”Фитч” европын таван банкны чансааг буурууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 16

Олон улсын «Фитч» агентлаг хөрөнгийн зах зээл дээр байдал хүндэрч, өрийн хямрал газар авч байгаагийн улмаас еврогийн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт буурсантай холбогдуулан Европын арилжааны томоохон банкуудын зээлжих эрхийн чансааг буурууллаа.

«Фитч» Францын «Креди мютюэль», «Креди агриколь», Данийн «Данске банк», Финландын «ОП Похьёла груп», Холландын «Рабобанк»-ны чансааг бууруулжээ.

«Данске банка» болон «Креди агриколь» банкны чансааг бууруулсан нь өрийн хямралд өртсөн Европын орнуудын байдлаас шууд хамааралтай. Еврогийн бүсийн хямрал нь чансааг нь бууруулсан бусад банкуудад ч сөргөөр нөлөөлж байна» гэж «Фитч»-ийн мэдэгдэлд дурдсан байна.

Тус агентлагийн шинжээчдийн үзэж буйгаар, еврогийн бүсийн хямрал хөрөнгийн зах зээлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахад, тухайлбал, банк хоорондын ажиллагаанд саад болж, эдийн засгийн идэвхжил буурахад хүргэж байна. «Бидний урьдчилан таамаглаж буйгаар, одоогийн хямрал дахин хэсэг хугацаагаар үргэлжилнэ. Гэхдээ еврогийн бүсийг задарна гэж үзэхгүй байна» гэж «Фитч» тэмдэглэжээ.

Шинжээчдийн хэлснээр, Брюссельд болсон Европын Холбооны орнуудын удирдагчдын сүүлийн дээд хэмжээний уулзалт зах зээлийн иүгшүүртэй байдал буурахад нөлөөлөөгүй байна. «Европын эрх баригчид хямралыг даван туулах талаар шаардлагатай арга хэмжээ авч чадна гэдэгт улам бүр эргэлзэхэд хүргэж байна» гэж мэдэгдэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top