Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг Оросын тал заналхийлсэн үү

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 28

Монгол Улс ардчилсан нийгэмд  хөл тавьсан 1990 оноос хойд хөрш социализмын үед өгсөн шилжих рублийн зээлийн өрөө нэхэж эхэлсэн билээ. 2002 оны гуравдугаар сарын сүүлээр тухайн үеийн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Касьянов Монголд ирэхдээ өр байдаг гэдгийг үнэн бодит гэдгийг нь нотлоод дааж давшгүй мөнгөний тоо хэлчихээд явсан юм.  Харин 2003 оны он солигдохын өмнөхөн  Оросын тал манай их өрийг тэглэчихлээ гэсэн мэдээ Москвагаас ирж,  2004 оны эхний сар их өр тэглэсний баярын хурал, концертоор бялхаж өнгөрсөн гэхэд болно.  Хэдэн тэрбум ам.доллараар тоологдох их өрийн 98 хувийг Оросын тал тэглэж, үлдсэн 100 гаруй сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар өр зээл тавин байж тэр даруйд нь барагдуулсан хэмээн иргэддээ ухуулсан юмдаг.  2005 оноос хойш их өрийг мартагнах тийш болж байтал ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын ялалтын 70 жилийн ойд оролцохоор ирэхдээ их өрийн үлдэгдэл болох Монголросцветметтэй холбоотой 180 сая ам.долларыг нэхэж манай дарга нарыг шоконд оруулсан удаатай. Энэ бүх их өрийг тэглэхэд  экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ сарын 3,4-нд   Оросын ерөнхийлөгчийн сонгууль болно.  Оросын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Владимир Путиныг эсэргүүцэгчид түүнийг  Монгол улсын экс ерөнхийлөгч Н.Энхбаяртай нэгдэн  Монгол улсын Оросод   төлөх ёстой их өрийн 98 хувийг  тэглэсэн тул хариуцлага тооцох ёстой гэдэг зүйл гаргаж ирээд байгаа гэх.   Оросын Төрийн Думын гишүүний амнаас ийм үг дуулдсан  гэж эх сурвалж мэдээллээ. Одоо үлдсэн хоёр хувь өрийн асуудлыг яаж шийдвэл Орост  ашигтай байх талаар хойд хөрш   толгойгоо гашилгаж суугаа бололтой.   Их өрийн асуудлаар экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг Оросын талаас  заналхийллээ гэсэн яриа ч дуулдах боллоо.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top