ТӨХ-ны дарга Д.Сугар: “Таван толгойн нэг ширхэг хувьцаа 1000 төгрөг орчмоос эхэлнэ”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын Олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагыг Zindaa.mn сайт ТӨХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь нийтэлж байна. Энэхүү ярилцлагад “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх талаар болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдаж байна.

-Иргэдэд олгох хувьцаа болоод компаниудад худалдах хувьцааны нэрлэсэн үнэ тун удахгүй тодорхой болно гэсэн.  Энэ тодорхой болсон уу?
-Тэгэхээр  иргэдэд хуваарилах, аж ахуйн нэгжүүдэд худалдах энэ хувьцааны техникийн бэлтгэл ажлыг манай байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хангаж дууслаа. Удахгүй нэрлэсэн үнийг зарлана.  Өнөөдөр Монголын 2,785,969 хүнд энэ хувьцааг хуваарилахад бэлэн боллоо. Нэг хүнд 536 ширхэг  хувьцаа оногдох юм байна. 53336 үндэсний аж ахуйн нэгжид, нэг аж ахуйн нэгжид 28123 хувьцаа оногдож байгаа юм.  Ингээд бусад зүйлийг  зарлахад  ч техникийн хувьд бэлэн байна. Гэхдээ Засгийн газар хуралдаж төр засгийн албан ёсны шийдвэр гараагүй байгаа учраас олон юм шууд хэлж чадашгүй. Хувьцааны үнийг олон вариантаар гаргачихсан байгаа. Ямар ч байсан урьдчилаад өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ярихад 300-гаас 1000 төгрөгний хооронд хувьцааны нэрлэсэн үнэ тогтоно.  Яг алин дээр нь тогтохыг Засгийн газрын хэмжээнд шүүж хэлэлцэж байгаад албан ёсны шийдвэр гарна.
-Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа  жижиг Тавантолгой компанийн хувьцаа нэг сая төгрөг гарсан. Тэгэхээр яг ийм байдлаар “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцаа борлуулагдах боломж байнаа гэж үзэж болох уу?
-Үнэхээр тав дахь өдрийн хаалтын ханшаар  нэг сая 53 мянга  хүрсэн байна лээ. Энэнээс урьд нь сая 300, 400 мянга хүрсэн удаа бий. Тэгэхээр Монголын нэг аж ахуйн нэгжийн хувьцаа өндөр үнэ хүрч байгаад би гомдож эмзэглэх юм алга. Гэхдээ манай гаргах гэж байгаа хувьцаа ийм үнэ хүрэх үү гэдэгт нэлээн бодох шаардлагатай байна. Өнөөдрийн мэдээгээр МСS, Энержи ресурсын  хувьцаа Гонконгийн хөрөнгийн зах зээл дээр 9 доллар 55 цент, гонконг доллар шүү.  Америк доллараар бол нэг доллар 20, 30 цент гэсэн үг. Тэрүүгээр борлогдож, арван доллар дөнгөж гараад хаагдсан байна лээ. Энэ бол яг манайтай төстэй замаар яваад тэрүүгээр эргэлдэж байгаа бодитой дүн. Тавантолгойнх яагаад тийм өндөр гараад байгаа вэ гэдгийг сонирхож судлах шаардлагатай байх. “Тавантолгой” ХК-ийн хувьд миний эрхэлдэг ажлаас өөр компани байгаа учраас би нэг их анхаарал хандуулсангүй. Гэхдээ нэг анзаарагдсан зүйл бол нэг удаагийн арилжаагаар цөөхөн хувьцаа арилжаалагдсан байна лээ. Зарим өдөр тав, зарим өдөр хоёр, хамгийн их нь 20, 30. Тэгэхээр юунаас болж ийм өндөр үнэтэй байгааг судлах хэрэгтэй. Гэхдээ мянга орчим төгрөгөөр авсан хувьцаа шууд л сая хүрчихнэ гэж бас хүлээж авч болохгүй.  Бодит байдлаас харвал  тийм  боломж бага. Тэгэхээр МCS-ийн хувьцаагаар баримжаалж явахад буруудахгүй байх, тухайн нөхцөл байдал, цаг  хугацаа олон юмнаас энэ хувьцааны үнэ тогтдог. Миний хувьд бол манай хувьцаа  буюу Эрдэнэс Тавантолгойн хувьцаа олон улсын зах зээл дээр сайн үнэ хүрнэ ээ, гэхдээ сая хүрэх нь юу юм. Юу ч л гэсэн доллар  гарах байх, хэд ч байдаг юм, аз байвал арав дахин өснө гэж би хэлчихсэн удаа бий.  Тэрүүгээр баримжаалаад ийм болох юм байна гэж шууд ойлгочихож бас болохгүй. Олон талаас харгалзсан үнэлгээгээр юу ч л гэсэн нэрлэсэн үнэ чинь өснө. Тэрнээс доош орно гэж байхгүй. MCS-ээс багцаалж болно, тэр багцаа л  явах  байх, ингэх нь зүйтэй байх аа гэж зөвлөгөө өгөх байнаа.
-УИХ-аас энэ Тавантолгойн ордыг хуваахгүй гэсэн шийдвэр гаргачихсан. Гэтэл одоо Баруун Цанхи, Зүүн Цанхи гээд хоёр хэсэг болж хуваагдах нь ээ дээ?
-Энэ  асуудал олон улсуудын сэтгэл санааг зовоож байгаа. Тэр нь ч зөв.  Яагаад гэвэл үүнийг хэр зөв зохион байгуулснаас улсын хөгжил шалтгаална. Тэр байтугай түрүүн бид хоёр хөндөөд орхилоо. Хувь хүний сайн сайхан  амьдрах нь шалтгаалах учраас санаа зовж байгааг  ойлгож байна. Засгийн газрын түвшинд ч ийм л нэгдмэл ойлголттой байгаа. Тэрийг хуваагаад, салгаад хэн нэгэн нь ашиг олох гээд байгаа юм байхгүй, энэ талаар санаа зовох хэрэггүй.  Би төрийн албан хаагч. Ард түмэндээ жинхэнэ  үнэн тайлбар хэлж байх ёстой. Яагаад жаахан будилаад байгаа юм гэхээр үүнтэй холбоотой юм болов уу даа.  Нэгдүгээрт, лиценз хуваагдахгүй, ердөө л “Эрдэнэс Таван Толгой” ХК дээр байж байна. Энэ хэзээ ч эндээс салахгүй, 100 хувь. Хоёрдугаарт, хувьцаа гаргах, энэ чинь зөвхөн Зүүн Цанхи дээр биш, Баруун Цанхи дээр биш, хоёулангийг нийлүүлчихсэн, дахиад   нэмэх талбай дээр нийлүүлчихсэн, ерөөсөө “Таван Толгой”-н орд дээр байж байгаа хувьцаа. Энэ бол нэгдмэл юм. Мөнхийн нэгдмэл гэж ойлгож болно. Миний мэдэлд байгаа Тавантолгойн баялгийг би хоёр хувааж ашиглаж байгаа юм. Нэгэнд  нь “Эрдэнэс Таван Толгой” ХК өөрөө ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ ухах оператор компаниар дэлхийд  туршлагатай сайн компани  авчираад тэр компаниараа  ухуулаад харин “Эрдэнэс Таван Толгой”  компани маань  өөрөө тээвэрлээд, өөрөө борлуулаад, өөрөө ашгаа хуваарилна. Тэр ухсан компанид зөвхөн ажлын хөлс өгнө. Энэ бол илүү ойлгомжтой байгаа.  Нөгөө дээр нь стратегийн хөрөнгө оруулагч гэсэн компанид  шалгаруулалт оруулаад ялсан компани консорциумыг энд оруулна. Тэрэн дээр зохицуулалтын жаахан ялгаа бии. Стратегийн хөрөнгө оруулагч өөрөө ухаад, өөрөө борлуулаад, тэгээд хэд хэдэн чиглэлээр Монголын Засгийн газартай харилцах юм.  Засгийн газарт татвараа өгнө.  Дээр нь роялтыгаа өгнө. Эрдэнэс Таван Толгойтой ямар хамаатай юм гэхээр Эрдэнэс Таван Толгойд гэрээгээр тохирсон мөнгө  буюу  ашгийнхаа зохих хэсгийг өгнө. Тэгэхээр Эрдэнэс Таван Толгой бүгдийг  нь эзэмшиж байгаа, энийгээ хоёр хуваагаад  хоёр өөр хэлбэрээр  ашиглаж байна.  Мэдээж стратегийн хөрөнгө оруулагчид үлдэж байгаа ашиг нь их байна. Яагаад гэвэл тэд нар чинь өөрсдөө борлуулалт энээ тэрээгээ хариуцаж байгаа учраас. Үүн дээр нэг л чухал асуудал  яригдаж байгаа.  Ингээд  энэ хоёр,  хоёр тийшээгээ салаад явчих юм байхгүй. Хоорондоо зохицсон нэгдсэн нэг дэд бүтэцтэй,  замтай,  цахилгаан станцтай байна. Хоёрдугаарт,  уулын ажлын төлөвлөгөө гэж нарийн юм байдаг юм байна, мэргэжлийн улсын.   Тэгэхгүй бол нэг нь нэгнийхээ замыг хаагаад ч юмуу, нэг нь нөгөөдөхдөө орж болохгүй болдог. Энэ бол  МУ-ын  Засгийн газрын баталж өгсөн уулын ажил, нэгдсэн төлөвлөгөөгөөр явна. Хэр олборлолт явуулж байгаа, баруун дээр нь хэн байна, зүүн дээр нь хэн байна, нэгдсэн дүнгээс харгалзаж манай олон улсын зах зээл дээр борлуулж байгаа хувьцааны үнэ үүнээс  шалтгаална. Тийм учраас дахин дахин хэлье. УИХ-ын шийдвэрийн дагуу л явж байгаа, Тавантолгойгоо хуваачихсан, салгачихсан, энд тэнд янз бүрийн байдлаар гадныханд хуваагаад өгчихсөн юм  байхгүй гэдгийг би хэлэхийг хүсч байна.
