“Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” Эрх зүйн олон улсын форум болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын банкны холбоотой хамтран2012 оны 5 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, “Их Тэнгэр” цогцолборт “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна.

 
Танилцуулга
Энэхүү чуулган нь 2011 онд зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шудрага ёс” үндэсний чуулганы үргэлжлэл бөгөөд тус улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, эдийн засаг, бизнесийн орчны таатай өсөлтийг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулахад юуг анхаарвал зохих, энэ талаарх олон улсын дэвшилтэт туршлагыг судлах үндсэн зорилготой арга хэмжээ юм.
Эрх зүйн олон улсын энэхүү чуулганд гадаад, дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцох бөгөөд  Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэх юм.
Чуулганы албан ёсны хэвлэл мэдээллийн хамтрагчид нь “Файнаншл Таймс” сонин, “Блүмберг” телевиз байгаа бөгөөд олон улсад энэхүү чуулганы үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээнэ.
Чуулганы үеэр дотоодын төдийгүй олон улсын хэмжээнд Монголын хууль эрх зүй, бизнесийн орчны тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан дараах салбар хуралдаанууд зохион байгуулагдана:
 

Сэдэв

Монголын хууль, эрх зүйн тогтолцоо 1992 оноос өнөөг хүртэл
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын сүүлийн 20 жилийн эрх зүйн шинэчлэлийн ерөнхий дүр зураг, төлөв байдлыг хэлэлцэх болно. Ялангуяа эдийн засаг, бизнесийн салбарын эрх зүйн шинэчлэлийн үйл явц, ололт амжилт, сургамж, цаашдын алхмын талаар санал бодлоо хуваалцана.

Худалдаа ба түүний зохицуулалт
Худалдааны үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, монголын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах зорилготой дотоод гадаадын эдийн засгийн бодлогын талаар хэлэлцэнэ. Худалдааны салбарын эдийн засгийн өсөлтийг дэмжих чанарыг дэмжихүйц эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар голчлон анхаарах энэ хуралдаанаар худалдааны стандарт болон харилцан ашигтай хамтран ажиллах худалдааны харилцааны талаар ярилцана.

 
Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт
Эдийн засгийн өсөлтийг Монгол улсын эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ гадны хөрөнгө оруулагчдад ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх замаар дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэлэлцэнэ.

Банк санхүүгийн салбарын зохицуулалт
Энэхүү салбар хуралдаанаар Монгол улсын банк, санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг авч үзнэ. Үүнд 2010 оны Банкны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн давуу болон сул талтай, цаашид шаардлагатай зохицуулалт болон Монгол Улс энэ салбарт өндөр хөгжилтэй орнуудаас сурах зүйлс байгаа эсэх талаар хэлэлцэнэ. 

Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт
Энэхүү хуралдаанаар Монгол улсын болон гадаадын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцэнэ. Үнэт цаасны тухай хууль болон бусад хуулиудын ач холбогдолыг хэлэлцэж, Монголын компаниуд Хонг Конг болон Лондонгийн зах зээлд гарах үйл явцыг хэрхэн хялбар болгох, Торонто, Сидней зэрэг дунд хэмжээний зах зээлийн давуу тал юу вэ зэрэг асуудлыг ярилцана. Мөн түүнчлэн Компаниудын тухай хуулийн шинэчилсэн найруулга хувь нийлүүлсэн компанийн асуудлыг тодорхой зохицуулсан эсэхийг хэлэлцэнэ. 

Хуульч, шүүгчдийн бизнесийн маргаан шийдвэрлэх чадавх
Аливаа худалдааны гэрээг үр ашигтай, шударгаар биелүүлэх замаар эдийн засгаа дэмжихэд шүүгчид болон хуульчдын мэдлэг чадвар, чадавхи хэр байна вэ? Энэхүү хуралдаанаар мөн хуулийн сургуулийн хичээлийн агуулга дахь шинэчлэл болон шүүгчид, хуульчдын худалдааны талаар мэргэжлийн боловсролыг нь гүнзгийрүүлэх үргэлжилсэн сургалт явуулах тогтолцооны талаар хэлэлцэнэ.

Хөрөнгө оруулагчдын Due Diligence асуулгын талаар ойлголтоо нэмэгдүүлэх нь
Энэхүү семинар нь практик шинжтэй байх ба гадны хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа эрхлэхийн өмнө тухайн компанийн талаар судалгаа хийж Due Diligence явуулдаг билээ. Монгол дахь сонгогдсон компани нь яагаад хуульчидтай хамтран ажиллах хэрэгтэй вэ? Due Diligence–ийн үр дүн тухайн гадны хөрөнгө оруулагчийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг вэ? Би өөрийн компанийг ийм нөхцөлд хэрхэн бэлтгэх ёстой вэ?

