Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл тойрогтоо ажиллалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 27


         Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцах, иргэд сонгогчидтой уулзаж УИХ-ын бодлого шийдвэр, намрын ээлжит чуулганы үр дүнг сурталчлан таниулах, санал хүсэлтийг нь сонсохоор энэ сарын 17-21-ний өдрүүд буюу өвлийн адаг сарын сүүлчийн өдрүүдэд Ховд аймгийн зарим суманд ажиллаад битүүний орой нийслэлд буцаж ирсэн юм.

            УИХ-ын дарга эхлээд Мянгад сумын Цагаан булан багийн малчин Ч.Гансүхийнд зочилж, “Алтан төлийн эзэн”-ий шагналыг нь гардуулав. Залуу малчин Гансүх өнгөрсөн онд 650 гаруй хурга бойжуулсан амжилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогоос хамтран шалгаруулдаг “Алтан төлийн эзэн”-ээр тодорчээ. Ховд аймгийн малчид өнгөрсөн онд мал сүргээ таван төрөл дээр нь 132 мянган толгойгоор өсгөж, улсын сайн малчин хоёр, тэргүүний тариаланч нэг төрсөн байна. Мөн тус аймгийн хэмжээнд 2000-аас дээш малтай зургаан малчин шинээр төрсний нэг нь Гансүхийнх юм. Түүний энэхүү баярыг хуваалцахаар аав, ээж, ах дүүс, сум, багийн удирдлагууд, туслах малчид нь тэднийд цугласан байв. УИХ-ын дарга шагнал гардуулахдаа “Хурга хишиг ихтэй байдаг юм. Зорилго, тэмүүлэлтэй, ажилсаг ийм залуу хүнд улсын сайн малчны босго ойрхон байна. Сум, баг, төрөл садныхаа нэр алдрыг улс даяар гаргана гэдэг сайхан явдал” гээд улам их амжилт гаргахыг ерөөлөө. Мөн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар нар гарын бэлэг гардуулав. Аймаг, сумын Засаг дарга нар ч шагнал гардуулж, малч удамтай залуу малчиндаа ихээхэн итгэл хүлээлгэж буйгаа хэлж байлаа.

         УИХ-ын дарга сумын төв орох зам зуураа Ташмаг хэмээх газар өвөлжиж байгаа залуу малчин С.Хүрэлчулууны сууриар орж өвөлжилтийн байдал, ахуйтай танилцаж, тэднийд цугласан ойр хавийн малчидтай яриа өрнүүлэв. Энэ жил цас багатай өнтэй сайхан өвөл болж, малын цариг хүч сайн байгаа. Мөн төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын ачаар малчдын орлого нэмэгдэн ахуй амьдрал дээшилж, мал маллах сонирхолтой залуус олширч буйг малчид хэлж байлаа.

         Тус аймгаас энэ жил 24 хүн аймгийн сайн малчин цол хүртсэний хоёр нь Мянгад сумынх юм. Залуу малчин С.Хүрэлчулуун өнгөрсөн оны тооллогоор малаа таван төрлөөр нь мянга давуулан өсгөж, аймгийн сайн малчны нэгээр шалгарчээ. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа түүнд аймгийн сайн малчны энгэрийн тэмдэг, өргөмжлөл, хүндэтгэлийн тууз гардуулж баяр хүргэв. УИХ-ын дарга болон гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, мөн сумын удирдлагууд нь залуу малчинд амжилт хүсч гарын бэлэг хүртээлээ. “Манай нутгаас тун удахгүй улсын сайн малчин төрнө. Манай энэ хоёр аваргын удамтай жинхэнэ малч хүмүүс байгаа юм” хэмээн гол усныхан нь тэдэнд итгэж явдгаа өгүүлж байв.

         УИХ-ын дарга дараа нь Мянгад сумын иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнгийн талаар танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн ч ойрын үед зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх зарим асуудал хүлээгдэж байгаа учраас би өнөөдөр захирамж гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх гуравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд хуралдуулахаар шийдвэрлэсэн. Гол нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх явдал юм. Энэ талаар намын бүлгүүд хараахан зөвшилцөж чадаагүй, саналын зөрүү байгаа учраас ээлжит бус чуулган хийхээр тогтсон гэлээ.