-Стратегийн хөрөнгө оруулагчаар 15 компани шалгараад үлдчихсэн байгаа.  Тэд нартай чинь яаж хуваах юм гэдэг асуудал сонин санагдаад байх юм?
-Тэд нартай хуваах юм байхгүй. Ашиглалтын хэлбэр өөр. Тэр 15 чинь цөөхөн болчихсон, зургаан компани үлдчихсэн байгаа. Зургаан компани консорциумаас эсвэл нэгийг  нь, эсвэл  эд нарыг хооронд нь бас нийлүүлээд консорциумын  консорциумыг шалгаруулаад түрүүний стратегийн хөрөнгө оруулалтын талбайг  цанхийн баруун хэсэгт оруулчих юм. Тэгээд л тэд нараар ухуулаад, тэд нар борлуулалтаа хийнэ. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энд хамгийн том компаниуд ороод ирчихсэн учраас хамгийн тэргүүний технологи орж ирнэ.  Ер нь  уурхайн аюулгүйн байдал гэж чухал юм байдаг. Хажууд  нь ийм байдлаар  борлуулалтаа зохион байгуулж байгааг  манай зүүн хэсгийнхэн хараад бас тэрэн дээр чинь суралцаад явна. Ийм хоёр хэлбэрээр ашиглаж байгаа болохоос биш хуваагаад, тасдаад өгчихсөн юм байхгүй. Тэр 15-аас чинь нэг субъект үлдэнэ. Зүүн хэсэгт нь оператор гээд байгаа зөвхөн ухаад нүүрсээ Тавантолгойд өгөх бас нэг компани шалгарна.  Үүнд гурван компани өрсөлдөж байгаа.  Ингээд хоёр зэрэг үйл ажиллагаа явуулна. Хоорондоо нэгдсэн бодлоготой, зохицуулалттай. Стратегийн хөрөнгө оруулагчид нарт  бид нар ухахаас гадна олон даалгавар өгч байгаа.  Манай баталж байгаа маршрутаар Монголд коксын үйлдвэр барь, кокс химийн  үйлдвэр хөгжүүл, бүр цаашилбал гангийн үйлдвэр барь, коксоосоо гаргадаг юмуу, юунаасаа гаргадаг юм нүүрснээсээ шингэн түлш гарга, төмөр зам барь гэсэн шаардлагуудыг тавьж байгаа.  Ийм шаардлагыг хангасан  компанийг бид нар оруулна. Хооронд нь өрсөлдүүлж Монголд ашигтай байдлыг нэмэгдүүлэх, дараа нь энэ олон компаниудын тэргүүний технологиос монголчууд өөрсдөө суралцах ийм л шинжтэй зохион байгуулалтын ажил явагдаж байгаа.
-Яахав  хоёр цанхи болгоод хуваагаад байна гэж боддогийн учир бол зарим хүмүүсийн ярьж байгаагаар нөөцийн асуудалтай  холбогдоод байх шиг байна. Нөөц  дээр маргаан байна уу? Ялангуяа манай ахмад геологичид өнөөдөр тодорхойлоод байгаа нөөцийг энэ яг үнэн үү, энэ биш юм биш үү гэсэн санал дэвшүүлээд байгаа. Таны бодол?
-Ахмад геологичид, эрдэмтдийнхээ саналыг сонссон. Үнэхээр чухал хэрэгтэй, хэрэгцээтэй юм хэлдэг.  Бид нар дахиад ч үгийг  нь сонсож, туршлагыг нь ашиглана. Энд бид нарын маргаад байгаа юм яваандаа нийлэх юм билээ. Яагаад гэвэл 70, 80-аад оноос өгсүүлээд 90 хэдэн он хүртэл Оросын том институтууд энэ үнэлгээнүүдийг маш нарийн, тэр үеийн зарчимч шаардлагын дагуу гаргасан . Үүнд  тэр үеийн мундаг улсууд оролцсон нь үнэн. Хоёрдугаарт, энийг чинь хөгжүүлээд  цааш нь зөндөө олон шатанд Норвесть гээд   барууны компани,  бас BH Billiton хүртэл лиценз эзэмшиж байгаад  шинээр тооцоолж шинэчилж үнэлээд урьдчилсан тооцоо гаргасан. Одоо Норвестэд жинхэнэ өнөөдрийн үнэлгээ хийж байна. Жорк гэдэг барууны стандартаар батлагдаад олон нийтэд зарлагдана.  Яагаад маргаан үүсэж байгаа юм гэхээр ний нуугүй хэлэхэд бие биенээ дутуудуулж  ойлголцсон юм ч байгаа. Тэр олон үнэлгээг бие даасан шинжлэх ухааны  салбар их нарийн хийдэг. Жишээлбэл, энэ уурхайг 300 метр гүнзгий ухахад төчнөөн нөөцтэй гээд нэг нөөцийн тоо гараад ирнэ. Доош нь 700 болгоод ухахад ямар нөөц илрэх вэ гээд нэг асуудал. Км хүртэл доошлуулах юм бол хэд байхав гээд нэг асуудал. Дараа нь яг хөдөлгөөнгүй батлагдчихсан нөөц гээд нэг тоо байгаа. A, B, C гээд мэргэжлийн улсуудын мэддэг янз бүрийн юмаар тогтчихсон, дээр нь нэмэлт хайгуул хийхээр хэд болохов гээд л. Тэгээд ресорс, резерв  л гэнэ янз бүрээр үнэлдэг юм байна. Тэгж үнэлэхээр үнэлгээгээр  янз бүрийн тоонууд гарна.  Ингээд маргадаг юм билээ. Тэгээд бид хатуу ярилцаж тогтсон. Эд нарынхаа саналыг авна, тэгээд манай бүх тоонууд нийлээд эрдэс баялгийн зөвлөл дээр энэ уурхай ажиллах ТЭЗҮ гэдэг юм удахгүй батлагдана. Энэ ТЭЗҮ батлагдахаар маргаад  байх зүйлгүй болж,  бүх юм хөдөлгөөнгүй батлагдаад тэр ТЭЗҮ-гийн дагуу олборлолтын, ашиглалтын үйл ажиллагаа явуулна. Өмнө нь янз бүрийн тоонд эргэлзэх, бие биенээсээ асуух, маргах үндэслэл байсан. Энэ удахгүй алга болно. Тэгээд энэ дахин  шинэчлэгдэж, жоркоор батлагдаад аудитаар үнэлэгдээд олон нийтэд зарна. Энэ бол санаа зовоох асуудал, гэхдээ хамгийн гол асуудал бишээ гэж бодож байна. Яагаад би жорк яриад байгаа юм гэхээр нөгөө хувьцаатай чинь холбоотой. Өөрийнхөө эрдэмтдийг голоод байгаа юм биш.  Олон улсын хөрөнгө оруулалтын банк  зөвхөн жоркоор үнэлэгдчихсэн тэр банкнуудын баталгаа гарчихсан юмыг үнэлж хөрөнгөө оруулдаг учраас бид нар энийг ашиглахаас арга байхгүй.  Ашиглалт, олборлолт дээр бол өөр асуудал.
