, эгэл, амралтын хэв маягийг илтгэх цоглог, гэгээтэй, өнгөлөг, сонгодог загварыг брэндүүд гаргаж ирдэг. Үүнд гүн гүнзгий мэдлэг чадвар, нийтлэг хэв загварын бус олон улсын жишигт нийцсэн амт, таашаалыг оруулж өгдөг.
-Ерөөсөө брэндээр өвчилчихлөө гэсэн шүүмжлэл газар аваад байгаа. Энэхүү сэтгэлгээний өрөөсгөлөө анзаарах ч сөхөөгүй бие биеэ тэнгэрт тултал хөөрөгддөг. Энэ нь танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Хувцаслалт бол хүний наад захын соёл. Цаашилбал улс эх орны соёл иргэншлийг иргэдийнх нь хувцаслалтаар тодорхойлж болно. Бараа судлаач мэргэжилтэй хүний хувьд би энэ сэдвээр хэдэн цаг ярилцсан ч болно л доо. Дэндүү өргөн утга агуулгатай. Гаднын хүн манай онгоцны буудалд буумагцаа л ард иргэдээс нь Милан, Лондон, Парисын гудамжин дахь хүмүүсийн дүр төрхийг олж хараасай гэж хүсч, энэ бизнесээ эрхэлдэг. Таны асуусан асуулт бол хэсэг брэндийг тахин шүтэхийг эсэргүүцээд байх шиг байна. Би ч мөн адил. Брэнд гэж юу вэ гэдэг ойлголт хүмүүсийн тархинд хоногштол мөн л тодорхой цаг хугацаа шаардагдана. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч үүнийг хөөрөгддөг.
-“Талст”-ын худалдагч нар онцлогтой. Худалдан авагчдад “багшилж” байгаа харагддаг. Угтаа энэ бол бизнес амжилттай явагдах гол түлхүүр гэдгийг мэдсээр байж мартагнадаг дутагдал зарим бизнесийн байгууллагад байна л даа?
-Хандлагыг зөв болгох гэж хичээдэг. Барааныхаа материалыг ажилчдадаа таниулна. Үйлдвэрийнх нь тухай мэдээлэл өгнө. “Энэ ойн булгыг ингэж гаргадаг, хадгалалт нь ийм, гялгар цаасанд боож болохгүй” гэж тайлбарласаар, бүрэн хэмжээний цогц үйл ажиллагаа ар талд явагдаж байж, хэрэглэгчийн гар дээр манай бүтээгдэхүүн очдог. Дэлгүүрийнхээ градусыг хүртэл арьсны чийгийг алдагдуулахгүйн тулд 5-10 хэмд тогтмол барьдаг.
-Цүнх, сав хураадаг Оюуны өмчийнхөн, ШБӨХЗГ-ынханд хүртэл наад захын мэдлэг шаардлагатай байх нь ээ?
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар ажилладаг хүмүүс бараа, бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалтыг эн түрүүнд мэддэг байх шаардлагатай. Хүнсний бүтээгдэхүүн хурааж аваад, чанарын шалгалт хийгээд өгтлөө тэр бүтээгдэхүүнүүдийг стандартын газар хадгалах ёс зүй байх хэрэгтэй.
-Танай хамт олон нийгмийн хариуцлагатай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдог уу. Одоо хүмүүс бараа, бүтээгдэхүүнээсээ илүүтэйгээр иймэрхүү үйл ажиллагаагаа рекламддаг болчихож?
-Худалдан авагч нэг бүрээс орсон орлогын 500 төгрөгийг бид сайн санааны үйлсэд зориулдаг. Энэ жил хүүхдүүдэд гурван ширхэг амьсгалын аппарат авч өгсөн. Бид улс төрч, бизнесмен биш учраас хүнд зүрх сэтгэлээсээ өгч буй зүйлээ рекламдах шаардлагагүй гэж үздэг.
