Өнөөдрөөс эхлэн 30-ныг дуустал олон улсын эрх зүйн форум болох гэж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын банкны холбоотой хамтран “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт ба эрх зүйн шинэтгэл” олон улсын чуулганыг зохион байгуулаад байгаа юм. Уг чуулган Улаанбаатар хотноо “Их Тэнгэр” цогцолборт болж байгаа бөгөөд 2011 онд зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганы үргэлжлэл аж. Энэхүү чуулган нь тус улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэжээ. Эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, эдийн засаг, бизнесийн орчны таатай өсөлтийг дэмжсэн хууль тогтоомжийг боловсруулахад юуг анхаарвал зохих, энэ талаарх олон улсын дэвшилтэт туршлагыг судлах үндсэн зорилготой арга хэмжээ юм. Чуулганд гадаад дотоодын нэр хүнд бүхий хуульчид, бизнесменүүд, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцох бөгөөд Монгол улсын эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хурдацтай өсч буй эдийн засаг, бизнесийн орчны хууль эрхийн зохицуулалт ямар байгаа талаар хэлэлцэнэ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )