Шилдэг татвар төлөгчид “Хөх дэвтэр” гардан авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 12


       Энэ жил татвар төлөгчдийн өдрүүд “Нийгмийн хариуцлагаа эрхэмлэе” уриан дор явагдаж, татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шагналаар аж ахуй нэгжүүдийг тодруулан өргөмжилжээ. Уг шагналыг “Татварын алба” үүсч байгуулагдсаны 100 жилээр буюу өнгөрсөн  жилээс эхлэн олгож эхэлсэн бөгөөд шагнал олгосон өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг ажээ. 

 Шилдэг татвар төлөгчдийг дараах шаардлагаар шалгаруулдаг юм байна. Орлого болон татвараа үнэн зөв тодорхойлсон, тайлангаар ногдсон татвараа тогтоосон хугацаанд нь улсын болон  орон нутгийн төсөвт төлж, төсвийн орлого бүрдүүлэлтэд хувь нэмэр оруулсан байх зэргийг нь онцлон хардаг аж. Мөн аж ахуйн нэгж, иргэн татварын албаны хэмжээнд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг үнэн зөв, алдаагүй гаргасан, тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн, татварын өр, төлбөрийн хэмжээ нь татвар төлөгчийн төсөвт оруулсан татварын орлогын таван хувиас хэтрэхгүй зэрэг олон шалгуураар тодруулдаг байна. 

     Түүнчлэн, тухайн татвар төлөгч өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд байж болох бөгөөд өндөр болон дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн хэрэгжүүлсэн зэрэг нөхцлийг хангасан байвал давуу тал гэж үздэг ажээ.

    Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top