“Талст” fashion shop-ын маркетингийн менежер Б.Адьяадорж:
Мөнхгэрэл захирлын хүү Б.Адьяадорж түүний дотно туслах. Түүнтэй бизнесийнх нь талаар ярилцсан юм.
-Evona, Nysense брэндийг монголд нутагшуулахад та онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Таны бага нас ээжийнх нь бизнестэй салшгүй холбоотой юм шиг. Ээж чинь бараа судлалын мэргэжилтэй. Харин таны хувьд?
-“Evona” брэндийг үйлдвэрлэгчид ээжтэй найзын түвшинд харьцдаг. Эх орноо төлөөлөөд бизнес эрхэлж яваа хүмүүс тухайн орныхоо нүүр царай нь болдог. Хувь хүнийг нь хүндэтгэж харьцдаг учраас заавал түншлэлийн гэрээ шаарддаггүй. Бизнест итгэлцэл чухал байр суурьтай. Миний хувьд гурван настайгаасаа ээжийгээ дагаад наймаанд явдаг байлаа. Аливааг надад ял үүрүүлж байгаа юм шиг санадаггүй. Ээжийгээ баярлуулахын тулд, жаахан ч гэсэн тус нэмэр болохын тулд ажлыг огт голохгүй хийдэг байсан. “Хүнд аз жаргал бэлэглэвэл, өөрт аз жаргал ирнэ” гэж нэг ухаантай үг бий. Би СЭЗДС-ийн Олон улсын нягтлан бодогч бэлтгэх анхны ангид суралцаж байгаа.
-Дэлгүүрийнхээ маркетингийг хариуцдагын хувиар аль брэндээр илүү бахархдаг вэ?
-Хүний хүч хөдөлмөр, оюун ухааны хүчээр бүтсэн ямар ч брэнд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэх нь чухал. Манайхаар худалдаалагддаг матрын арьсан цүнхний брэнд Тайландынх бөгөөд маш бахархууштай эд. Энэ нь Африк болон Тайландын зэрлэг матрын арьсаар хийгдсэн, үржүүлгийн матрын арьсан бүтээгдэхүүнээс ялгаатай нь нуруу, зооны арьсан бүтээгдэхүүн. Матрын арьсан цүнх хэдийчинээ том байна төдийчинээ чанартай. Тайландын матрын арьсан цүнх үйлдвэрлэдэг нэгэн гэр бүл энэ бизнесийг эрхэлдэг юм. Нөхөр нь улсдаа нэлээд өндөр албан тушаалтай эрхэм бий. Эхнэр нь Машанэртэй Орос хүн. Тухайн брэндийг бидэнд танилцуулахдаа дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс захиалгаар хийлгэдэг тухай нь тайлбарласан. Матрын арьсан цүнх хүний үр хойчид хүртэл уламжлагдах үнэт эдлэлд тооцогддог бөгөөд удах тусмаа улам үнэд ордог. Дээд зиндааны хүмүүс матрын арьсан цүнхийг үр ачдаа хадгалж, өвлүүлэн үлдээдэг. Бэлэн хувцаснаас гэвэл Evona төгс төгөлдөр эмэгтэй хүнийг санагдуулам гайхамшигтай брэнд. Энэ намар өвлийн загварын чиг хандлага гэвэл усан будгийн аргаар сийлсэн гар хээ зонхилж байна. Evona-ийн загварууд яг тийм. Энэ бол загварын ертөнцөд нэвтэрч буй том ололт амжилт. Өнгөний хувьд эрч хүч бэлэглэгч галт шувууны шар өнгө зонхилно. Шар өнгө гэхэд 12 янз бий. Өвөл, хавар, зуны шар өнгө дотроо ялгаатай. Evona-ийн каталоги бүрийн эхэнд байгаль, цаг уур, хүний дотоод ертөнцийн уялдааг маш сайхан холбож дүрсэлсэн байдаг.
Ярилцсан Н.Энгүүн
Сэтгэгдэл ( 0 )