-Заавал яагаад гадаад захирал,  гадаад компанийн тухай яриад байгаа юм бэ гэж хүмүүс асуугаад байх юм?
-Би монгол хүн. Өвөрхангай аймгийн гаралтай.  Миний чин хүсэл бол бүх ажлыг монголчууд эхлээсэй, эндээс олдог гардаг бүх ашиг Монголдоо үлдээсэй, Монголын боловсон хүчин хөгжиж, энэ мэдлэгээрээ дэлхийд өрсөлдөөсэй гэж бодож байгаа. Хоёрдугаарт, энэ цаг холгүй. Холгүй холгүйдээ тав арван жилийн доторхи асуудал.  Одоо түрүүчийн Монголын мэргэжилтнүүд гараад ирлээ. MCS дээр ажиллаж, тэр том уурхайг авч яваа инженерүүд, механикууд, мэргэжилтнүүдийг бид доош нь хийж ерөөсөө болохгүй.  Нэг чухал асуудал байгаа юм. Сүүлд нь бид нар хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргана. Хувьцааг гаргахад хамгийн их харгалзах зүйл бол монголчууд жилд хичнээн тонн нүүрс гаргаж чадаж байгаа юм, тэр нь жилд яаж өсөж байгаа болоод  дэлхийн аль зах зээлд хүрч  байгаа юм, тэр уурхайгаа хэр чадварлаг эрхэлж чадаж байна  гэдэгтэй холбоотой. Засгийн газраас  эхлээд энэ уурхайг толгойлох хүнийг олон улсын нээлттэй тендер зарлаад дэлхийн  хөрөнгийн зах зээл дээр ажиллаж үзсэн, ийм хэмжээний уурхай эрхэлж хөтөлж байсан тийм хүн тавьчихвал Монголын энэ уурхайг тийм мундаг хүн удирдаж байгаа юм байна гээд манай үнэт цаас, хувьцааны өсөлтөнд  нөлөөлнө  гэж үзээд  тийм албан ёсны шийдвэр гарсан юм. Шалгаруулах ажил дуусаж байна. Хүнээ томилоогүй л байгаа.  Монгол хүн, Энэбиш гэдэг захирал энэ үүргийг гүйцэтгээд явж байгаа. Энэ явцыг Засгийн газарт танилцуулна. Тэгээд алин дээр нь тогтох вэ гэдгийг тэр үед нь шийднэ. Үнэхээр энэ уурхай дээр дэлхийд нэртэй тийм компани олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, дэлхийд нэртэй тийм хүн менежментийн ажлыг нь удирдаж байгаа юм байна, дэлхийд нэртэй тийм компани аудитыг нь хийж байгаа юм байна гэвэл шууд манай хувьцааны борлуулалт, бусад олон юманд нөлөөлөх гээд байгаа юмаа. Тэрэнтэй л холбоотой асуудал. Энэ цаг хугацааны л хэрэг  шүү дээ. Тийм туршлагатай мундаг хүнтэй  монгол инженерүүд хамт ажиллаад гурав юм уу таван жилийн дараа уурхайг  цааш аваад явахад ерөөсөө эргэлзэх юм алга. Тийм зорилгоор тавигдсан асуудал. Үүнийг дутуу ойлгодог юмуу, зориуд гуйвуулдаг юмуу гадаад хүнд өгчихлөө гээд ярих юм. Өгчихсөн юм байхгүй. Энэн дээрх бид нарын хохирол бол үнэхээр илүү цалин төлж байгаа. Тэр бол компанийн ашгаас олох ийм л асуудал байгаа. Энэ ажлыг  эхлэж, нэр хүндийг өндөр байлгахад ийм шаардлага байсан юм болов уу гэсэн үндсэн дээр холбогдож  гарсан шийдвэр. Өнөөдөр ч өөрчилж болно. Гэхдээ  зохицуулаад л цаашаа явна.
-Ингэхэд хичнээн төрлийн тендер зарлагдаад байна аа. Оператор л гэнэ, стратегийн хөрөнгө оруулагч л гэнэ, стратегийн зөвлөх  гэнэ. Тэгээд тэр тендерүүдийн шалгаруулалт одоо яг ямар шатандаа, юу юу тодорчихов оо?