Төр ба хувийн хэвшлийн түншлэл
Энэхүү хурлаар Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн загвар хэрхэн хувийн хэвшлийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашигийг нэмэгдүүлэн, өсөлтийг дэмжих талаар хэлэлцэнэ.                     

Эдийн засгийн өсөлт ба авлига
Энэхүү хурлаар улс орны эдийн засгийн өсөлтийн сүүдэр болон гарч ирж буй авлига, түүнийг хэрхэн хязгаарлах талаар хэлэлцэнэ.                     
 
Газрын тос ба байгалийн хийн салбарын зохицуулалт
Энэхүү хурлаар газрын тосны салбарын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, цаашид шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэнэ. Үүнд Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хийсэн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцана. Одоогийн стандарчлагдсан хууль тогтоомж Монголын хөгжлийн шаардлагыг хангахуйц байж чадаж байна уу? Бусад улсын үйлдвэрлэл хуваах гэрээнээс ямар ялгаатай байна вэ? Энэ салбарт Монголын хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах нь дээр үү? Шатамхай занарт тосны худалдааг Монголын хуулиар хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

Өрсөлдөөны бодлого ба зохицуулалт
Энэ хуралдаанаар бизнесийн салбарт шударга бус өрсөлдөөнийг дэмжих зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх ба үнэ тогтоох, монополист үйл ажиллагаа, үгсэн хуйвалдах болон хэрэглэгчийг хамгаалах асуудлаар ярилцана.

Арбитр болон маргаан шийдвэрлэх
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын арбитр, маргаан шийдвэрлэх хууль болон түүнийг хэрэглэж ирсэн туршлагыг бусад хууль тогтоомжтай харьцуулан дүгнэнэ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим дахь Үндэсний арбитрийн шүүх хэр ажлын ачаалалтай ажиллаж байна вэ? Хөрөнгө оруулагчид тус шүүхийг маргаан шийдвэрлэх боломжит арга хэрэгсэл мөн гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ? Монголын арбитрын тогтолцоо хангалттай итгэл хүлээлгэхүйц байж чадаж байна уу? Монгол дахь маргаан шийдвэрлэх тогтолцоог гадны орнуудтай өрсөлдөхүйц болгон сайжруулахад юу хийх шаардлагатай байна вэ?

Оюуны өмчийн зохицуулалт
Энэхүү хурлаар Монгол дахь оюуны өмч эзэмшигчдийн хамгааллын талаар хэлэлцэх ба энэ нь зөвхөн өндөр хөгжилтэй орнуудын санаа зовдог асуудал уу? хэрэв хэн нэг нь эзэмшлийн болон зохиогчийн эрх бүхий материалд халдсан тохиолдолд яах вэ? Монголын стандарт бусад орныхтой харьцуулахад ямар вэ?

Ерөнхий хуульчийн байр суурь: Азийн орнуудтай хамтарч бизнес эрхлэх нь: хууль зүйн хувьд хийж болох болон болохгүй алхмууд
Дотоод, гадаадын төлөөлөгчдөөс бүрдсэн ерөнхий хуульчид Азийн орнуудтай хамтран бизнес эрхлэх явцад гарч болох сорилт болон боломжийн талаар хэлэлцэнэ. Ерөнхий зөвлөл нь өөрсдийн Ази тивд хэрэгжүүлж ирсэн санхүүжилт, төслүүдийн амжилтанд тулгуурлан монголын бизнесменүүд болон хуульчид Азийн улс орнуудын эрх зүйн нарийн зохицуулалтыг хэрхэн ойлгож тэдэнтэй хамтран ажиллаж болох талаар ярилцана.

Компани, санхүүжилт болон хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахад гадны SPV ашиглах
Хөрөнгө оруулагчид яагаад SPV-г гадны хуулийн харьяанд явуулахыг илүүд үздэг вэ? Үүнээс шалтгаалан ямар хүндрэл бэрхшээл учрах магадлалтай вэ? Аль улсын хууль тогтоомжийг илүүд үздэг вэ, яагаад? Монгол Улсын хувьд эдгээр улсын хууль тогтоомжийг дуурайх хэрэгтэй юу? Хэрэв тийм бол түүний давуу болон сул тал юу вэ?
Энэхүү чуулганы үр дүнд манай бодлого боловсруулагчид, хуульчид, ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөгчид, иргэд Монгол Улсын бизнесийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх талаар нэгдсэн ойлголттой болно гэж найдаж байна. Үүний сацуу эрх зүйн чиглэлээр цаашид авах шаардлагатай арга хэмжээнд зориулсан нэгдсэн санал, зөвлөмж боловсруулах шинэ боломж бүрдэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top