Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргал: Их бүтээн байгуулалтыг 2012 онд эхлүүлэх 580 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай босгож чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 16

 

 

Хөгжлийн банк 600 сая ам.долларын "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ сард Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондын арилжааг олон улсын зах зээл дээр хамгийн бага хүүгээр маш амжилттай арилжсан байна. Ингэснээр манай улс анх удаа их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг нэг дор татан төвлөрүүлж байгаа юм. Энэ талаар Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалтай ярилцлаа. 

-        Блүүмбэрг зэрэг дэлхийн мэдээллийн томоохон байгууллагуудаас сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны олон зуун сая ам.долларын бондын арилжаа явагдаж буй талаар мэдээлэл гаргах боллоо. Энэ ямар учиртай талаар бидэнд тодорхой мэдээлэл өгнө үү.

-        2011 онд байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн Банк байгуулагдсан түүхэн үүргээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон чиглэлийн ажлуудыг эхлүүлэн ажиллаж байна.

Тус банкны түүхэн үүрэг бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн анх удаа олон улсын зах зээл дээр өөрийн үнэт цаасыг арилжаалж санхүүжилтийн эх үүсвэрийг босгох асуудал юм. Ийнхүү бонд арилжаалахдаа хэдэн хувийн хүү буюу өртөгөөр босгох асуудал нь чухамдаа Монгол Улсын эдийн засгийн төлөв, чадавхийг олон улсын хөрөнгө оруулагчид хэр зэрэг үнэлж байгааг шууд илэрхийлэх өндөр ач холбогдолтой асуудал юм. Энэ ч утгаараа Монгол Улсын Хөгжлийн Банкны бондыг олон улсын зах зээл дээр хэрхэн амжилттай арилжаалах, улмаар  хүүгийн түвшинг багаар тогтоох асуудал бидний анхаарлын төвд байдаг юм.

Өнгөрсөн 2012 онд тус банк 600 сая ам.долларын "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийг амжилттай эхлүүлж, эхний 20 сая ам.долларын үнэ бүхий бондыг хаалттай хэлбэрээр арилжаалж улмаар Монгол банк дахь дансандаа төвлөрүүлсэн болохыг та бүхэн мэдэж байгаа.

Энэ үйл ажиллагааны үргэлжлэл болгож үлдэх 580 сая ам.долларын үнэ бүхий Засгийн газрын баталгаатай бондыг өнгөрсөн хоёр долоо хоногийн туршид Ази, Европ болон АНУ-ын санхүүгийн зах зээл дээр арилжаалахаар санал болгоход нийт 300 гаруй хөрөнгө оруулагчид 6 тэрбум гаруй ам.долларын бонд худалдан авах захиалга ирүүлсэн байна.

Олон улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа нээлттэй байдлаар бонд арилжаалж байгаа бөгөөд Засгийн газрын харьяа байгууллага учир бондын хүү өндөр тогтоогдох вий гэсэн болгоомжлол байсан. Гэсэн хэдий ч үнэхээр гайхалтай үр дүн гарлаа.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондыг жилийн 5.75%-ийн хүүтэйгээр олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING, Deutsche Bank, HSBC банкуудтай хамтран арилжаалж чадлаа.  Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Standard & Poor’s байгууллага нь Монгол Улсын Хөгжлийн банкны энэхүү өрийн бичигт (BB-) буюу Монгол Улсын Засгийн газартай адил түвшний үнэлгээг өгсөн юм.

 

-        Гайхалтай үр дүн гэж хэллээ. Энэ арилжаа юугаараа онцлог болсон талаар тайлбарлана уу.

-        Нэгдүгээрт, Энэхүү бондын арилжаа нь Монгол Улсын банк, санхүүгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн чухал алхам боллоо. Яагаад чухал алхам гэж тодотгож байна вэ гэхээр Монгол Улсын Хөгжлийн Банкны бондын хүүгийн энэхүү тогтоосон бага түвшин нь цаашид Монгол Улсын засгийг газар, Банкууд, аж ахуйн нэгжүүдийн олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалах санхүүгийн хэрэгслүүдийн хүү болон бусад үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд салхийг хагалж өгч байгаагаараа онцлог юм.

Хоёрдугаарт, Монгол Улстай адил зэрэглэлтэй бусад улсын Вьетнам, Шри Ланка зэрэг улсуудын бондын нөхцөлтэй жишиж үзэхэд Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг анх удаа гаргаж буй гэхэд хүү нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан хамгийн бага хүү болж байгаа юм.

 

Гуравдугаарт, Манай банкны 580 сая ам.долларын бондоос 10,7 дахин их худалдан авах санал ирсэн нь маш ховор тохиолдол бөгөөд үүнийг Солонгосын хөгжлийн банктай жишиж үзвэл Солонгосын хөгжлийн банкинд хамгийн ихдээ 4,2 дахин их захиалга ирж байжээ. Мөн Finance Asia мэдээллийн агентлагийн мэдээллэснээр "олон улсын санхүүгийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн Банкны бондыг маш удаан хүлээсэн" гэж мэдээллэсэн нь манай улсад итгэх итгэл, манай улсын хөгжлийн ирээдүй улам баттай болж буйг илтгэж байгаа юм.