-Нээрэн л бид нар янз бүрийн тендэр зарлахаар хүмүүсийн толгой эргэж байж магад. Би ялгаж салгаж хэлэхийг бодъё. Гурван төрлийн, ерөнхий захиралтай бол дөрвөн төрлийн тендер. Одоогоор нэг тендер зарлагдаж дуусаад ажилдаа орчихлоо. Тэр  бол Эрдэнэс Таван Толгой гэдэг орд дээр байгуулагдсан компанийн хувьцааг гаргах   болон бусад  ажлыг боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргах компанийн асуудал.  Дэлхийн туршлагаар бол дэлхийн том хөрөнгө оруулалтын банкууд тэрийг хийдэг юм байна. Тэр том хөрөнгө оруулалтын банкууд өөрөө зохион байгуулаад, энэний хувьцааг өөрөө хариуцаж борлуулаад, тэгээд бусад улсуудад энийг би дааж байгаа учраас энэ хувьцаа баталгаатай энийг ав гэж зарладаг тийм компани. Тэгэхээр хөрөнгө оруулалтын банк ч гэж нэрлээд, IPO хийх зөвлөх банк ч гэж нэрлээд байгаа энэ тендер зарлаад дуусчихсан байгаа. Дойче банк,  Голдман сакс,  Би Эн Пи Пайриба,  Макувейр гэсэн дөрвөн банк шалгарсан. Хоёр дахь тендерийн асуудал нь цанхийн баруун хэсэг дээр нь зарлаад байгаа стратегийн хөрөнгө оруулагчийн компани 15 ирээд одоо зургаа үлдчихээд байна. Энэ зургаагаас нэг консорциум юмуу, эсвэл энэ консорциум дахиж нэгдээд консорциумын  консерциум шалгараад  дуусах юм. Бид нар ч өдөр шөнөгүй тэрэн дээр сууж байна. Эхний шат дууссан. Бүх компаниудаас саналыг  нь сонссон, анализаа хийгээд  ид ажиллаж байгаа. Одоо долоо хоногийн дараа бүгдийг  нь дуудаад хоёр дахь шатныхаа хэлэлцээрт ороод гурав дахь шаттай байх юмуу,  тэгээд шалгаруулаад  стратегийн хөрөнгө оруулагч шалгарчихна. Үүн дээр зүгээр суусан, эсвэл  яахаа мэдэхээ байчихсан улсууд, хэн  нэгэнтэй нь хуйвалдах гээд хойшлуулаад байгаа юм юу ч байхгүй. Яг номоороо яваа. Гурав дахь нь зүүн хэсэг. Өөрөө ашиглах компани дээр нүүрс ухаж өгөх компанийн тендер. Бас гурван компани материалаа ирүүлээд байгаа тэрийг нь дүгнээд бараг манай санал бэлэн болж байна.  Засгийн газарт танилцуулаад нэгийг  нь сонгоод л ажилдаа орно. Бид  аль болохоор ажлаа урагш нь ахиулж, дэд бүтцээ барьчихсан, эсвэл бариад эхэлчихсэн, цахилгаан станцынхаа асуудлыг шийдчихсэн, нүүрс боох үйлдвэрээ бариад эхэлчихсэн, төмөр замаа шийдчихсэн байх юм бол тэр тусмаа манай ажил хурдан явна, манай хувьцаа  ч  үнэд хүрэх юм.   Тэгэхээр түрүүний хоёр компаниудын чинь стратегийн хөрөнгө оруулагч нь бид нарт төмөр зам барихад туслах юм, нүүрс боох үйлдвэр барихад асуудлыг шийдэх юм, нөгөө нүүрсээ цааш нь боловсруулах кокс юмуу, гангийн үйлдвэр барихад туслах юм. Манай өөрийн хэсэг дээр ч гэсэн олборлолтоо хийхэд борлуулалтаас эхлэнэ.  Борлуулалт нь өсч байвал хувьцаа улам нэмэгддэг.  Нэг ийм моментын асуудал байна. Энэ ажлуудыг хурдан бүгдийг  нь зэрэг эхлүүлчихнэ. Гэтэл хувьцаагаа бэлдэж олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах ажил бол долоо хоногт, хоёр сард, гурван сард бүтдэг ажил биш. Дэлхийн дунджаар  үүнд бэлдэхэд  жил зургаан сараас хоёр жил зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, нөгөө дөрвөн банкны хийх ажил. Дөрвөн банк ажилдаа орчихсон. Дараагийн долоо хоногт над дээр ирж төлөвлөгөөгөө танилцуулна. Тэгэхээр нэг хагас жил юмуу, хоёр жил бид нар хүлээж чадахгүй ээ, үүнийг энэ 2011 ондоо багтааж хийж өгөөч ээ гэж бид хүсэлтээ тавьчихсан байгаа. Тэд нар энэ онд  багтаах төлөвлөгөөгөө одоо оруулж танилцуулна. Магадгүй багтахгүй он гаргахыг үгүйсгэхгүй. Энэ бол хэцүү ажил. Олон нийтдээ хандаж хэлэхэд энэ олон ажлуудыг хийхэд,  дэлхийн хамгийн мундаг хуулийн сургууль, инженерийн сургууль төгсөөд энэ ажлаараа 20, 30 жил ажиллаад  дэлхийд үнэлэгдчихсэн, хоорондоо бие биенээ таньж мэдээллээ айхтар солилцдог тийм мундаг улсууд ширээний нөгөө талд сууж байгаа. Ширээний наад талд бид нар  яахав чадлаараа энэ явцыг ойлгохыг хичээж,  төрдөө үнэнч сэтгэлээрээ зүтгэж байгаа, бусад айхтар юманд  нь бас нарийн туршлага дутуу ийм улсууд сууж байна. Ерөөсөө нэг ч хоног зүгээр суугаагүй. Үзэгчид хэрвээ анзаарвал энэ хэлэлцээрт орж байгаа улсууд турж байгаа. Тэгэхээр үүнд төрийн алба хааж л байгаа бол потенциалны хулгайч гэдэг байр сууринаас битгий  хандаач ээ, энд олон үнэнч улсууд сууж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Цаашид хөгжүүлэх бүх ажил өдөр шөнөгүй цаг минутаар явж байгаа,  их цаг хугацаа ордог, мэдлэг шаарддаг ажил юм байна. Чадлынхаа хэрээр  гүйцэтгэж байнаа. Алдаа байхыг үгүйсгэхгүй. Алдаа байгаа бол санаатай биш, мэдлэг чадвараараа гүйцэхгүй байгаатай холбоотой асуудал.  Гэхдээ зөв сэтгэлээр явбал ажил урагшаа явна гэж бодож байгаа. Алдаа гаргахаас айгаад зүгээр суух, алдаатай ч гэсэн эхлээд явцын дунд засаад энэ ажлыг хөдөлгөх  гэдэг бол хоёр өөр ойлголт шүү. Бид нар ажлыг тэр байрнаас нь хөдөлгөхийн төлөө л ажиллаж байна.
-Монгол компаниудын тухай жаахан тодруулмаар байна.  Энэ асуудал гарахтай зэрэг Монгол-999 нэлээн идэвхтэй дуу хоолойгоо хэлж, санал бодлоо солилцож байгаа.  Үүн дээр ямар бодолтой  байна. Өнөөдөр Монгол-999 энэ шалгаруулалтанд багтсан уу?
-Шалгаруулалтанд Монгол-999  гэдэг компани ерөөсөө орж ирээгүй. Бодвол оператор компани, стратегийн хөрөнгө оруулагч дээр орж ирэх ёстой байсан байх.  Өөр консорциум компанитай хамтраад орж ирсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ шалгаруулалтаа Монгол, Америк гэж тийм шинжээр нь ерөөсөө шалгаруулаагүй.  Хөрөнгийн зах зээл дээр ажиллах ажлын  туршлага, аюулгүй байдал, олонд танигдсан  байдлаар шалгаруулахад  хасагдчихсан байж таарч байна. Яагаад гэвэл одоо шалгаруулсан компани  дотор байхгүй байгаа учраас. Монгол  999-ийн талаар  муу хэлээд байх шаардлага  алга. Сонирхолтой юм даа гэж заримдаа үнэхээр бодогддог. Яагаад гэвэл компани гэдэг чинь хөрөнгөө нийлүүлсэн их тодорхой улсуудын нэгдэл шүү дээ. Тэгээд хоёр л хэлбэр байна. Нэг нь  хувьцаат компани. Хувьцаат компанийн оролцогчид болон  хувьцааг эзэмшигчидээ нийтэд зарлачихсан нээлттэй компанийн хувьд хэдэн зуу 999, 900 сая ч байж болдог. Хязгаарлагдмал компанийн хувьд бүр  тодорхой байх ёстой. Тэр хөрөнгө яаж нэгдэж байгаа юм, юунд зарах гэж байгаа юм, ашиг яаж олох юм гээд. Тэр олон хүнийг удирддаг  хяналтын систем нь ямар юм байгаа бол,  их боловсорчихсон, туршигдчихсан  байдаг бол сайн байна. Тэгэхгүй бол хэд хоногийн дараа, хэдэн жилийн дараа нөгөө өгсөн мөнгө хаачив, олдсон, олдоогүй гээд эх зах нь олдохгүй маргаан болох вий гэдэг санаа зовсон асуудал үүснэ.  Иргэний хууль, компанийн хуулийн ямар зөвшөөрөгдсөн хэлбэр дээр зохион байгуулагдсан юм, тэр миний хариуцах асуудал биш учраас ярих юм алга. Оролцох хэлбэрээ олоод  энэ том ажилд оролцвол би ялгаварлан гадуурхах юм байхгүй.
-Хяналт тавих  гэснээс иргэдэд олгох гээд байгаа 10 хувийг хэн   төлөөлөх вэ?
