Махны үнийн өсөлтөд бид өөрсдөө буруутай

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

     Тавдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг доод тал нь 23 хувиар нэмэгдүүлж, мөн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эхний ээлжийн хуваарилалт удахгүй олгогдох гэж байна.

    Гэтэл манай худалдааны байгууллагууд эдгээр мөнгөний зөвхөн сурагаар нь өргөн хэрэглээний барааны үнээ зохиомлоор хөөрөгдсөн нь ард иргэдийн хувьд, ялангуяа төрийн албанд ажилладаггүй, тэтгэвэр тэтгэмж авдаггүй хүмүүст маш хүндээр тусаж байгаа билээ.

     Одоогийн байдлаар нийслэлд инфляцийн түвшин 17.3 хувьд хүрсний 7.4 нэгж хувийг зөвхөн махны үнийн өсөлт бүрдүүлж байна. 40 сая гаруй малтай, 2.7 сая хүн амтай манай орны хувьд махны үнэ ингэж дэлгүүрийн дээврээ нэвт гараад тэнгэрт тулсан нь үнэхээр хачирхалтай. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс харахад бас л нөгөө улсаас тарааж буй халамжийн мөнгөтэй уялдаатай байна. Сар бүрийн 21000, дээрээс нь оюутан сурагчдын сургалтын төлбөрийг эх орны хишгийн мөнгөөр төлж байгаагаас малчдын эдийн засгийн хүндрэл харьцангуй багасан, малаа тэр бүр зараад байх шаардлагагүй болжээ. Үүнээс үүдэн хөдөө орон нутгаас орж ирэх мал мах хомсдон, махны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхээ байснаас инфляци нэмэгдэх шалтгаан болсоор байна.

    Инфляци ийнхүү хоёр оронтой тоогоор хэмжигдэхүйц өссөн нь МАНАН-ын бэлэн мөнгөний амлалттай шууд холбоотой нь тодорхой ба энэ утгаараа эдгээр улс төрийн амлалт өгсөн эрх баригч түшээдийг бид өөрсдөө сонгосноороо эцсийн буруутан нь СОНГОГЧИД – БИД  болцгоож байна.  

     Иймээс мөдхөн болох сонгуульд оролцохдоо намуудын мөрийн хөтөлбөртэй зориуд танилцан, мөнгөний амлалт байгаа эсэхийг нь сайтар харж байж саналаа дугуйлахгүй бол цаашид бүгдээрээ “цагаан хоолтон” ч болж  мэдэхээр.

Д. Мягмарсүрэн   Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top