Дөрөвдүгээрт,  Монгол Улсын Хөгжлийн Банкны бондыг худалдан авахаар санал ирүүлсэн хөрөнгө оруулагчдийн газарзүйн байрлалын тархалт нь жигд байсан.             Арилжаанд оролцогчдын хувьд Азийн хөрөнгө оруулагчид 32 хувь, Европын хөрөнгө оруулагчид 36 хувь, Америкийн хөрөнгө оруулагчид 32 хувийг тус тус эзэлсэн. Манай "Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр"-ийн дагуу манай бондыг АНУ-ын нутаг дэвсгэрт байрладаггүй хөрөнгө оруулагч худалдан авах бөгөөд төрлөөр нь авч үзвэл хөрөнгө оруулалтын сангууд 85 хувь, хувийн банкууд 12 хувь, бусад хөрөнгө оруулагчид 3 хувийг тус тус эзэлж байсан байна.    

-        Бондыг бага хүүтэй гаргасны ач холбогдол нь юу вэ? 580 сая ам.доллар яг хэзээ Монголд орж ирэх вэ?

-        Энэ мөнгийг бага хүүтэйгээр зээлж ашиглах боломж бүрдлээ гэсэн үг. Дотоодын зах зээл дээр хүүгийн түвшин дундажаар жилийн 15 хувьтай байгаа энэ нөхцөлд энэ их хэмжээнии хямд эх үүсвэрийг оруулж ирж суурь дэд бүтэц болон үйлдвэрлэлийн бусад онцгой ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлснээр манай эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс суурь бүрдэх юм. Нөгөө талаас манай Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх бусад төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж давхар бүрдэж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын банкуудтай байгуулсан баримт бичигт зааснаар Хөгжлийн банкны зүгээс өгсөн "хамгийн сүүлд өгсөн үнийн мэдэгдэл" өгсөн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор мөнгө манай банкны дансанд орж ирэх ёстой.  "Хамгийн сүүлд өгсөн үнийн мэдэгдэл" гэдэг нь сонирхож буй бүх хөрөнгө оруулагчид Монгол Улсын Хөгжлийн банкны бондыг худалдан авах сонирхол буюу захиалгаа ирүүлж дууссаны дараа Монгол Улсын Хөгжлийн банкнаас бондоо хүүгийн түвшинг хамгийн сүүлийн удаа дуудах үйл явц юм. Энэ үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрсөн. Тиймээс 580 сая ам.доллар энэ сарын 21-ний өдөр манай банкны дансанд орж ирнэ гэсэн үг.

-        Хөгжлийн банк хөнжилдөө нойрсов уу, Хөгжлийн банк хэзээ хөлд орох вэ гэх зэргээр нэлээд шүүмжлэлд өртөж байсан танай банк одооноос үйл ажиллагаа нь жигдрэх нь гэж ойлгож болох уу.

-        Монгол Улс хөгжлийн хурдацтай өсөлтийг хангахад гүүр болж ажиллахаар тооцож байгуулсан энэ байгууллага цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой бөгөөд тус банкны хамт олон энэ зорилгод зангидагдан эрчтэй ажиллаж байгаа. Ямар ч шүүмжлэл тавьсан бид бодитойгоор хүлээн авч алдаа оноог тунгаан хичээж ажиллана.

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын засгийн газрын баталгаатай бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр амжилттай арилжаалснаар дэд бүтцийн төслүүд, тухайлбал төмөр зам, авто зам, орон сууцны төслүүд, эрчим хүч, Сайншандын болон бусад аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх эхний үе шатны бэлтгэлийг амжилттай гүйцэтгэлээ гэж үзэж болно.

Нэгэнт 580 сая ам.долларын санхүүжилт ороод ирж байгаа учраас одоо хөрөнгө санхүү дутахтай холбоотой асуудал багасч харин санхүүжүүлэх төслүүд эхлэхэд бэлэн үү, зураг төсөв болон холбогдох зөвшөөрөл, техникийн шийдэл нь шийдэгдсэн байх зэрэг олон ажил биднийг хүлээж байна. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг шиг байдал гаргахгүйн төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно.

-        580 сая ам.доллар орж ирсэнээр төмөр зам, аж үйлдвэрийн парк, аймгуудыг нийслэлтэй холбосон автозам, 100 мянган айлын орон сууц гээд олон төсөл байгаа шүү дээ. Үүнээс алийг нь эхний ээлжинд санхүүжүүлэх бол?

 

-        Юуны өмнө манай улс урьд нь ийм их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлж байгаагүй учраас 580 сая ам.доллар бол бидний хувьд харьцангуй их хэмжээний мөнгө юм.  Өөрөөр хэлбэл ТЭЗҮ болон зураг, төсөв нь бэлэн болсон төслүүдийн алийг нь ч шууд санхүүжүүлээд явах бүрэн боломжтой юм. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Хөгжлийн банк нэмэлт эх үүсвэрийг гадаад зах зээл дээрээс босгох боломжтой.

 

-        Сүүлийн үед 6 хувийн хүүтэй орон сууцны санхүүжилтэд зориулж Хөгжлийн Банк 200 тэрбум төгрөгийн бондыг дотоодын зах зээл дээр борлуулах ажил хэр урагштай байгааг хүмүүс их сонирхож байна.

 

-        Засгийн газрын тогтоолд заасны дагуу Хөгжлийн банк дотоодод бонд гаргах бэлтгэлийг хангаж ажиллаж байгаа. Өмнөх жилд Засгийн газар 300 тэрбум төгрөгийн бонд гарган дотоодод борлуулахад нэлээд удаашралтай байсан зах зээлийн нөхцөл байдал энэ жил мөн бидэнд давтагдах магадлалтай тул бид 6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтэд одоо авч буй 580 сая ам.долларын эх үүсвэрийн зарим хэсгийг зарцуулах замаар ямар ч байсан уг хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжилтээс шалтгаалан зогсоохгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top