-Яг бид нарын толгойгоо гашилгаж байгаа  асуудал. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол гайгүй. Өөрөө л хувьцаагаа эзэмшээд, жижиг хувьцаа эзэмшигч болох юмуу, том хувьцаа эзэмшигч болох юмуу, хувьцаа эзэмшдэг хүн компанидаа яаж төлөөлдөг тэр замаар явчихна. Иргэдийн хувьд Монгол улсын бүх иргэд хувьцаа эзэмшчихлээ. Тэрэнд ТУЗ-д хэн төлөөлж суух уу, дараа нь хэн төлөөлөх вэ гэдэг чухал асуудал байгаа.  Бараг хоёр сая хүнээс чөлөөтэй сонгогдох хүн чинь Ерөнхийлөгч  л байна ш дээ. Ерөнхийлөгчөө ТУЗ-д суулгах юмуу эсвэл гээд л олон асуудал бий. Тэгэхдээ яаж  шийдэх арга замаа бид мэдэж байгаа. Эхний ээлжинд  автоматаар дансанд хувьцаанууд чинь байршихаар  гэрчилгээ өгөөд, тэгээд та нар хэзээ л бол хэзээ  тэрийгээ лавлаж болно. Зарах эрх нь жаахан хязгаарлагдмал.  Эргэлтэнд чөлөөтэй оруулдаг.  ТУЗ-д төлөөллийн асуудал яригдана.  Ийм тохиолдолд гадаадын улсууд трастын элемент ашигладаг. Гэтэл итгэлцлийн тэр элемент нь манайд бий болоогүй байгаа нь үнэн. Үүнийг бий болгох ажлын төлөө бид орчихсон. Хоёрт, одоогийн байж байгаа хэлбэрүүдийг ашиглах боломжийг бид судалж байна.  Олон түмнийг төлөөлөөд тэнд суугаад үгээ  хэлдэг, ТУЗ-д байраа эзэлдэг  төлөөллийг бүрэн хэрэгжүүлэх бололцоотой. Одоо бол хуваарилах, дансанд нь байрлуулах ажлуудаа хийчихнэ.  Хувьцаа чөлөөтэй эргэлдүүлэхийн хооронд нөгөө төлөөллийнхөө асуудлыг сонгох боломжтой гэж үзсэн. Жич: Засгийн газарт оруулж шийднэ. Үүнийг хүний хөгжлийн сангаараа төлөөлүүлж болно, тэр болохгүй гэвэл итгэлцлийн элементүүдийг  нь ном ёсоор нь байгуулаад оролцох бололцоотой. Нэгдүгээрт, төрийн зорилго тэр биш. Төрийн зорилго бол энэ хувьцааг ямар нэгэн хямд үнээр гаргаад тэгээд чадалтай компаниуд нь төвлөрчихөөсэй гэж огт төлөвлөөгүй. Энэ бол ёстой олигархи билүү, олигархи төвлөрөхийг дэмжсэн бодлого болчихсон байна ш дээ. Тийм учраас төр үүнийг дэмжихгүй ээ. Худалдаж авах гээд яг маргааш шаардаад байх бишээ  урт хугацааны  20, 30 жил, доод тал нь зуун жил бидэнд баталгаатай ашиг бий болно. Тэр зорилгоор зохион байгуулагдаж байгаа ажил гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өнөөдөр мэдээлэлгүй байгаагаас ард түмэнд  хардалт сэжиглэлт үүсээд байна.  Энэ ажлаа үүнтэйгээ хамт эхэлж болохгүй юмуу. Яаж эхлэх арга зам байна вэ?
-Мэдээллийн ажил эхэлж байгаа. Нэгдүгээрт, бид нарын техникийн ажил дуусаагүй  байхад зарлаж болох юм, болохгүй юм  бас гараад байх юм.  Мэдээлэл дутуу байхад  зарлачихаар буруу зөв ойлголт үүсэх магадлалтай.  Тэр байтугай стратегийн хамтрагчиддаа ч гэсэн бид яаран хэлэх юм байна, хэлэхгүй юм байна.  Хоёр дахь саад нь энэ мэдээллийг хийх үүрэгтэй бид нар өөрсдөө завгүй байгаа учраас  өдөр болгон гүйж ирээд  байж чадахгүй байна. Гэхдээ үүгээр би бүх юмыг цайруулахгүй. Бүх мэдээллийг аль болохоор тогтмол байлгах, чадлынхаа хэрээр мэдээлэхийн төлөө ажиллана. Яахав ерөнхий мэдээлэл би өгч байна. Үүнийг чинь нарийн мэддэг улсууд бас байгаа. Жишээлбэл, энэ мэдээллийг яаж төвлөрсөн хадгаламж тооцооны төвд мэдээлэх үү, хэзээ нь батламжаа гар дээр чинь тавих уу,  яаж лавлах уу гээд л. Тэгэхээр бид тэр компаниудад  ч  хэлсэн, та нар баахан юм худалдаж авах гэж мөнгө цаасаа зарж, бөөн хэлцэл хийчихээд тэр чинь реск учирна шүү. Яагаад гэвэл татварын байгууллага төрийн бус байгууллагуудыг нарийн шалгана. Тэгэхээр энэ 2010 оны зургадугаар сарын 30-наас хойш жам ёсоороо компаниуд нэгдэж нийлнэ, бие биедээ ойртож холдоно гэдгийг зөвшөөрч байгаа. Тэрийг шалгах амархан. Харин тийм биш, зөвхөн энэ хувьцааг өөртөө төвлөрүүлэх зорилгоор явсан нөхдүүд  энэ шалгалтаар  амархан харагдана,. Тэгэх юм бол өгөхгүй ш дээ, танайх тийм зорилгоор компаниа тэгж худалдсан байна. Тийм учраас танд өгөхгүй ээ гээд аль ч үгүй юм болж магадгүй шүү. Танд нэрлэсэн үнээр худалдсан энэ хувьцаа чинь бид сайн зохион байгуулж чадвал  олон дахин өсөж, олон жилээр танд баялаг авчрах хувь юм шүү.  Монголчуудыг амны хишигтэй гэдэг. Яаж ийж байгаад өөрөө авчихаарай гэдгийг дахин дахин хэлье.
-Өмнөговь аймгийн жижиг Таван Толгойн хувьцааг  авсан хүмүүсээс зарим нэг брокер, дилерүүдийн үйл ажиллагаатай холбоотой хавтас дүүрэн материал, мэдээлэл ирлээ.  Ийм юм гаргахгүйн төлөө бид нар өнөөдөр юунд бэлдэх ёстой?
-Энэ олон хувьцааг хүмүүст өгөхөөр данс нээгдэж ажиллана. Цэнхэр, ягаан тасалбарын үеэр дор хаяхад аймагт нэг, нэг брокерийн пүүс байгуулагдсан. Тэр брокерийн пүүсийн хүчээр цэнхэр, ягаан тасалбарыг  тараасан.  Тэгэхээр тэрийг бодвол одоо бодитой хөрөнгө мөнгөтэй холбогдсон юм гарч ирнэ.  Санхүүгийн зохицуулах хорооноос бид  брокерийн пүүст тавих шаардлагаа өндөржүүлээч ээ, тоог нь нэмэгдүүлээч ээ гэж хүсэлт тавьж байгаа. Ямар шалгуур хангасныг нь брокерийн пүүс гэж үзэх вэ, бас  брокерийн пүүстэйгээ хариуцлага тооцооч ээ гэж байгаа. Тэгэхээр тэр хувьцааг будилуулсан, хувьцааны ноогдол ашигтай холбогдсон нь цэвэр брокерийн пүүсийн ажил. Брокерийн пүүсүүд хөрөнгийн биржийн гишүүн байдаг байх. Тийм учраас Хөрөнгийн биржээс зохих мэдээлэл аваад Санхүүгийн зохицуулах хороонд хандаж энэ дутагдлаа арилгах хэрэгтэй. Хоёрдугаарт, жижиг Тавантолгой гэдэг бол өөрөө өвөрмөц компани болчихоод байгаа. Би түрүүний ярьсан том нөөцийн чинь дунд нь шахуу байгаа юм. Дайцику гэж компани байж байгаа. Энэ том орд дээр чинь уулын ажлын нэгдсэн төлөвлөгөө, дэд бүтцийн нэгдсэн бодлого, нэгдсэн борлуулалтын бодлого гээд том, юм гарна. Тэгэхээр энэ том компани энэ жижиг компаниудтай заавал хэлэлцээнд орно. Энэ том юм ухаж байхад дунд нь нэг жижиг арал шиг юм үлдчихсэн ажилд саад болж болохгүй ш дээ. Жижиг Тавантолгой гэдэг бол 51 хувийг нь Өмнөговь аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид эзэмшдэг, 49 хувь нь ард иргэдэд тарчихсан компани байгаа байх. Ард иргэдэд тарчихсан тэр хувьцаа бол бүр л нарийн  асуудал.  Тэгээд том бодлого явахаар жижиг Тавантолгойд яаж хандах юм гэдгээ төр бодлогоо гаргаж тодорхой арга хэмжээ авч таарна. Дайцику гэж япон нэртэй хэний ч юм компани байж байгаа. Тэр компанийн асуудлыг гаргаж тавина.  Хууль зүйн дагуу очсон  бол том Таван Толгойтой хэлэлцээрт орно. Янз бүрийн арга бий л дээ. Мөнгө цаасыг нь өгөөд шийдчихэж болно, эсвэл  шилжүүлээд том Таван Толгойгоос арай илүү хувьцаа эзэмшээд цаашаа явах. Үүнийг хэлэлцээний журмаар шийднэ.
