“Хувьцааны алтан гурвалжин”
“Chinalko” буюу “Aluminum Corporation of China Limited” гэдэг нэр Монголын хэвлэлүүдэд “Оюу толгойн” гэрээ байгуулагдахын өмнө олонтаа дурдагддаг байснаа хэсэг мартагдсан. Харин өнөөдөр энэ компанийн нэр “Chinalko” биш “Chalko” нэрээр дахин олонтаа гарах боллоо.
БНХАУ-ын төрийн өмчийн “Chinalko” корпорацийн охин компани болох “Chalco trading” Монгол улсад 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр өгч Тавантолгойн нүүрсийг таван жилийн турш авах гэрээг “Эрдэнэс МГЛ” компанитай байгууллаа гэх албан мэдээний дараа Хятадын сонирхол “Оюу толгойн” гэрээ байгуулагдсаны дараа ч энэ чиглэлд буураагүй юм байна гэж дүгнэхэд хүргэлээ.“Оюу толгойн” гэрээний өмнө тус ордыг хамгийн их сонирхож байсан компани бол “Чайналко” байв. Хятадын өнгөт металлын энэ гоёмсог луу “Саус гоби сэндс” байтугай “Рио Тинтод” “BHP Billiton”-оос өндөр үнэ хаяж худалдаж авах шахсан. Монголын ашигт малтмалтай холбоотой асуудал бүхний “ард” энэ луугийн хайрс гялалзана.
“Чайналко” яагаад ийм хүчирхэг байдаг вэ? Уг корпораци нэртэй яам юм. “Чайналко” анх БНХАУ-ын өнгөт металлын асуудал хариуцсан яам байсан бөгөөд түүнийг орчин үеийн менежменттэй болгох зорилгоор корпораци болгон зохион байгуулсан ажээ. Тиймээс энэ корпораци бол санхүүгийн ашиг олохоос гадна Хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой юм.
“Рио Тинто”-ийн хувьцааны хамгийн том багцыг эзэмшигч “Чайналко” компани нийт хувьцааны нь 9.3 хувийг эзэмшдэг. 2008 онд энэ багцыг 14 тэрбум доллараар авсан ба хойтон жил нь дахин 19,5 тэрбум ам.доллараар багцаа 22 хувь хүргэхээр зүтгэсэн. Гэвч Австралийн "Гадаад хөрөнгө оруулалтыг хянах хороо" энэ наймааг нь зөвшөөрөөгүй тул байгуулсан гэрээнээсээ буцсаныхаа төлөө “Рио Тинто” компани “Чайналкод” 195 сая ам.доллар буюу гэрээний нэг хувьтай тэнцэх торгууль төлөөд салсан. Дэлхийн санхүүгийн хямралын улмаас хүнд байдалд орж 14 мянган ажилтнаа цомхотгож, олон уурхайгаа зарахдаа тулаад байсан “Рио Тинто” “BHP Billiton”-ий компаниа нэгтгэх саналаас татгалзаж “Чайналко”-гийн өгөөмөр саналыг хүлээн авсан боловч тэрхүү багцад АНУ-д байдаг эрчим хүчний томоохон үйлдвэр, уурхайнууд багтсан тул АНУ-ын шахалтаар наймааг буцаасан байна. Санхүүгийн талаасаа “BHP Billiton”-ы Мариус Клоперсын лоббигоор “Рио Тинто” “Чайналко”-гоос татгалзсан гэдэг.
Үүний дараахан “Оюу толгойн” гэрээ батлагдахын өмнөхөн “Айвенхоу майнз”-ын Р.Фрийдланд нарын удирдлагууд нь “Чайналко”-той хамтарч ажиллах талаар нууц хэлэлцээр хийж байсан тухай мэдээлэл гарч эхлэв. Р.Фрийдланд Монголын парламент гэрээ байгуулахгүй бол “Рио Тинтог” явсны дараа нэг тэрбум ам.долларын нөхөн олговор аваад “Чайналкотой” хамтран ажиллах санал тавьжээ. Учир нь гэрээ байгуулагдахгүй бол “Рио Тинто” “Айвенхоугаас” зээлээ буцааж аваад зогсохгүй эзэмшиж буй хувьцаагаа зарах магадлалтай байсан юм. “Рио Тинтод“ 350 сая ам.долларын зээлээ эргүүлэн төлөх, компанийх нь 10 орчим хувьтай тэнцэх 37 сая ширхэг хувьцаа биржид зарагдахаар орох, гэрээ байгуулаагүйгээс нэр хүнд унаснаар хувьцааных нь үнэ унах зэргээс шалтгаалж “Айвенхоу майнз” тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээх байв. Мөн тус компанийн хувьцааг эзэмшиж буй 17 томоохон компани хувьцаагаа яах нь тодорхойгүй байна. Ийм том бооцоонд хамаг хөрөнгөө хаясан Роберт Фрийдланд гэрээ байгуулагдахгүй бол сүйрэх байсан юм.
