“Хүн-Эдийн засгийн хөгжил”-ийг дэмжиж ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Арван мянган аж ахуйн нэгжийн эзэн, ажилтан, ажилчин бүрт баяр хүргэе. Учир нь, та бүхний чөлөөлөгдөх цаг ойрхон байна. Татварын хүнд дарамтаас ангижирч, олсон орлогоо өөртөө шингээн олз ашгаа нэмэгдүүлэх боломж бололцоо та бүхний өмнө ойрхон байна. Тодруулбал, Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар аж ахуйн нэгжин орлогын албан татварын босгыг 50 сая болгох хуулийн төсөл санаачлаад удаж байна. Түүний санаачилгаас харахад жилдээ 50 сая төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгж бүр ердөө нэг хувийн татвар төлөхөд л хангалттай. Энэ бол эдийн засгийн эрх чөлөө. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 16 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрийн 10 хувь нь 50 сая төгрөгөөс доош орлоготой. Тэдний татвар бүрдүүлэлтийн хэмжээ нь улсын төсөвт орж буй татварын ердөө 10 хувийг эзэлдэг. Гэхдээ улсад төлж байгаа нь бага ч гэлээ өөртөө болон ажилтан ажиллагсдадаа олгож байгаа нь бусдынхтай адил. Нэгэнт л ажил олгогч учраас тэр шүү дээ. Иймд тэдний боломж бололцоог татварын ачааллаар дарж суухын оронд улсад төлөх ёстой татварынхаа тал хувиар нэг ч болов хүнийг ажлын байраар хангахад туслах нь төрийн үүрэг юм. Энэ утгаараа Ерөнхий сайдын санаачилга Монголын эдийн засгийн хөгжлийг, үйлдвэрлэгчдийн өөдөлж дэвжих боломж бололцоог дэмжсэн хамгийн том хөшүүрэг болох нь гарцаагүй.

Тэгвэл Ардын нам ч энэ саналаас хазайсангүй. УИХ-ын сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөөс нь харахад Ерөнхий сайд С.Батболдын санал бүхэлдээ нэг амлалт болж орсон харагдсан. Энэ талаар “Нэг хувийн татварын чөлөөлөлт, хөнгөлөлт, дарамт шахалт, хүнд суртлыг багасгах, зээл санхүүгийн дэмжлэг бүгд нийлээд шинэ санаа, хичээл зүтгэл, ажлын байрыг тэтгэх аминдэмийн бодлого юм” хэмээн тодорхойлсон байсан. Цааашлаад эрхэм үйлдвэрлэгч танаас “Нэг хувийн татварт нэгдэх үү” гэдэг асуултыг асууж буй. Мэдээж нэгдэхийг хүсвэл дэмжих хэрэгтэй. Иргэн нь төрөө сонгож, төр нь иргэнээ дээдэлж байж улс хөгжих ёстой гэж үзвэл эрхэм үйлдвэрлэгч та Ардын намын саналыг хэрхэн дэмжих нь тодорхой.

Хамгийн гол нь нэг хувийн татварын цаана зөвхөн хөнгөлөлт эдэлсэн аж ахуйн нэгжийн тухай асуудал явж байгаа хэрэг биш. Татвараа хөнгөлүүлсэн үйлдвэрлэгч бүтээгдэхүүний үнийг бууруулна. Борлуулалтын компани ч тэр адилхан бараагаа хямдруулна. Зардлаа бууруулсан учраас илүү их олз ашиг олохын тулд ажилтныхаа тоог нэмнэ. Тэгэхээр нэг аж ахуйн нэгж рүү чиглэх татварын хөнгөлөлт нэжгээд хүнийг цалин мөнгөтэй, орлого ашигтай болох үүд хаалгыг нээхээрээ давуу талтай. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг 200 сая төгрөгт хүргэх мөрийн хөтөлбөр бий. Үүгээр ч зогсохгүй үндэсний үйлдвэрийн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх санал ч Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа.

Гэхдээ энэ санал анхных биш. Засгийн газраас УИХ-д дээрх хуулийн төслийг өргөн барихаасаа өмнө буюу зөвхөн өнгөрсөн онд гэхэд 16,2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид эдлүүлсэн байгаа. Хөдөө аж ахун трактор, комбайн, гурилын үйлдвэр, усалгааны тонох төхөөрөмж, бордоо, ургамал хамгаалах бодисыг 2011 оныг дуустал 30 тэрбум гаруй төгрөгийн татвараас чөлөөлсөн.

Ингэж эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой Ардын намын мөрийн хөтөлбөр дунд сонгогч таны санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэж буй дараагийн нэг амлалт бол банкны зээлийн барьцааг хөнгөвчлөх арга хэмжээ авах санаачилга юм. Энэхүү саналаар дамжаад бизнес эрхлэх бололцоо нэмэгдэж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлөх боломж нээгдэх учиртай. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, өрхийн бизнесийг дэмжих зорилгоор улсын төсвөөс олгох зээлийн хэмжээг жил бүр 150-иас доошгүй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, эргэлтийн санг нэг их наяд төгрөгт хүргэх амлалт бий. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоог дэмжихэд чиглэсэн энэ төрлийн зээл нь чамлахааргүй үр дүн өгснийг та бид мэднэ. Иймд Ардын намын “Үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хурдасгах замаар 2016 онд гэхэд нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 12000 ам.долларт хүргэх зорилтод нь биелэхгүй гэх эрсдэл байхгүй юм. Ядаж л өнгөрсөн 2008 онд 2095 ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөрвөн жилийн дараа буюу 2012 онд 5000 ам.доллар болж өссөнөөр дээрх амлалт баталгаажих нь ойлгомжтой.

Энэ бол эдийн засгийн боломж бололцоог урин дуудаж, урьдчилан төлөвлөж буй Ардын намын мөрийн хөтөлбөрийн “Хүн-Эдийн засгийн хөгжил” дэд хэсгийн цөм нь. Амжилтын эхлэл нь зөв төлөвлөх явдал. Тийм ч учраас ирээдүйн дөрвөн жил Монгол Улсын эдийн засгийн хөгжил бүхэлдээ эрх чөлөөгөөр хангагдаж, боломж бололцоогоо дайчилсан бүтээлч өсөлтийн жилүүд байх нь гарцаагүй. Нэг хувийн татвар, 200 саяын босго...гэх мэтээр иргэд рүү, баялаг бүтээгч рүү чиглэсэн хөнгөлөлт, чөлөөлөлтөөс харахад тэр шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top