-Эргээд  дөрвөн банкны тухай асуучихмаар санагдлаа.  Би интернетээр Таван Толгойн асуудлаар хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байхдаа  нөгөө дөрвөн банкны зарим  нэг нь эдийн засгийн алуурчны дуулиан тарих номонд  бичигдсэн эргэлзээтэй үйл ажиллагаа явуулдаг банкнуудын нэг  гэсэн мэдээлэл гарчихсан байсан энэ талаар таны бодол?
-Тэгэхээр үнэхээр шүүмжлэлтэй мэдээллүүд гарсан. Дахиад ч гарах юм байна лээ. Сонин дээр нэг юм гарчихлаа гээд шийдвэрээ болиод буцах төлөвлөгөө алга. Хоёрдугаарт, үнэхээр ноцтой юм гараад   шийдвэрээ хянах шаардлагатай бол бэлэн. Би  тэр Дойче банкийг өмөөрөөд л жигтэйхэн цэвэр гээд болгох гээд байх нь  миний зорилго биш. Нэг зүйлийг л анзаарах ёстой.  Дэлхийн 74 оронд салбартай, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг асар том компани бол  Дойче банк. Голдман сакс нь ч гэсэн дэлхийн  том компани. Дэлхийн олон том компаниуд ганцхан эднийх биш, олон компани бий.  Ингээд шүүгээд мөрдөөд явбал бүгдээрэнгийнх нь  энд тэндхийн салбарт нь  маргаан гарсан элдэв долоон юм байдаг юм билээ. Солонгост биржийн арилжаа  хаахаас гурван минутын өмнө ч билүү ороод бөөн юм авчихсан. Тэр нь сэжигтэй гээд шалгадаг. Солонгосууд ганц эднийхтэй биш, олон том банкуудтай маргадаг. Оросуудад бас сэжиглэдэг, хянадаг ийм юм зөндөө гарсан байсан.  Энэ бол ганц Дойче банкны  юм биш, бүгд дээр нь ийм янз бүрийн үйл ажиллагааны асуудал  гардаг юм билээ. Гэхдээ би өмөөрөөд байх юм алга. Үүнийг манай мэргэжилтнүүд анхааралтай судалж байгаа. Тэр байтугай манай төрийн мэргэжлийн байгууллага хүртэл хянаж байгаа. Ноцтой мэдээлэл гарвал эргээд  хянана. Ер нь яах аргагүй дэлхийн хамгийн том найдвартай банкнуудын шагналыг авчихсан хамгийн нэр хүндтэй банк мөн үү гэвэл Дойче банк. Голдман сакс мөн үү гэвэл мөн. Шальтай шальгүй юм хөөцөлдөөд том шийдвэрээ унагах харамсалтай, шаардлага гарвал эргэж харахад бэлэн.
-Сэжиглэх хянах гэснээс улс төрчдийн оролцоо энэ төсөл дээр хэр байна аа?
-Угаасаа шийдвэр нь улс төрийн шийдвэр шүү дээ. УИХ-ын шийдвэр гэдэг чинь нөгөө л бидний мэддэг улс төрчид, нөгөө л бид нарын мэддэг Засгийн газрын гишүүд ярьж байгаад л гаргасан шийдвэр юм чинь.  Яг өнөөдөр бид нар ажлаа хийж байхад дуудаж аваачаад чи тэг, ингэ гээд байгаа юм алга. Батзандан байсан шиг санаж байна, сонин дээр ярилцлага өгчихсөн байсан. Энэ ТавантолгойнТУЗ-ийн ажил таван сайдын мэдэлд оччихлоо юу юу ч гэлээ тийм юм байсан. Тэгэхээр энэ том шийдвэрийн хувь заяаны хэрэгжилтийн талаар Засгийн газар хяналт тавьж л таараа ш дээ. Тэгээд манай ажлын хэсэгтэй Засгийн газар өдөржин хуралдаж байлтай нь биш. Засгийн газраас томилогдсон таван сайд байгаа. Таван сайдад бид  ажлаа  танилцуулж явдаг. Үүнийг би нэг их эрх мэдэл тийшээ оччихлоо гэж бодохгүй байна. ТУЗ-ийн ажилд таван сайд оролцдоггүй, харин энэ ажлын хэсгийн ажилд бол оролцож байгаа.  Угаасаа Засгийн газраас ахла гээд томилчихсон юм чинь. Уг ажлын хэсгийг тэргүүн шадар сайд ахлаж байгаа.  Үүнийг улс төрийн оролцоо гэж шууд дүгнэх нь юу юм. Харин  тендерийн хороо ажлаа дүгнэхэд нэг сайд байн байн дуудаад л байвал оролцоо гэж хэлнэ ш дээ, тийм ээ. Одоохондоо тийм юм алга. Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй байна.
-Эрдэнэс Таван Толгой компани бүртгэл байхгүй юм билээ. Тийм учраас өнөөдөр явуулж байгаа ажил чинь хууль ёсны байж чадах уу гэдэг асуудал нэлээн давтагдаад гарчихлаа. Харин сүүлийн үед намжих тийшээ хандав уу даа?
-Хоёр шаттай юм байгаа.  100 хувийн төрийн өмчит “Эрдэнэс MGL” гэдэг компани өөрийн охин компани “Эрдэнэс Таван Толгой”-г байгуулсан юм.  Дээр яригдсан олон тендер шалгаруулалт  их хугацаа авч байгаа учраас зарим ажлыг эхлэх шаардлагатай байсан. Жишээлбэл, уурхайн кэмп байгуулах ч юмуу, эсвэл хөрс хуулах  ажил гээд. Үүний  сайн тал нь дараа  шууд ирээд нүүрсээ ачихад бэлэн болж байгаа юм.  Эхлээд үүнийгээ  хийж байя гэсэн асуудал бий. Дараа нь номын дагуу Эрдэнэс Тавантолгойг  байгуулсан. Эрдэнэс Тавантолгой өөрийнхөө бүртгэлийн гэрчилгээг өгөхгүй байна лээ. Би хуулбарлаад аваад ирсэн. 2010 оны 12-р сарын 23-ны улсын бүртгэлийн гэрчилгээ баахан номер дугаартай үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Тэгээд Эрдэнэс Тавантолгой ном журмаараа байгуулагдаад одоо ажилдаа орчихсон.  “Эрдэнэс Таван Толгой” өөрийнхөө эзэмшиж байгаа хувьцааг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстойг уншигчид андуурсан байж магад. Энэ  нэг их хоцроод сүйд болоогүй  одоо бүх процедурын дагуу бүртгүүлж байгаа. Бүртгэлтэй холбоотой нэг их саад байхгүй учраас хувьцаагаа гаргахын өмнө энэ процетур бүрэн хангагдчихна  гэж бодож байна.
