“Анод”-ын хэрэг шүүхэд шилжив

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 04

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. 
Өмнө нь тус газраас энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан бол энэ удаад нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн 14 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцаж, шүүх хуралдааныг зарлах ёстой. 
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. 
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 буюу иргэдэд хувьцаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан, 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. 125 хавтас бүхий уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа юм.
 М.Өнөрөө
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top