          УИХ-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны хамгийн том ололт нь улс орны эдийн засгийн суурь баазыг бэхжүүлэх замаар ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх боломж бүрдүүлсэн явдал гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлоод магадгүй энэ нь өнөөдөр хүмүүст тэр бүр харагдаж мэдрэгдэхгүй байгаа хэдий ч тийм суурь боломж нэгэнт бүрдсэн нь чухал ололт юм гэлээ. Мөн УИХ нийгмийн асуудлын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гаргасан, тухайлахад нийгмийн халамжийн хууль баталсан, эхчүүдийн одонгийн мөнгө, төрсний дараа үзүүлэх халамжийг нэмэгдүүлэхээр болсон, намууд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа зэргийг дурдав. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн асуудалд ихээхэн анхаарал тавьж бодлогын томоохон арга хэмжээ авсан нь зохих үр дүнгээ өгч буйг өнгөрсөн сард төвийн бүс нутгаар явах үедээ анзаарч мэдэрснээ дурдаж байлаа.

          Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулж ажиллуулсан нь улс төрийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болж, энэ үндсэн дээр сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давах, уул уурхайн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны хөгжлийн түргэтгэх бодит суурийг тавьсан, нөгөө талаар улс төрийн хүчнүүд сөргөлдөхөөс илүүтэй нэгдэж ажиллаж болдгийг харуулсан түүхэн сургамж үлдээснийг онцолсон юм.  УИХ-ын дарга эцэст нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд аймаг орон нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд санаа нэгтэйгээр хамтран ажиллаж ирснийг энэ үеэр онцолж байв.

          УИХ-ын дарга маргааш нь Буянт суманд ажиллаж сум орон нутгийн ажил, өвөлжилтийн байдалтай танилцаж, иргэд сонгогчдтой уулзав. УИХ-ын дарга энд хэлсэн үгэндээ, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн сар үлдэж байгаа хэдий ч амжуулах ажил их байна. Иймээс зайлшгүй хэлэлцэх шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг бид хойш тавихгүйгээр шийдвэрлэх болно. УИХ улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ аж амьдралын талаар бодлогын чанартай олон арга хэмжээ аьч хэрэгжүүлж байгаа хэдий ч ард иргэд сэтгэл гундуу явдаг зүйлүүд ч бас байгааг ойлгож байна. Иймээс УИХ, Засгийн газар үлдэж буй богино хугацаанд тун шаргуу, бүтээлчээр ажиллаж оллон асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ талаар саяхан Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилж бүрдүүлэх үеэр би санаа бодлоо хэлсэн. Энэ чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллах байх гэлээ. Тэрбээр цааш нь УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлогын асуудал, намрын чуулганаар баталсан зархим хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөөд сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөв. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд иргэдийн асуултад хариулт, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. УИХ-ын дарга дараа нь тус сумын тариаланч А.Үлдэрханд улсын тэргүүний тариаланчийн шагналыг нь гардуулж баяр хүргэсэн юм.

        Тэрбээр мөн өдрийн үдээс хойш Булган суманд хүрэлцэн ирж сумын удирдлагуудтай уулзан цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдалтай танилцав. Зудны жил малынхаа талыг алдаж байсан энэ сумынхан сүүлийн хоёр жилд хичээж ажилласнаар өнгөрсөн онд 140 гаруй мянган толгой мал тоолуулж аймагтаа гуравт шалгарчээ. Мөн гадны хөрөнгө оруулалтыг хамгийн их татаж чадсан сумаар шалгарсан байна. Тус сум санхүүгийн хувьд бие дааж өөрийгөө хангаад зогсохгүй зөвхөн өнгөрсөн онд  л гэхэд төсвийн орлогын төлөвлөгөөг 70 гаруй сая төгрөгөөр давуулжээ. Булган голын үржил шимтэй сав нутгаа түшиглэн тариалан хөгжүүлж өнгөрсөн онд 172 тонн үр тариа, 800 гаруй тонн төмс, хүнсний ногоо, 20 гаруй тонн жимс, жимсгэнэ хурааж авсан энэ сумынхан цаашдаа жижиг дунд үйлдвэр байгуулах замаар мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээ боловсруулах, дотооддоо бизнес орчныг сайжруулах зорилт тавьж 20 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа УИХ-ын даргад танилцуулж байв. 