-Ноогдол ашгаа иргэд хэзээнээс авч болох вэ?
-Ерөөсөө Эрдэнэс Таван Толгой гэдэг ордод хувьцаа гаргаад тэрнийхээ арван хувийг иргэдэд олгож байгаа. Засгийн газар шийдвэрлэсэн ёсоор хувьцаа иргэдэд эхлээд оччихно. Хоёр дахь асуудал юу юм гэхээр энэ хувьцаагаар би юу хийх юм гээд иргэн хүний байр сууринаас хандъя. Нэг дэх асуудал бол уул нь номоороо энэ хувьцааг зарж болно. Энэ хувьцааг гадаадын хүнд ч зарж болно, дотоодын хүнд ч зарж болно, мөнгийг нь эзэмшиж болно, эсвэл нэмээд худалдаж авч болно. Хоёр дахь зах зээл нээгдсэний дараа хувьцаа  нэмээд авах чинь чөлөөтэй, харин төр зарахыг чинь жаахан хязгаарлачихсан байгаа. Гэхдээ төр харамлаад ч юмуу, өөртөө байлгах гээд байгаа юм биш. Яагаад гэвэл ягаан тасалбарыг ингээд орхичихсон чинь арай илүү мэдээлэлтэй, учрыг нь ойлгосон улсуудад төвлөрөөд, тэд нар ягаан тасалбараа нийлүүлж байгаад том, том объектууд худалдаж аваад баяжсан. Нөгөө хэсэг улсууд нь өнөөдрийн талхны хэрэгцээ гээд хямдхан зарчихсан  учраас хоосон хоцорчихсон  дээ. Тэгэхээр үүн шиг өнөөдрийн хэрэгцээ гээд хямдхан зарчихвал  иргэд өөрсдөө хохирчих гээд байна. Ирээдүйд  аз байх юм бол хэд ч хүрч болно. Иймээс  хоёр зорилго  тавиад байгаа юм. Нэгдүгээрт, олон улсын зах зээл дээр нөгөө хувьцааны чинь үнэ аяндаа дуулдана. Тэрийг хараад үнэ ханшийг нь өөрөө ойлго. Хоёрдугаарт, энэ хооронд хувьцаа гэдэг ямар учиртай, яаж зарцуулбал миний амьдралд хэрэгтэй юм гэдгийг хүмүүс маань  өөрийн болгож авах ёстой. Үүнд төрийн үүрэг их байгаа. Төр сурталчилж,  олон түмэнд таниулах хэрэгтэй.  Ард түмнээ   үүнд бэлтгэх ёстой. Ингээд бэлэн болсны дараа танд хувьцааны талаар  дохио өгөөд за одоо та хувьцаагаа эргэлтэнд оруулж болно гээд хэлчихнэ. Жаахан л хүлээх болчихоод байгаа энэ ч бас олон түмнээс санал гарсан хэрэг.
-Жаахан гэдэг нь хир хугацаа шаардах вэ? Хоёр жил болно гэсэн үг үү?
-Одоогоор яг төд гэж хэлж боломгүй байна. Үнэхээр энэ хувьцаа амжилттай хурдан борлогдоод,  ард түмэн маань хувьцааны талаар мэдлэгтэй, ойлголттой болчихвол тэрнээс наана ч байж болно.
Хувьцаа таны мэдэлд байж байхад  та ноогдол ашиг авна. Ноогдол ашиг авах, эсвэл хувьцаагаа борлуулахын тулд  брокерийн пүүсдээ данс нээлгээд  түүгээр дамжуулж энэ ажлаа хийх ёстой. Данс  нээлгэх чинь  зөв. Гэхдээ тодорхой хугацаа байгаа учраас бүгдээрээ битгий зэрэг дайраарай гэж хэлэх байна.   Энэ бүртгэлийг  төр үнэгүй хийж өгнө. Брокерийн пүүсүүд  дараа нь үйл ажиллагаа явуулах учраас тэд нарыг янз бүрийн хураамжаа багасгаач ээ гэж хэлмээр байна. Ер нь брокерийн пүүст өөрт нь ч хэрэгтэй. Хэдий чинээ олон үйлчлүүлэгчтэй болно, дараа нь их ажилтай болох учраас хураамжаа багасгаад олон үйлчлүүлэгч өөртөө татах нь  зөв гэж бодож байна.  Ингээд брокерийнхоо пүүсээр дамжиж ноогдол ашгаа авна.  Нэг юм хэлэхэд энэ асуудал дээр  уужуу тайвуу бодож зөв ойлгоорой.  Хувьцаатай болонгуутаа маргаашнаас нь шууд  бөөн бөөн мөнгөтэй болчихгүй шүү.  Яагаад гэвэл энэ уурхайг чинь ашиглалтанд оруулна. Компани зардлаа нөхнө. Дараа нь компани ашгаа хуваана, хэдийг  нь хөрөнгө оруулалтанд хийх үү, хэдийг  нь хуваарилах уу. Угаасаа компани ингэж явдаг.  Тийм учраас маргаашаас нь эхлээд баяжчих юм шиг гэнэн ойлгож болохгүй. Гэхдээ бид нар азтай. Яагаад гэвэл манай хувьцааны эрэлт их байгаа. Энэ хувьцаа их гарна. Манай нүүрсний борлуулалт хурдан эхлэх бололцоотой. Зүүн цанх дээр жишээлбэл, хөрсийг  нь хуулчихсан. Оператор компани орж ирээд ухаад л тэгээд борлуулж эхэлнэ, тэрний чинь орлого шууд орж ирнэ. Тийм учраас амархан ноогдол ашиг хуваах бололцоонд хүрэх давуу талууд байгаа. Оюутолгойн  яг үйлдвэрийг  нь барихад асар их хугацаа орно, ил уурхай барихад бага хугацаа ордог юм байна.  Ер нь бол холгүй.
-Зарим улс төрчид болон  хүмүүсийн энэ сэдвээр бичсэн нийтлэлүүдийг харахад бид нар юу юугүй IPO-гоо хийлгээд л шууд бирж дээр гаргах хэрэг байна уу. -Жаахан хүлээвэл яасан юм, үнэ цэнэ хүргэх хэрэгтэй, энэ дотор чинь дэд бүтэц, тэр үйлдвэрүүдийн туршилтын ажил нөлөөлөөд байгаа юм бишүү гэсэн санал бодол яваад байх юм?