Аюултай ирээдүйгээс айсандаа бараг галзуурчихаад байсан Р.Фрийдланд Бээжин дэхь “Чайналко”-гийн байранд болсон уулзалтын үеэр хэрэв гэрээ батлагдахгүй бол нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөрөөр Оюутолгойн лицензийг “Чайналкод” шилжүүлэн өгөх тухай ярьсан нь УИХ-аас “Оюутолгойн гэрээг” батлахад хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
“Рио Тинто” “Айвенхоу майнз”-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болох гэрээ байгуулсныхаа дараа “Оюу толгойд” орохоор болжээ. Харин “Чайналко” “Рио Тинто”-гийн “хамгийн том хувьцаа эзэмшигч” тул “Оюу толгойд” зүтгэх ихээхэн боломж эхнээсээ л байсан юм. Гэвч хэт шунаж, 22 хувийн багцын төлөө “Рио Тинто”-гийн дөрвөн ажилтныг Шанхайд баривчилснаар харилцаа хүйтэрчээ. Энэ үйлдэл Хятадын төрийн өмчит компани ба төр хоорондын харилцан ажиллагааг харуулсан юм, өөрөөр хэлбэл “Чайналко” бол “төр” гэдгийг баталжээ.
Харин “Рио Тинтогийн” гүйцэтгэх захирал Том Албанезе “Монголын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 34 хувийн хувьцаанд халдахгүй бас “Чайналко”-г дагуулж ирэхгүй” гэсэн мэдэгдлийг хийснээр ХОГ батлагдсан. Гэрээ батлагдсанаар “Рио Тинто” 46 сая ширхэг хувьцаа нэмж авч “Айвенхоу”-гийн 19,9 хувийг эзэмшив. Үүний дээрээс “Рио Тинто” 92,1 сая ширхэг хувьцааг бусдад шилжүүлэх эрхгүйгээр худалдан авах эрхтэй болжээ. Мөн “Рио Тинто” тухайн оны 10 дугаар сарыг хүртэл хугацаатай олгосон 350 сая долларын зээлээ хувьцаа болгон авчээ. Ингэснээр “Рио Тинто” Айвенхоугийн 46.0 хувийг эзэмших болж, нийтдээ 2,3 тэрбум ам.доллар хөрөнгө оруулах хэлэлцээр хийсэн ба энэ хөрөнгө оруулалтын 95-аас доошгүй хувийг гагцхүү “Оюу толгойн” ордод оруулах болов. Харин “Чайналко” асар томоор сэтгэж “Айвенхоу майнз”-ын 46 хувийг эзэмшигч “Рио Тинто”-гийн 22 хувийг эзэмшихээр оролдсон гээч. Жижиг загасыг том загас, том загасыг аварга загас залгихын үлгэр л дээ. Лут байгаа биз.
“Оюутолгойн гэрээ” байгуулагдах явцад үүссэн “Рио Тинто” ба “Чайналко” цаашилбал БНХАУ-ын харилцааны хүйтрэл тун ноцтой мэт байлаа. “Рио Тинто”-гийн төлөөлөгчийн газрын Стерн Ху нарын дөрвөн ажилтанд БНХАУ тагнуулын болон авилгын хэрэг тусгасан бөгөөд гарцаагүй цаазын ял мэт сонсогдож байв, энэ тулгалт. Нөгөө талаас БНХАУ-ын шинэ удирдагч Си Жинпин “Оюутолгойн чиглэлд нөөц боломжоо үл хайрлахыг үүрэгдсэн байв”. Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа БНХАУ “Рио Тинто” ба “BHP billiton”-той төмрийн зах зээлд үр дүнгүй дайтсан юм.