       УИХ-ын дарга дараа нь Булган голын хөвөө Дунд гол гэдэг газар хаваржиж байгаа тус сумын Д.Даваагийн суурьт зочилж улсын сайн малчны шагналыг нь гардуулсан юм. Дөнгөж 37 настай энэ залуу малчин оны эцсээр 1800 гаруй толгой мал тооллуулсан, таван хошуу малын захтай, гэхдээ хонь, тэмээ хоёр зуд даах тэсвэртэй, зах зээлд ч ашигтай мал юм. Тиймээс хонио түлхүү өсгөж хээлтэгч малын тоог нэмэгдүүлэх бодолтой явдаг тухайгаа УИХ-ын даргад танилцуулж байв. Засгийн газар энэ жилээс сайн малчдаа урамшуулахад ихээхэн анхаарч салбарын яамдын урамшууллыг олгодог болсноо гардуулж өгөв. Тухайлахад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар улсын сайн малчинд зөвлөх малчны үнэмлэх, Эрүүл мэндийн яамнаас гэр бүлийн хамт эмнэлгийн бүрэн шинжилгээнд нэг удаа үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг, Гадаад харилцааны яамнаас гадаадад үнэгүй зорчих эрхийн бичиг олгодог болсон нь малчдын урмыг сэргээсэн үр өгөөжтэй ажил болжээ.

        УИХ-ын дарга дараа нь сумын соёлын төвд иргэд сонгогчидтой уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аас хөдөөгийн хөгжлийн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнгийн талаар танилцуулж, санал, хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариу өгч байлаа. Ер нь УИХ-ын даргын иргэдтэй хийсэн уулзалт бүр 2-3 цаг үргэлжилж, иргэд улс, аймаг, орон нутгийн холбогдолтой асуудлаа илэн далангүй ярьж хэлж санаа бодлоо хуваалцаж байв. Гэхдээ хөдөөгийнхөн маань хувийн амьдралтай холбоотой аар саар зүйлээ тоочиж тус дэмжлэг гуйх  биш нийтэд ашиг тустай, үр өгөөжтэй ажил хэрэгч санал санаачлага гаргадаг болсон нь ажиглагдаж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч энэ бүхэнд тун анхааралтай хандаж, иргэдийн санал хүсэлтийг аль болохоор шийдэхийг хичээж байсан юм.

        УИХ-ын дарга дараагийн өдрүүдэд Үенч, Алтай, Манхан суманд ажиллаж, очсон сум бүртээ иргэдтэй уулзаж, уулзалтууд ч бас 2-3 цаг үргэлжилж, олон хүн төр, засагтаа үгээ хүргэхийг хичээж санаа бодлоо хэлж байлаа. Мөн Үенч сум дахь хилийн цэргийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж төрөөс зэвсэгт хүчин, хил хамгаалах салбарын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Хэдийгээр хилийн зөрчил жил бүр буурч байгаа ч олон улсын боомттой болсноор зорчигсдын тоо ихээхэн өсч байгаа аж. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар л гэхэд Булганы хилийн шалган нэвтрүүлэхээр 16 улсын 77969 зорчигч, 14580 тээврийг хэрэгсэл нэвтэрсэн байна. Иймээс Ярантын олон улсын боомтоор аль ч улсын зорчиг нэвтрэх боломжтой болсон тул хилийн анги салбарын төсөв санхүүгийн хуваарилалт, боловсон хүчин, техник хангамжид тусгайлсан бодлого барьж ажиллах нь чухал байгааг аймгийн удирдлагууд уулзалтад оролцсон Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Буянжаваас хүсч байв.     

         Ховд аймаг хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд улсад тэргүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээ аймгуудын дунджаас бараг гурав дахин илүү байгаа. Өнгөрсөн онд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус аймагт хийгдсэн бол энэ жил дахиад мөн хэмжээний бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Үүнийн 42 тэрбум нь замын ажилд зарцуулагдана. Зам дагаж хөгжил ирэх учраас энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа юм гэдгийг УИХ-ын дарга сумдын иргэдтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Мөн багийн төвийг тохижуулах, эрчим хүчний шугамд холбох, тэр дундаа багийн холбооны байнгын найдвартай ажиллагааг хангах үүднээс 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг хөдөөгийн иргэдэд дуулгасан юм.     

