Ц.Нямдорж сайд Женко Х.Баттулгын булхайг илчиллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 21


 

ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо  бүтээн байгуулалтын томоохон төслүүд Ц.Нямдорж сайдаас болж гацсан мэтээр ярьж байна. Үүнтэй холбогдуулж,  өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

-Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хийе гэж бодсон юм. 2011 оны 12 сараас эхлээд Төмөр зам барих болоод 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нямдорж садаа болж байна, ажил хийлгэхгүй байна гэсэн яриаг тэр үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Баттулга удаа дараа хийж сонин хэвлэлд ярилцлага өгсөн. Хамтарч нэг Засгийн газарт байж буруу зөрүү юмны хойноос тайлбар хийгэд яахав дээ гэж нэг хэсэг тэвчсэн. Засгаас гараад явсных нь дараа хойноос нь чулуу шидэж яахав дээ гэж бас нэг хэсэг тэвчлээ. Ингээд нийт дүнгээрээ 4 сар орчим энэ яриаг тэвчиж өнгөрүүлсэн. Энэ хоёр асуудлаар бодит мэдээлэл өгөх цаг нь болсон гэж миний бие үзэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа.

 

Нэгдүгээрт Төмөр замын асуудлаар:

 

Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан. Засгийн газар дээр хоёр, гурван ч удаа асуудал оруулж ирж түлхээд байхаар нь сүүлчийн удаа би тэвчилгүй цаана нь юу хийгээд байгаагаа та нар хэл. Одоо хэлэх цаг чинь болсон гэсэн шаардлага тавьсан. Тавантолгойн лицензийг оросуудад өгөх тухай яриа хэлэлцээр хийгдэж байгаа гэдгээ хэлсэн. Тэр үндсэн дээр “Монголын төмөр замын дэд бүтэц” гэдэг компани байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар нь Орост Элчин сайд байсан Хангай гүйцэтгэх захирлаар нь Оросын Морозов гэдэг хүн томилогдсон юм. Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор 15-20-ийн төмөр зам барих ёстой байсан юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сонинд ярилцлага өгөхдөө хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас Монголын Төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Ийм зураг нь интернэтэд ч тавигдсан. Ийм юм болсон байна, ямар учиртай юм гэсэн асуултыг тэр үед нь тавихад “Тийм юм болоогүй. Худлаа ташаа мэдээлэл байна” гэж худал хэлээд өнгөрсөн. Ийм гэрээ бодитойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ байгуулагдсан, Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Энэ гэрээ 2011 оны 3 сарын 19-ний өдөр байгуулагдсан. Гэтэл өнөөдөр энэ гэрээг Монголд мэдэж байгаа хүн бараг байхгүй. Засгийн газар ч мэдэхгүй байна. Дөнгөж сая төмөр замын асуудлаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл сонслоо.  Энэ гэрээний төслийг салбарын яам нь, Төмөр замын Хэрэг эрхлэх газар ч мэдэхгүй байна. Ийм гэрээ байгуулагдсан байна материал өг, ямар учиртай юм бэ, хууль зүйн талаас нь үзье гэсэн чинь ийм мэдээлэл байхгүй  гэж худлаа хэлээд материал өгөхгүй байна. Ийм 20 хуудас нууц гэрээ байгаа. Ийм юмнаас шалтгаалаад төмөр замын ажил зогссон. “Монголын Төмөр замын дэд бүтэц” гэдэг компани Хонг Конгод байгуулагдсан гэдэг ч чухам хаана, юу хийгээд яваад байгаа нь мэдэгдэхгүй байна. Оросуудтай Тавантолгойн лицензийг барьцаалж гэрээ хэлэлцээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж ЗТБХБЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгээд тэр дэд сайд маргааш нь буцаж Бээжингийн онгоцны буудал дээр буухад нь л өчигдрийн зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэдгийг Монголын Элчин сайдын яамныхан мэдэгдсэн. Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон. Одоо Тавантолгойн гэрээнд дээр гацчихаад байгаа нь яг энэ ажилтай холбоотой юм. Шалтгаан нь Нямдорж саад болоод байгаа юм биш. Ийм хууль бус үйл ажиллагаанууд явагдаад байсан учраас би Засгийн газрын хуралдааны үеэр “Та нар ажлаа монгол төрийн хуулийн дагуу явуулах ёстой шүү. Хууль зөрчиж олон ажиллагаанууд хийгдэж байна. Хууль зөрчих юм бол эргээд Засгийн газар, асуудал хариуцсан сайд, албаны хүмүүс эвгүй байдалд орно шүү. Наадах чинь асар өндөр өртөгтэй төсөл. Үүнийгээ тендер шалгаруулж явуулдаг шугамаараа явуулаарай гэж хэлээд дийлээгүй, ийм юмнууд хийгдсэн. Тэгээд сүүлд нь бензин нь дуусаад ирэхлээр Нямдоржоос болж төмөр замын ажил гацсан гэдэг худал мэдээлэл тарааж амиа хаацайлж байгаа явдал гэдгийг хэлье. Миний яриад байгаа 20 хуудас гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100  км төмөр зам тавина, нэг км төмөр замын өртөг нь 2,1 саяас 2,5 сая доллар байна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй ажлыг тендергүйгээр, тэгээд гэрээг нь нууцаар байгуулаад хийх тухай асуудал ардчилсан Монголд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм зүйл хэрхэвч байж таарахгүй. Хоёрдугаарт  тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам тавина гэсэн заалт оржээ. Ингэж тооцох юм бол лав л миний үед Гашуунсухайт, Нарийнсухайтаар төмөр зам тавигдахгүй нь ээ. Би хувьдаа бол  Гашуунсухайт Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавих ёстой гэсэн хатуу байх суурьтай. Засгийн газрын хуралдаан болгон дээр би энэ тухай ярьж байгаа. Ийм хэмжээний нүүрсийг машинаар ачих асуудал байхгүй шүү. Ямар ч автозам бариад нэмэр байхгүй. Тийм ч учраас энэ асуудлаа Засгийн газрын хуралдаанд хурдан оруулж ир гэдэг. Оруулж ирдэггүй байсан нь энэ нууц гэрээнд оршино оо.