Үүний дараа л БНХАУ “Оюу толгойн” хөрөнгө оруулалтад нөлөөлөх бүхий л боломжуудыг нарийн нямбай судалж эхэлсэн бололтой. ХОГ батлагдсаны дараахан “Оюутолгой” төслийг удирдлагыг “Айвенхоу Майнз”-аас авсан “Рио Тинто” “Чайналко”-той харилцаагаа сайжруулах алхмыг хийж, Хятадад нүүрс боловсруулах таван үйлдвэр хамтран байгуулах, үйлдвэрийн 51 хувь нь Хятадын төрийн өмчийн мэдлийнх байхаар гэрээлжээ. Хэдийгээр дэлхийн зах зээлд ялагдсан ч, Хятадад бол гол эрх мэдлийг “Чайналко” атгаж байв. Тэр утгаараа бүр Оюутолгойн гэрээнээс өмнөх “Рио Тинто”-гийн “Айвенхоу Майнз” дахь хувь эзэмшлийн өсөлт, дам дамаа “Оюутолгой” дахь нөлөөлөл улам бүр нэмэгдэх нь “Чайналко”-гийн Оюутолгойд оролцох хүслийг биелүүлж буйтай агаар нэг байв.
Оюу толгойд нөлөөлөх олон боломж байв, тэдэнд. Нэгдүгээрт цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал. Хоёдугаарт “Оюу толгойн” төслийн санхүүжилтэд чухал нөлөөтэй нүүрсний импорт, гуравдугаарт “Рио”, “Айвенхоу”-гийн аль аль нь Хятадад өөрийн алт, нүүрсний төслийг хэрэгжүүлэх сонирхолтой, Дөрөвдүгээрт “Рио Тинто” ба “Айвенхоу майнз”-ын хувьцаанб эрэмбэ. “Чайналко” хамгийн том багцыг нь эзэмшдэг ”Рио Тинто” нь “Айвенхоу майнз”-ын хувьцааны 46 хувийг эзэмшдэг үзүүлэлт нэг юм хэлээд байна. Ийнхүү хувьцааны гурвалжингийн үр дүнд “Чайналко” Оюутолгойд тодорхой хэмжээний байр суурьтай болох боломжийг харсан байна.
Ахиад нэг алхам
Хувьцааны хувь хэмжээг нэмэх оролдлого нь Авсралид бүтэлгүйтсэний дараа ч “Чайналко” цөхөрсөнгүй. “Оюу толгой” төслийн сул тал нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр муу байв. “Оюу толгой” төслийн бүтээн байгуулалт ба ашиглалтад Монголын ТЭЦ-4-ийн хэмжээний ойрлцоогоор 480 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай станц хэрэгтэй байв. Өнөөг хүртэл “Оюу толгой” цахилгаан эрчим хүчээ дизель станцаар хангаж байна. Дизелийн нийлүүлэлтийг Монголын компани хийж байна, харин Оросууд Монголд нийлүүлдэг шатахуунаараа боомилоод эхлэхээр төсөл доголдож эхэлж байгаа юм.
ОХУ Монголд тэр дундаа уул уурхайн бүсэд 100 ШТС байгуулах талаар Монголын Засгийн газартай тохиролцож чадаагүй ба Монголын Засгийн газар жилийн шатахууны импортын захиалгадаа алдаж, дутуу хийдгээс Оросууд боох гэж үздэг талтай. Өөрөөр хэлбэл Оросод дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний жилийн захиалгыг урьдчилж өгөхдөө уул уурхайн томоохон төслүүдэд хэдий хэмжээний шатахуун хэрэглэгдэх талаар бодитой судалгаа хийж чадахгүй байгаа юм. Гэтэл дизелийн хэрэглээ тооцоолшгүй ихээр өссөн, магадгүй уул уурхайнхан дизелийг захиалгаа ил хэлэх сонирхолгүй байдаг биз.
