Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх үүднээс 242 лиценз цуцлагдах нөхцөл бүрдсэн. Одоо цуцлаад эхэлжээ гэж яригдаад байгаа нь ор үндэсгүй зүйл ажээ.
Өнөөдрийн байдлаар ямар ч тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа юм байна. Тэгээд ч хуулиараа нөхөн олговрыг олгосны дараа цуцлах ёстой. Харин нөхөн олговрыг тооцох зорилгоор тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторинг хийхээс бусад үйл ажиллагааг зогсоосон аж. Нөгөөтэйгүүр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсан бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор гарч болох үр дагавар, нөхөн олговорт шаардагдах хөрөнгийн хэмжээг сайтар тооцохыг Засгийн газраас даалгасны дагуу Усны болон Ойн газраас ажлын шугамаар ирүүлсэн хилийн заагийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан үзэж Ашигт малтмалын газар 2010 оны наймдугаар сарын 12-ны өдөр судалгаа гаргажээ.
Монгол банкнаас энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр банкныхаа салбарын хэмжээнд хийсэн судалгаагаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалан 322.7 тэрбум төгрөгийн зээлийг давхардсан тоогоор 70 зээлдэгчид олгосон нь тодорхой болжээ.
Тодруулбал, 139 ширхэг тусгай зөвшөөрөл барьцаанд байгаа гэсэн үг. Тэгэхээр үүнийг дагаад их хэмжээний зээлүүд барьцаагүй болж чанаргүй зээл үүсэх магадлалтайгаар барахгүй лизинг болон уул уурхайн хүнд машин механизмын гадаад худалдаатай холбоотой зээлүүдэд ч эрсдэл учирч болзошгүй байгаа тухай мэргэжилтнүүд сануулж байгаа аж. Тэгэхээр нөхөн олговрын хэмжээг эцэслэн тооцож батлуулах ажлыг ЭБЭХЯ, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн Яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол банк хамтран ажиллаж гаргах үүргийг хүлээгээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )