Нефтийн бүтээгдэхүүн, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах зөвлөл байгууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 12

Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг боловсруулжээ.

Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж, хөтөлбөрийг батлав. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм. Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.  

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм. Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна.

Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм.

Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан, хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхээр болжээ. Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог  Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top