 

2008 онд С.Баяр  Ерөнхий сайд байх үед  ГашуунСухайт  чиглэлийн 240-оод км, Нарийнсухайт  чиглэлийн  45 км зам тавих зөвшөөрөл олгогдоод холбогдох компаниуд гэрээгээ байгуулаад, туузаа хайчлах гэж байхад нь таслан зогсоосон. Таслан зогсоосон үндсэн шалтгаан нь Тавантолгойн ордын үндсэн лицензийг бусадтай хамтран ашиглах, үүнийгээ далимдуулж  Төмөр зам барьсан нэр зүүх зэрэг улс төрийн шалтгаанаар энэ ажил зогссон. Тэгээд энэ асуудлыг ил яриад эхлэхээр Ц.Нямдорж 300 машин урагшаа явуулж, зам зогсоолоо гэсэн яриа гаргаад эхэлсэн.

 

Хоёрдугаар асуудал нь Орон сууцны хөтөлбөрийн тухай. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар зүтгэж байгаа нь үнэн. Харин би энэ асуудалд ямар нэг саад учруулаагүй гэдгийг хатуу хэлье.

Ярьж байгаа юм нь дахиад л хуулийн асуудал. Х.Баттулгын орон тооны бус хуулийн зөвлөх Ууганбаяр гэдэг хүн урагшаа явж, 300 сая ам.долларын зээлийн гэрээнд оролцсон байдаг.  Энэ мөнгөөр Шинэ яармаг гэдэг хороолол барихаар болж,  Монголын талын оролцогч нь энэ Ууганбаярын хувийн компани болох “UB” гэдэг компани болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл сайдын зөвлөх хүн урд очиж яриа хэлэлцээ хийгээд, тэгээд тэр гэрээндээ монголын талын компани нь минийх гэж гэрээ хийгээд ийм шийдвэр гаргуулсан байдаг. Үүнийг нь би эсэргүүцсэн. З00 сая ам.долларын гэрээ байгуулах гэж байгаа бол хуулийн хүрээнд,  тендер шалгаруулах журмаар явуул, шударга байцгаая л даа гэдэг асуудлыг тавьсан. Ерөнхийлөгч шударга байцгаая гэдэг биз дээ.

Яриан хэлэлцээ хийсэн хүн нь өөрийн хувийн компаниа хэрэгжүүлэгч болгоод ирж байгаа нь хуулинд харш гэдэг асуудлыг  л тавьсан хэрэг.