Ийм нөхцөлд төслийн удирдлагыг авсан “Рио Тинто” БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авахын тулд шугам татаж үзжээ. Гэвч цаадуул нь өгсөнгүй. Ямар “Галуут нуур” хүртэл шугам таталтай биш. Эсвэл Оросуудад 100 колонкийнхоо оронд цахилгааны шугам татаач гэлтэй ч биш, тийм ээ? Ингээд “Оюутолгой” төсөл Хятадын эрчим хүчний боомилолтод орчихжээ.
Нөгөө талаар БНХАУ-ын Засгийн газар Оюутолгойн төсөлд алдсанаа нөхөхийн тулд нүүрсний ордуудыг онилж эхэлжээ. Таван толгойд “Шинхуа” сонирхлоо илэрхийлэв. “Шинхуа” бол нүүрсний “хар луу”. “Оюу толгойн” гэрээнээс сургамж авсан Хятадууд Таван толгойд дангаар зүтгэхийн оронд АНУ-ын “Пибоди”-той хамтарч үзэхээр шийджээ. Тэр ч байтугай “Пибодийн” хувьцааг авъя энэ тэр ч гэсэнгүй. Монголд ОУВС-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Монголын эрх баригчдын араншинг сайн мэдэх Аршад Сайед гэгч Таван толгойд Хятадын зүгээс учруулах дарамт хүчтэй байгааг мэдэрсэн тул төлөөлж буй “Пибоди”-гоо “Шинхуа”-тай консорциум болгоход дургүйцээгүй байна. Гэхдээ энэ зуур “Чайналко” зүгээр суусангүй. Таван толгойн ордын нүүрсийг худалдан авах гэрээг “Рио Тинто”-гийн жишгээр хийжээ. Өөрөөр хэлбэл “Оюу толгойн” гэрээний урьдчилгаанд 250 саяыг төлсөн жишгийг баримталжээ. Гэхдээ “Шинхуагийн” олборлосон нүүрсийг “Чайналко” нь авах гэрээ байж болох уу?
Энэ 250 сая бол их аюултай. Жишээ нь “Оюу толгойн” урьдчилгаа 250 сая анх хүүгүй байснаа гэнэт өндөр хүүтэй болсон ба энэ хүү гэрээний хахууль болсон гэсэн мэдээлэл ч тархсан. Өөрөөр хэлбэл хүүг нь өгсөн компани биш манай “гэрээ байгуулахад” нөлөө бүхий этгээд авдаг. Тиймээс хүүгүй урьдчилгаанд манай саналаар хүү нэмэгдсэн байна. Хэрэв энэ зарчмыг “Чайналко” хэрэгжүүлсэн бол Монголын Засгийн газар атганд нь орсон гэсэн үг. Манай Засгийн газар дүлэгнээд байгааг харвал нэг л биш ээ. Гэхдээ Монголчууд сурсан залиа хэрэглэж, өмнөх оролцсон сайдуудыг огцруулчихаад нэмж мөнгө нэхэхээс санаа зовохгүй. Гэхдээ судалгаа сайтай бол Хятадууд огцрох сайдаар биш үлдэх сайдаар дамжина. Ялангуяа хоёр хөршийн тагнуулын байгууллагууд ихээхэн идэвхжиж байна. Өнгөрсөн жил л гэхэд улсын нууц задруулсан хэргээр таван хүн шийтгүүлжээ. Энэ жил ч үргэлжилсээр...
Өнгөрсөн оны наймдугаар сард өгсөн ярицлагадаа Д.Зоригт сайд: “Хятадын тал энэ асуудлыг (“Чайналко” “Оюутолгой” төсөлд оролцох) өндөр, дээд төвшний уулзалтууд болон Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр нэг бус удаа илэрхийлж байсан. “Оюутолгой” эсвэл "Айвенхоу Майнз" компанид хувь эзэмших хүсэлтэй байгаа юм билээ. Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын протоколд "БНХАУ-ын талаас Оюутолгой төсөлд оролцох саналыг судална" гэсэн өгүүлбэр бий. Бид үүний дагуу л ажиллана. Ер нь "Чайналко" болон БНХАУ-ын бусад компанийг нэмүү өртөг шингэсэн томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах асуудалд нааштай хандах боломжтой гэж харж байгаа” гэжээ. “Чайналко” цөхрөөгүй байгаа биз?
Зөвхөн “Рио”, “Айвенхоуг” ч биш гэрээнд оролцогч бүх талыг хамарсан ажиллагаа явуулж байв. Харин бид “Оюу толгойн” гэрээнд нэг “но” байсныг анзаарсангүй. Оюутолгойд “Рио Тинтог” орууллаа гэж бодтол үнэндээ “Оюутолгойн” хувьцааны 66 хувь “Айвенхоу майнз”ын нэрээр байгаа ба “Рио Тинто” шууд бус зам байдлаар өөрөөр хэлбэл “Айвенхоу майнз”-ын хувьцааны 46 хувийг эзэмшигчийн хувьд “Оюутолгойд” оржээ.
Ийм нөхцөлд Монголчууд “Оюу толгойн” санхүүжилтийн асуудлыг “Рио Тинто”-той бус “Айвенхоу майнз”-тай тохирох ёстой. Энэ зуур Монголын Засгийн газар “алдаа” эсбөгөөс санаатай буруу алхам хийв. Гэрээний явцад оруулах учиртай 34 хувьд ноогдох 1,8 тэрбум ам.долларыг төлөх бололцоо байсаар атал төлсөнгүй. “Рио Тинто” төслийн хөрөнгө оруулалтын 50 хувь хийгдсэн тухай пиарын дараахан “Айвенхоу майнз” бичгээр Монголын Засгийн газраас хөрөнгө оруулалтаа хийхийг шаарджээ. Гэтэл оны өмнөхөн, Сангийн сайд С.Баярцогт уг бичгийг дарж байгаад төсвийн тодотгол хийж, зэсийн үнийн өсөлтөөр хуримтлагдсан тэрбум шахам ам.доллараа “Оюутолгойд” хөрөнгө оруулалт болгохын оронд парламентын гишүүдэд тараагаад өгчихөв. Харин хөрөнгө оруулалтаа “Айвенхоу майнз” компаниас зээлжээ. Мэдээж хүүтэй. Ийнхүү Монгол Улс өдөр бүр 300 мянган ам.долларын хүүгийн өрөнд орж эхэллээ. Хүүг нь төсөл,тендер хэлбэрээр хуссан манай гишүүд төлөх үү? Үүний дараа “Оюутолгой” төслийн ажиллагаа илт доголдож эхэлсэн билээ.
“Айвенхоу майнз”-ын санхүүгийн тусгай зөвлөл Монголд зээл олгох “нигүүлсэнгүй” шийдвэр гаргасны дараа тус компанийн Монгол дахь нүүрсний компанид шуугиан дэгдэж эхлэв. Махчлан орчуулбал “Өмнийн говийн элснүүд” гэгдэх компанийн хувьцааны 60 шахам хувийг “Чайналко” худалдан авах болжээ. Нарийндаа бол манай Засгийн газар “Суас гоби сэндс” компанид нүүрс олборлон экспортлох зөвшөөрлийг хэзээ өгсөн, тэр мөнгө хаашаа урсаж байгаа талаар хүмүүс огт анзаарч байгаагүй юм.
“Саусгоби сэндс” 2011 онд 3.5 сая тонн нvvрс олборлосон ба 2012 онд найман сая, 2013 оноос хойш жил бүр 12 сая тонн нүүрсний олборлолт явуулна хэмээн төлөвлөж байжээ. Тонн нvvрсээ 59 ам.доллараар БНХАУ-д худалддаг. Тус компанийн “Овоот толгойн” уурхай манай Шивээ хvрэнгийн боомтоос ердөө 35 километр зайтай.
