1234 хохирогчтой ”Бат итгэл” нийгэмлэг АТГ-т хандав

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Өнөөдөр “Глоб кредит” Хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр ШШГЕГ-ын 427 дугаар ангид өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Үүнтэй холбогдуулан “Глоб кредит” ХЗХ-ны “Бат итгэл” нийгэмлэгийн гишүүн С.Дорждулам, Д.Баасанжав, А.Алтантуяа нар мэдээлэл хийлээ.

Тэд ХЗХ-дыг төрийн оролцоотой дампуурсан гэж үзэж байна. Учир нь тухайн үед төр засаг хууль тогтоомж гарган шалгалт хийж, залилан хийсэн гэсэн үндэслэлээр Ж.Мэндбаярт 10 жилийн чанга дэглэмтэй хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураасан нь хохирогчдын хохирлыг барагдуулахад чамгүй хүндрэл учруулсан. Үүнээс болоод хадгаламж эзэмшигчид өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй юм.

Мөн түүнийг мөрдөн байцаах явцад 14.453 ширхэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг нь хурааж авсан. Гэтэл ШШГЕГ-т 9060 ширхэг эд хөрөнгө ирсэн гэж мэдэгджээ. Дээрх эд хөрөнгө нь 9.7 тэрбумаар үнэлэгдэж байсныг ШШГЕГ 2.2 тэрбум төгрөг болгох тооцоо гаргасан байна. Үүнийг хохирогчид дундаас нь завшсан хэрэг гэж үзэж буйгаа хохирогч, хуульч С.Дорждулам хэллээ. Мөн “Глоб” ХЗХ-ны асуудал гэмт хэргийн шинжтэй биш учраас иргэний хуулиар шийдвэрлэх ёстой байсан гэв.

Тиймээс хохирогчид хохирлоо гүйцэд авахын тулд Багануурын 427 дугаар ангид хоригдож буй Ж.Мэндбаярыг суллахыг хүслээ. Мөн тухайн үед “Глоб кредит” ХЗХ-ны хохирол барагдуулах ажлын албаны дарга н.Очирбат, “Глоб кредит” ХЗХ-г хариуцаж ажилласан ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч н.Энхтайван нарыг АТГ-т шалгуулахаар боллоо.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top