       УИХ-ын дарга аймгийн төв орох замдаа Манхан сумын Улаан хүрээ багийн ахмад малчин Ө.Сэсээр гуайн сууриар орж улсын сайн малчны шагналыг нь гардуулж баяр хүргэсэн юм. Их өтөг хэмээх налгар бууцанд хаваржиж буй Сэсээр гуай тавиад жил мал малласны хишиг буянаар 70 насандаа улсын сайн малчны алдар хүртэж буй аж. Эднийх өнгөрсөн онд 1200 гаруй төл байжуулж, эх малын тоог мянгаас давуулжээ. Бас багахан газрыг хашиж хамгаалан усалгаатай тариалан эрхэлснээр жилд 30-40 тонн хадлан бэлтгэж авдаг байна. Олон айлыг малжуулах, сумынхаа төсвийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, залуу малчдыг мал маллагааны арга ухаанд сургахад ихээхэн зүтгэлтэй ажилладаг үлгэр дууриалтай ахмад буурал хэмээн сум, багийн удирдлагууд нь Сэсээр гуайд ам сайтай байдаг аж.

       Ер Манханыхны хувьд энэ жил ажлын бахдам амжилттай, шагналын хуртай сайхан жил гарч буйд нутгийн олон баяр хөөртэй байлаа. Учир нь тус сум өнгөрсөн оны ажлаар аймагтаа тэргүүлж өргөмжлөл, гурван сая төгрөгийн шагнал хүртсэн  бол улсын сайн малчин төрүүлсэн Улаан хүрээ баг аймгийнхаа 91 багаас гуравдугаар байрт, бас энэ багийн иргэдийн Нийтийн хурал аймагтаа тэргүүлжээ. Мөн сумын хүний эмнэлэг, сургууль, соёлын төв зэрэг байгууллагууд ч аймагтаа тэргүүлсэн байна.

        УИХ-ын дарга Д.Дэмбэрэл битүүний өдрийн үдээс өмнө Жаргалант сумын ногоочин С.Лхагважавт улсын тэргүүний тариаланчийн шагналыг нь гардуулсан юм. Тэрбээр аймгийнхаа авто засварын заводод токарчноор 27 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарснаас хойш газар тариалан эрхлэх болсон аж. Эднийх арав гаруй төрлийн хүнсний ногоо тариалж, жилд 70-100 тонн ургац авдаг байна. Гаднаас үр  хайхгүйгээр өөрсдөө үрийн нөөцөө базааж авдаг аж. Эдний тариалдаг шар хальст сонгино, ягаан хальст саримс нутгийн брэнд бүтээгдэхүүн болсон агаад удахгүй Япон улсад нээгдэх олон улсын үзэсгэлэнд оролцох эрх авсан байна. Төмс, хүнсний ногоогоор аймгийнхаа зах зээлийг хангаад зогсохгүй 2001 оноос өргөст хэмхээ даршилж лаазалж худалддаг болсон нь эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсныг УИХ-ын дарга сайшаагаад шар хальст сонгино, ягаан хальст саримсаа Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн болгож бусад газарт нэвтрүүлэхийг зөвлөлөө.

         УИХ-ын дарга дараа нь Ховд аймаг дахь Багшийн их сургуулийн багш, оюутнуудтай уулзаж төрөөс боловсролын салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, УИХ-аар хэлэлцэж байгаа Боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулав. УИХ-ын дарга энд хэлсэн үгэндээ, Ховдчууд угаас оюунлаг ард түмэн. Энэ нэр хүндээ улам бататгах үүднээс бид “Оюунлаг Ховд” хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Хүнээ сургана, өөрчилнө гэдэг өнөөгийн нөхцөлд том зорилт. Эдийн засгийн өсөлт, уул уурхайн баялгаараа Монгол Улс дэлхийн тэргүүлэх орон болох гэж байна гэж бид их ярьцгаадаг. Эсвэл ядуурал, ажилгүйдэл их байна гэцгээдэг. Харин хүний талаар, оюуны бүтээлч хүчний талаар ярих нь тун хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдсан тус их сургуулийн газар зүйн тэнхмийн ахмад багш Ч.Дашзэвэгт гавьяатын цол, тэмдгийг нь энэ үеэр гардуулж баяр хүргэсэн юм. Мөн зарим багшийг салбарын яамны шагналаар шагнасныг уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, тус их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Бямбацогт болон аймгийн удирдлагууд гардуулав.

        УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь аймгийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд, төрийн албан хаагчидтай уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн байдал, УИХ-ын намрын ээлжит чуулганы үр дүн, цаашдын зорилтын талаар товч мэдээлэл хийгээд битүүний орой Улаанбаатарт буцаж ирсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top