Худалдаа Хөгжлийн банк Эрдэнэт үйлдвэрийн нэрийн “Т Карт”-ыг зах зээлд нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 24


Худалдаа, хөгжлийн банк  Монголын эдийн засаг, тэр дундаа банк санхүүгийн салбарын өндөр хөгжлийн илэрхийлэл болох “Монгол ГЭРЭГЭ”-ээр тамгалагдсан Үндэсний брэнд болох төгрөгийн карт буюу Т картыг зах зээлд 2012 оны 4-р сард нэвтрүүлсэн.

ХХБ нь “Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж”, “Зууны манлай бүтээн байгуулалт”-ын эзэд болсон 6,000 гаруй ажиллагсадтай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн бүхий л хэрэгцээг хурдан шуурхай хангах, орчин үеийн техникийн дэвшлийг шингээсэн цахим хэтэвч болох “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийн Т картыг Монгол улсын түүхэнд анх удаа брэнд болгон нэвтрүүлж байна. Дашрамд дурдахад “Эрдэнэт”-ээр овоглосон Т картаар Монгол улсын аль ч нутаг дэвсэрт төлбөр тооцоо хийх боломжтой юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн нэрийн Т картын нээлтийн үйл ажиллагаа 2012 оны 5-р сарын 23-ны өдөр Орхон аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Т картын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ий ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Б.Жаргалсайхан,  Ерөнхий захирлын худалдаа эрхэлсэн орлогч захирал Д.Ганбат, Санхүү хэлтсийн дарга Г.Галбаатар, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд, С.Оргодол, Эрдэнэт салбарын захирал С.Галмандах болон бусад төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.

Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн Т картын эзэмшигчдэдээ мобайл банк, мессеж банк, интернэт банк, мессеж карт үйлчилгээний эрхийг дагалдуулан олгох бөгөөд үндэсний томоохон компаниудын бараа үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцлөөр авах эдийн засгийн бодит хэмнэлт авчрах карт гэдгийг онцолсон байна.

Үндэсний Т карт нь  “Visa, MasterCard”-ийн адил олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн нууцлалтай картын бүтээгдэхүүн юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top