“Саус гоби сэндс”-ийнхэн гадаадын хөрөнгө оруулалттай компани хэрнээ яндан гэдгээрээ алдартай. Гэхдээ аргагүй, учир нь энэ компанийн нүүрсний орлого “Оюутолгойн” төслийн санхүүжилтэд зарцуулагддаг байсныг Монголчууд анзаараагүй, эсбөгөөс санаатай нуун дарагдуулж байсан юм. Чухам ийм учраас л “Чалко” чухам “Саус гоби сэндс”-ийн хувьцааг сонирхсон байна. Өөрөөр хэлбэл “Саус гоби сэндс”-ийн хувьцааны эзэмшлийн хэрээр “Оюутолгой” төслийн санхүүжилтийг “Чалко” гартаа авах байв. Энэ нь ч батлагдсан бөгөөд Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтын 1,8 тэрбум ам.долларыг зээлэх шийдвэр гаргасан “Айвенхоу майнз” хувьцааны үнэ 540 сая ам.долларыг “Оюутолгой” төсөлд оруулахаа мэдэгджээ. Энэ нь энэ наймааг буцаахгүй байхыг 1,8 тэрбум ам.долларын өртэй Монголын Засгийн газарт сануулсан хэрэг бөгөөд ихэд итгэлтэйгээр “Бидний хувьцааны наймааны асуудлыг Монголын Засгийн газарт зөвхөн мэдэгдэхэд л болно” гэж барджээ. Цаад утгаараа бол танайд зээлсэн мөнгөө ингэж олохоос аргагүй гэж байгаа хэрэг. Магадгүй энэ бол АН-ын “Эдийн засгийн хувьсгалын” эхлэл байх.
“Чалко” ахиад л алсуур тойрч бүсэлсэн ба ингэхдээ “Рио Тинто”-той ч, Монголын Засгийн газартай ч хэлэлцээрт оролгүйгээр эмзэг цэг болсон “Айвенхоу майнз”-аар дамжуулан санхүүжилтийг нь базчих шахжээ. Манай Засгийн газар Айвенхоугаас зээл авснаараа энэ давхар урхинд орчихоод байна. Огцорсон Сангийн сайдтай ямар хариуцлага тооцох вэ дээ?
Тиймээс асуудлын гол нь хагас тэрбум тонн нүүрсний нөөцтэй Овоот толгойн ордод ч байгаа юм биш, бүр алсдаа “Оюу толгойн” гэрээний хувь заяатай холбогдож байгаа юм даа. Энэ талаар Ц.Доржготов гуай их зөв томъёолж хэлсэн билээ. “Бид Хятадуудаас хэт их болгоомжилж байгаагаас дундуур нь Канадууд орж ирж манай баялгаас мөнгө олоод байна. Хэрэв бид шууд Хятадуудтай харьцдаг байсан бол тэр 540 сая ам.доллар шууд манайх болох байсан” гэж. Ямар боловч “Оюутолгой” төсөлд “Соко ойл”-ын түүх давтагдаж эхэллээ. “Оюутолгой” төслийн оролцогчдоос лав л хоёр нь “Чайналко”-гийн гарт оржээ. Одоо зөвхөн “Рио Тинто” л торгоож байна. Гэвч хэр удаан тэсэх бол?
Сэжигтэй баланс
Яг энэ үйл явцтай зэрэгцэн “Оюутолгой” төслийн өртгийг нэмэгдүүлэх санаархал газар аваад байна. “Айвенхоу Майнз” компани 66 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” төсөл тус компанийн мөнгийг шавхаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төсөлд нийт таван тэрбум орчим ам.доллар зарцуулаад байна. Гэвч эдийн засагчдын таамаглаж буйгаар анх 9.5 тэрбум ам.доллараар төсөвлөж байсан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал 13.2 тэрбум болж өсөх тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тухай дээрх мэдээ зөвхөн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” төдийгүй хувьцаа эзэмшигчдийн санааг зовоож байна” гэсэн мэдээлэл саяхан гарчээ.
Одоо 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа “Оюутолгой” төсөлд хамгийн ачаалалтай үед 14,000 гаруй ажилчин ажиллаж байжээ. Үүнээс 6000 гаруй Хятадын ажилчид юм. Гэтэл сүүлийн үед ахиад гайхалтай тоо гараад ирэв. Анх 3,5 тэрбум байснаа, гэрээ батлах үед 5,4 тэрбум ам.доллар болон өссөн төслийн өртөг одоо бүр 13,2 тэрбум болж өссөнийг харж байна уу?