-Маш зөв. Яагаад гэвэл MCS-ийн хувьцаа манайхаас үнэтэй байх нэг шалтгаан бий. Тэднийх  замаа бариад хил хүртэл татчихсан.  Нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцаа барьчихсан, борлуулалтаа эхэлчихсэн нь  хувьцааны нэр хүндэд сайнаар  нөлөөлж  байгаа юм. Тэгэхээр бид нар олборлох, борлуулах, дэд бүтцийн ажлаа яаралтай эхлүүлэх шаардлагаар энэ тендерүүдийг зарлаад байгаа.  Гэхдээ яг нөгөө IPO хийх маань болоогүй.  Энэ онц эцсээр юмуу, дараа оны эхээр болно. Энэ хооронд борлуулалтынхаа гэрээг  хийчихээд, за ингээд борлуулж байна, энэ дэд бүтэц ингээд явж байна, энэ цахилгаан станц ингээд баригдаж байна гэдэг мэдээлэл их чухал байдаг.  Хоёрт гэвэл  хувьцаагаа яг  хэзээ  хаана гаргавал үнэтэй байх вэ гэдгийг одоо саяын сонгосон дөрвөн банктайгаа бид нар зөвлөлдөж, зөвшилцөж, судалгаа  хийнэ.  Зөвхөн судалгаа хийдэг  институт, эрдэмтэд байдаг. Тэрнийхээ саналыг харгалзаж байж гаргана. Одоогийн төлөвлөж байгаагаар бол энэ хувьцааг гурван газар зэрэг, бараг дөрвөн газар гаргах болов уу гэж бодож байгаа. Мэдээж Гонконг байна, Монголын Хөрөнгийн бирж , Лондонгийн Хөрөнгийн бирж байна. Лондонгийн Хөрөнгийн бирж, Торонтын Хөрөнгийн бирж хоёр нэгдчихсэн учраас Торонтын Хөрөнгийн бирж дээр гаргах төлөвлөгөөтэй.  Судлаачид яг хэзээ гаргах вэ гэдэг тоог бидэнд хэлдэг, тэрний дагуу гаргана. Ирэх оны эхэнд гаргана гэдэг бол ерөнхий төлөвлөгөө.  Бас сурталчлах том арга хэмжээнүүд явуулна. Хойд Америкийн зах зээл дээр, Английн зах зээл дээр, Гонконгийн зах зээл дээр  олон судалгаануудыг хийж байгаад хэзээ гаргавал үнэ хүрэх вэ гэдгийг ярьж тогтоно. Яг өнөөдрийн байгаа мэдээллээр  бид түрүүний том ажлуудаа эхэлчих юм бол энэ оны зааг дээр, ирэх оны эхэнд өндөр үнэ хүрэх бололцоотой гэж Хөрөнгө оруулалтын банк одоогоор бидэнд зөвлөж байгаа. Тэгэхдээ  олон судалгааны үр дүнд энэ тоо өөрчлөгдөж болно.
-Хөрөнгө оруулалтын банк  юм хэлэхээр тэдний үгээр шахуу байх юм.  Бид өөрсдөө дотроо бодолтой гэдэг шиг  үүн дээр үнэлэлт дүгнэлт өгөх  хэр чадвартай байна вэ гэдэг асуултыг  хүмүүс их асууж байна?
-Би жигтэйхэн чадвартай гэж хэлэлтэй нь биш, чадахын төлөө хичээж байна. Бас бидэнд гадаад, дотоодод  боловсрол олчихсон  олон залуучууд,  юм үзсэн хөгшчүүд байна. Бас аль аль захыг  нь мэдэх дунд үеийнхэн ч  байна. Эх орны сонирхол, Засгийн газрын даалгавар байна. Ингээд өөрийнхөө толгойгоор дүгнэлт хийхийг хичээнэ. Хоёрдугаарт, хараат бус зөвлөх бас хөлсөлж авна. Тэдний ч талд орохгүй, манай ч талд орохгүй энэ дээр бодитой дүгнэлт өгөх, тэгээд тэр хараат бус өгч байгаа дүгнэлтээс  нь өөрийнх нь орлого шалтгаалдаг.  Хэн нэгэнд буруу зөвлөгөө өгөөд, буруу дүгнэлт гаргаад хэрэгт  орчихвол тэдний рейтинг унаад зах зээлгүй болох тийм эмзэг харилцаан дээр байдаг хараат бус гадны ч зөвлөх авна, шаардлагатай бол Монголын баг авна.  Энэ бүхэн дээр үндэслээд өөрсдийн толгойгоор  тэр төсөлд, саналд хандахыг бодно. Үнэхээр хөндөх ёстой асуудал.
-Танд ямар мэдээлэл өгөөгүй үлдчихсэн юм шиг санагдаж байна?
-Энэ асуултууд чинь өөрөө олон нийтийн саналыг илэрхийлж байгаа учраас үндсэн асуудлууд хөндөгдчихлөө. Хамгийн сүүлд миний хэлэх зүйл бол үнэхээр ямар ч эргэлзээгүй, ямар ч атгаг санаагүй энэ хувьцаанаас ард түмэнд ноогдох хэсэг очно оо гэж би баталж хэлж байна. Ганц хоёр хоногийн хойно өмнийн асуудал байж магадгүй. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжид худалдах хувьцааны талаар нийгмээс маш олон янзын санал бодол урсгал зөрчилдөөн  мөргөлдөж байна. Аж ахуйн нэгжид хувьцаа худалдах  асуудал жаахан хойшилж, урагшилж болзошгүй.  Тэр байтугай хөрөнгө оруулалтын банк хүртэл  10 хувь гэдэг 1,5 тэрбумд эргэх их хувьцаа.  Хувьцаагаа  үнэд хүргэх гээд нарийн төлөвлөчихсөн байдаг. Гэтэл төлөвлөөгүй гэнэт зах зээл рүү ороод ирэх юм бол хувьцааны үнэ унагаж болно гэдгийг хэлээд байгаа.  Тэр зорилгоор зөвхөн тодорхой хугацааг сонгох ч юм уу, эсвэл  олон аж ахуйн нэгж дээр гэнэт зарчих юм бол хоёр дахь зах зээл нээгдэхээс өмнө биржийн гадуурх арилжаа эхэлчихнэ. Энэ манай төлөвлөгөөнд саад болох аюултай.  Тэгэхээр  Засгийн газар худалдах нь  ойлгомжтой. Нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүддээ энийг өгнө гэдэг нь том хөнгөлөлт. Өөрөөр хэлбэл, энэ хувьцаа өнөөдөр МCS-ийнх шиг нэг доллар хэдэн цент болох юмыг одоо бид нар 500 төгрөгөөр ч юмуу өгч байна гэдэг чинь маш том хөнгөлөлт шүү.  Энэ ажил бол  худлаа үнэн юм ярьж байгаад хувьцаа гаргаж зараад дуусчих асуудал бишээ.  Энэ дөрвөн банкийг сонгохдоо хувьцааны өмнөх ажил, мөн  хувьцааны дараа яахав, бид нарыг хаячихаад явах юмуу гэдгийг хүртэл харгалзаж олон талаас нь бодож  сонгосон юм.   Стратегийн хөрөнгө оруулагчаар юу хийлгэх гэж байгаа юм гэхээр дор хаяж Тавантолгойгоос Сайншанд хүртэл зам тавиулах нь ойлгомжтой. Сайншандаас урд хил юмуу, хойд хилийн замыг сайжруулах нь ойлгомжтой. Тэгээд манай цаашдын бодлого гарчихсан  нүүрс ачиж явах замыг хэнээс хөрөнгө гаргуулах нь ойлгомжтой. Дээр нь Сайншандын аж үйлдвэрийн парк дээр хамгийн түрүүнд кокс үйлдвэр бариулах нь ойлгомжтой. Тэгээд бүр цаашаа тэрийг хөгжүүлэх ган, нүүрснээс дизель түлш гаргах юу шахах нь ойлгомжтой. Ийм учраас энэ бүгдээс эх орны ирээдүй их шалтгаалах юм. Энэ бүгдийг  бид нар үнэхээр бодож яваа шүү. Тэгээд хамгийн сүүлд нь биднийгээ бас ойлгож хандаарай. Бид нар чинь бүгд шүүмжлэлийн ирмэг дээр байна.  Тэгэхээр хардах эрх байдаг гэдэг шиг тэрийг бол хүндэтгэж байна. Монгол нэгдмэл ойлголттой нэг тийшээ харж л байвал амжилтанд хүрнэ ээ гэдгийг олон нийтдээ хандаж хэлмээр байна.
Олон Нийтийн Телевиз, ТӨХ-ны албан ёсны зөвшөөрлөөр Zindaa.mn сайт нийтлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Christiane(41.138.89.243) 2018 оны 02 сарын 21

Санхүүгийн бүх санаа зовж байгаад баяртай байна уу, Ноён Уильямстэй холбоо барина уу. Энэхүү 50,000 еврог зээлд хамрагдах нь миний амьдралыг амтлахад хүргэсэн. Мөнгөний зээлийн санаа зовнилын хувьд түүнд хандаарай, тэр танд туслах болно. Түүний имэйл: ferlandwiliam@gmail.com

0  |  0
Top