Өндөр үнэтэй байр захиалахгүй байхыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12

 Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн улиралд мах болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, орон сууцны одоогийн ханш хэр бодитой байгаа талаар  хийсэн судалгаагаа олон нийтэд танилцууллаа. Тэдний судалснаар мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, байрны үнэ зах зээлийн бодит үнээсээ хэт өндөр, хөөстэй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Мөн сүүлийн үед шатахууны үнэ буурч эргээд хуучин хэвэндээ орсон ч түүнийг дагаад өссөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, такси гэх мэт үйлчилгээний үнэ  буухгүй байгааг ч энэ үеэр хэлсэн юм. Тус холбооноос шинээр барьж буй тэр дундаа  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үнэ зарагдах бодит үнэ хэд байх боломжтойг судалж үзжээ.  Ингэхдээ Засгийн газрын 336 дугаар тогтоол буюу “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, жишгийн үнэлгээг батлах тухай” тогтоолд заасан үнэлгээнд тулгуурлаж орон сууцны үнэ бүтэж буй аргачлалыг нарийвчлан авч үзэж хийсэн гэнэ. Мөн орон сууцны үнийн өсөлтийн  талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар ярихдаа “Энэ судалгаагаар бол орон сууцны ам метрийн бодит үнэ 900.000- 960.000  төгрөг байх боломжтой гэж гарсан. Гэтэл ноднин, энэ жил ч гэсэн орон сууцны үнэ дунджаар 1.2-2.8 сая  төгрөгийн хооронд байгаа юм. Энэ нь тэгэхээр эдийн засгийн бодит үнэ биш, хөөстэй байна гэсэн үг” хэмээсэн юм. Тиймээс өндөр үнэтэй байр захиалахгүй байхыг уриалсан юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top