Ердийн логикоор 73 хувийг таван тэрбум ам.доллараар гүйцэтгэснийг тооцвол гүйцээхэд 6,8 тэрбум л шаардлагатай атал энэ өртөг нь бүр хоёр дахин өссөн байна. Энэ хэрээр төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг төлөх ёстой Монголын талын хөрөнгө оруулалтбн хэмжээ өсөх нь дамжиггүй. Монголд ноогдох хөрөнгө оруулалт ердөө өнгөрсөн жилийн эцсээр 1,8 тэрбум байсан бол одоо 4,88 тэрбум ам.доллар болчихлоо. Энэ бол анх төслийг 100 хувь санхүүжүүлэхэд шаардлагатай хэмээн төлөвлөж байснаас ч их мөнгийг Монголчууд дангаараа хийнэ гэсэн үг. Их нарийн яривал Монголчууд “Оюу толгойд” 140 хувийн хөрөнгө оруулалт хийгээд ашгийн 55 хувийг хүртэнэ. Энэ юу гэсэн хэл вэ? Хамгийн муу мэдээгээр С.Баярцогтын хэлснээр 1,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд ашгийг 55 хувийг хүртэх байсан бол одоо энэ ашиг бүр лөөлөө болж, “Оюу толгой”-гоос алдагдал хүлээгээд гарах төлөвтэй болжээ.
Монголын талаас цахилгаан станц барихыг шаардсаны дараа төслийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн байж болзошгүй байна. Усаа үнэгүй ашиглуулж байгаа Монголчууд ахиад л асар их мөнгө нэмж төлөх болжээ. Барууныхан Монголоос “ус, эрчим хүч, ажиллах хүч” гурвыг л ашиглана. “Оюу толгойд” усыг үнэгүй, ажиллах хүчнийг хямдхан ашиглаж байгаа бол эрчим хүчийг Хятадаас авах гэж байна. Ер нь ямар гээч ХОГ байгуулчихав аа? Хардаж байгаагаар “Оюутолгой” төслийн өртөг “Чайналко”-гийн “Рио Тинто”-д эзэмшдэг хувьцааны үнэ 14 тэрбум ам.долларт ихэд дөхөж байна. Нэг л өдөр “Рио Тинто” “Монголын Засгийн газар, парламентын зүй бус дарамтаас болж” хувьцаагаа “Чайналкод” зарчихвал бид яахав? Сайдууд гуай?
Өөрөөр хэлбэл “Рио Тинто” 14 тэрбумын үнэтэй өөрийн 9,3 хувийг Оюутолгойгоор чөлөөлж болох уу? Мэдээж өнгөн талдаа төслийн 66 хувь “Айвенхоу майнз”-ын мэдэлд хэвээрээ л байна. Монголын улстөрийн нөхцөл байдлыг харвал 2012 онд эрх баригч МАНАН тун хэцүү байгаагаас “Оюу толгой” төслийн хэрэгжилт удааширсан байна. Хэрэв сонгуулиар МАНАН бутниргүүлбэл “Рио” төслийг орхиж болзошгүй байна. Энэ бол “Рио Тинто”-гийн талаас харсан тайлбар болохоос “Чайналко” бол ямар ч нөхцөлд төслийн санаачлагыг авахыг хичээнэ.
Энэ нөхцөлтэй холбогдож “Айвенхоу”-гийн хувьцаа унаж байснаа “Чайналко”-той хийсэн гэрээний дараа хувьцааны үнэ өсөж эхэлжээ. Сайн мэдээлэлтэй гадны хөрөнгө оруулагчид “Оюу толгойд” “Рио Тинто”-гоос “Чайналко” орох нь илүү эрсдэлгүй гэж үзэж болно. Ийм нөхцөлд манай удирдагчид “Чайналко”-гийн дарамтыг суллахыг тулд “Гуравдагч хүчнээ” яаж ийгээд нухчин дарахыг оролдож байж болзошгүй байна. Гэвч ингэлээ гээд болох юм болдгоороо л болж, ирэх 10 дугаар сар гэхэд “Оюу толгой” төслийн гол санхүүжүүлэгч солигдож болзошгүй байна. Гэтэл манай гишүүдээс “ихэд сэхээрсэн нь” нүүрсээ харамласан маягийн хууль л санаачилж байх шив дээ. Харин тэр үед энэ бантанг хутгасан эрх баригчид байх эсэхийг харцгаая.
А.Баатархуяг
Сэтгэгдэл ( 0 )