Ийм зүйлүүд болоод төлөвлөсөн эдгээр ажлууд гацчихаад байна.  Мөн энэ компани нь Хөгжлийн банкны тавьсан шаардлагыг биелүүлж, аудитын шалгалт хийлгээгүй гэдгийг Хөгжлийн банкныхан нотолсон. ЗТБХБЯ-наас  ирсэн олон удаагийн бичигт хууль журмын дагуу ажлаа хийгээрэй, та нар хууль зөрчиж байна, боловсруулалт нь шаардлага  хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгээ орох гэж байна шүү , үүнийгээ болиорой гэдэг асуудлыг тавьсан. Төр хууль хоёр мөнх шүү, хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй, хуулийн дагуу ажилла гэдэг ганцхан зарчмыг л би ярьсан.

Тухайлбал, төмөр замын төслийг Миханзе гэдэг компаниар хийлгэж, түүний зардалд 15 сая орчим ам.доллар төлнө гэсэн бичиг баримт бүрдүүлээд Хөгжлийн банкинд өгсөн байдаг.  Тэр 15 сая ам.доллар дотор 2.5 сая ам.долларыг Баттулгын зөвлөх Ганбатын компанид өгөхөөр тусгасан байдаг. Хуулийн зөвлөгөө өгсөн гэдэг шан харамж юм байх. Би үүнийг болохгүй гэж байгаа. Ямар гээч өртөгтэй хуулийн зөвлөгөө юм, яахаараа сайдын зөвлөх нэртэй хүн үүнийг тендергүйгээр авдаг юм, өөр хуулийн зөвлөгөө өгдөг компани байгаагүй юм уу гэдэг асуудлыг л тавьсан. Одоо тэр Шинэ яармаг орон сууцны хорооллын тоон дотор маш сонин зүйлүүд их бий. Би үүнийг өөрөө зохиож яриагүй шүү гэдгийг хэлье. Хөгжлийн банкаас Сангийн сайд асан С.Баярцогтын  нэр дээр ирүүлсэн албан бичигт үндэслэн ярьж байна. Эхлээд 6500 айлын орон сууц гэж байснаа, хөгжлийн банкинд очиж баталгаа гаргуулах үед 3995 болж буурсан. Сая Сангийн сайд өмнөд хөршид айлчлах үед нөгөө  UB групп нэрээ солиод New yarmag project болж, нөгөө тоо нь 3660 болсон байх жишээний. Дахиад 300 орон сууц нь алга болсон.

Эдгээр шалтгаанаас болж ярьж байгаа асуудлууд гацаад байна. Хөгжлийн банкны  ТУЗ-ын дарга Батжаргалаас Сангийн сайд асан С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт эдгээр фактууд байна. Та нарт өгье. Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх гээд  санхүүгийнхээ 3 жилийн тайланг хуулийн дагуу гаргаж өгнө үү гэсэн шаардлагыг тавьсан чинь гаргаж өгөлгүй байсаар сүүлдээ нэрээ өөрчлөөд,  орон сууцныхаа тоог багасгаад өөр нэртэй нэг эзэнтэй компани болоод орж ирж байна.

Би олон хамтарсан Засгийн газарт ажиллаж байсангүй.  Яг үнэнийг хэлэхэд ийм дайны луйвар гаргахгүй гэж л би тэнд суудаг. Ядаж Засгийн газар нь луйвар хийдэггүй байх, хууль биелүүлдэг байх   ёстой гэж би хатуу боддог.

Ийм хууль бус зүйлүүд явагдаад байсан учраас би байр сууриа хатуу илэрхийлж байсан гэдгийг хэлье.   Ууганбаяр болон Ганбат гэдэг хүмүүсийн Х.Баттулгын зөвлөхөөр томилогдсон тушаалууд энд байна. Эдгээрийг төр олон нийтэд мэдээлэх цаг болсон гэж бодож байна. Цаашид ийм зүйл төр засагт байж хэрхэвч болохгүй гэж бодож байна. Ажил хохироож байна, улс хоорондын харилцааг хохироож байна, ил далд зувчуулалт явагдаж байна. Ийм л учиртай юм. Албан ёсоор энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулах биз ээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top