Засгийн газрын 2008-2012 оны хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд “Хүний хөгжил сан”-гаас оюутны сургалтын төлбөрт 500 мянга, иргэн бүрт cap бүр 21 мянган төгрөгийн хишиг, хувь энэ сард дуусах билээ. Тэгвэл Хүний хөгжил сангаас цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх, тус сангийн талаар баримтлах бодлого, чиглэл хэрхэн өөрчлөгдөх талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөртэй ярилцлаа.
-’’Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа хишиг, хувь олголт энэ сард дуусч байгаа. Иргэдэд бэлэн мөнгө олгож байгаа энэ үйл ажиллагаа хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Юуны өмнө "Хүний хөгжил сан”-гийн одоогийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгье. Анх 2009 онд УИХ-аас “Хүний хөгжил сан”-гийн тухай хууль баталсан. Хуулийн хүрээнд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээг 2010-2012 онд хэрэгжүүлж, иргэдэд бэлэн мөнгө, оюутны сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртээж ирсэн. Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн дагуу ЭМД-ийн шимтгэлийг төрөөс хариуцан төлж байна. Засгийн газрын 2010 оны 84 дүгээр тогтоолоор 2010-2012 онд тус сангаас иргэн бүрт 500 мянган төгрөг бэлнээр, үе шаттайгаар олгохоор тогтоосон. Ингэснээр 2010 онд иргэд 50, 70 мянган төгрөгийг, 2011 онд cap бүр 21 мянга, 2012 оны эхний таван сард 21 мянга, зургадугаар сард 23 мянган төгрөг олгож бүрэн хэрэгжүүлж дуусч байна. Үлдэж буй нэг сая төгрөгийг оюутнууд 2010-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэлх төгрөгийг бэлнээр энэ оны II улиралд гурав хувааж олгож дуусгана. Ингэснээр нийт 140 гаруй мянган оюутан, 204.2 мянган ахмад настан, 130 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авах нөхцөлийг бүрдүүлж ажиллалаа.
-Бусад иргэдийн хувьд 1.5 сая төгрөгөө бүрэн авч чадах уу?
-Хамтарсан Засгийн газрын үед УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоол батлагдаж иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг сая хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг эзэмшүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоол батлагдаж иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх, урьд өмнө “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн, мөн нэг сая төгрөг бэлнээр авч байгаа бол түүнд ногдох хувьцааг суутган тооцох замаар асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэв иргэд хүсвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалж эхлэх өдрөөс өмнө сайн дурын үндсэн дээр зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь буюу сая төгрөгөөр худалдах боломжтой байгаа.
-’’Хүний хөгжил сан”-гаас олгож буй хишиг, хувийн мөнгийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-’’Хүний хөгжил сан”-гийн тухай хуулиар тус сангийн эх үүсвэрт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого, ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа мөнгө, зээлийн тодорхой хэсгээс бүрдэхээр зохицуулсан байдаг.
-Өмнөх онуудад “Хүний хөгжил сан”-д төлөвлөсөн мөнгөө бүрэн төвлөрүүлж чадсан уу. Санд мөнгө төвлөрөхгүй саатах тохиолдол урьд өмнө гарч байсан шүү дээ?
-’’Хүний хөгжил сан”-д ямар эх үүсвэрээс хэдэн төгрөг төвлөрүүлж, зарцуулахыг УИХ-аас шийдвэрлэдэг. Жишээлбэл, оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр УИХ-аас баталсан “Хүний хөгжил сан”-гийн 2011 оны төсвийн тухай хуулиар нийт 828.4 тэрбум төгрөгийг тус сангаас зарцуулах, үүнийг татварын орлого 253.8 тэрбум төгрөг, төрийн өмчит компанийн хувьцааны ногдол ашиг 44.0 тэрбум төгрөг, урьдчилгаа төлбөр 490.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсний үндсэн дээр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Татварын орлогын хувьд уул уурхайн компаниудын үйл ажиллагаа нь улирлын чанартай байдгаас хамаарч оны эхний улирлуудад харьцангуй бага хэмжээгээр төвлөрдөг, харин сүүлийн хагас жилд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааны идэвхжлээс хамаарч ихэнх нь төсөвт төвлөрдөг. Мөн сангийн эх үүсвэрийн 40-50 хувь нь стратегийн ач холбогдол бүхий орд ашиглахтай холбоотой томоохон төслүүдээс хамаардаг тул орлого хугацаандаа төвлөрүүлэхэд маш олон бусад гадаад хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр шалтгааны улмаас 2011 оны эхний улирлуудад сангийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдаж байсан.
-Иргэдэд Засгийн газар бэлэн мөнгө тараахтай холбоотойгоор төсвийн байгууллагуудын санхүүжилтийн мөнгийг ашиглаж байгаа, мөн Монгол банкнаас их хэмжээний зээл авч байгаа, магадгүй мөнгө хэвлүүлж байгаа гэсэн яриа байна. Энэ ер нь үнэн үү?
-Бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээх ажлыг уг сангийн орлогоор хэрэгжүүлж байгаа. Гэхдээ дээр дурьдсан шалтгааны улмаас cap, улирлын шинжтэй түр зуурын орлого, эх үүсвэр дутагдсан тохиолдолд Төв банкны тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газарт төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж түр хугацааны зээл олгож болдог. Энэ зохицуулалтын хүрээнд хамтарсан Засгийн газрын үед буюу онд зээл авч ашиглаж байсан. Энэ оны хувьд мөн энэ зарчмаар богино хугацааны санхүүгийн эх үүсвэрийг нөхөн ажиллаж байна.
-Энэ оны хувьд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг Засгийн газраас олгоно гэсэн. Үүнийхээ дагуу II улиралд багтаан гурав хувааж олгож байна. Нийтдээ хэдэн хүнд сая төгрөг олгох вэ?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны статистик мэдээллээр 2012 онд эрэгтэй 60 ба түүнээс дээш настай, эмэгтэй 55 ба түүнээс дээш настай 204.2 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 130 орчим мянган иргэн буюу 334.2 мянган иргэн бүртгэлтэй байгаа. Тэднээс энэ оны зургадугаар сарын 8-ны байдлаар 302.6 мянган иргэн нэг сая төгрөг бэлнээр авах хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргаагүй ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй бусад иргэдийг хувьцаагаа авах сонголт хийсэн гэж ойлгож байгаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг олгох арга хэмжээний хэрэгжилт ямар төвшинд байна вэ?
-Инфляцид үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор сая төгрөгийг улиралд багтаан гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн есөн дүүргийн 118 орчим мянга, орон нутагт 184 мянган иргэний 330 мянган төгрөгийг энэ сарын 8-ны байдлаар бүрэн олгосон. Тэдэнд хоёр дахь ээлжийн 330 мянган төгрөгийг энэ сарын 22-ны байдлаар бүх аймаг, нийслэлд олгохоор Сангийн яамнаас санхүүжилтийг холбогдох аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд шилжүүлсэн бөгөөд эдгээр байгууллагууд арилжааны банкаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.
-Тэгвэл үлдэж буй 340 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?
-Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 28-нд 96 дугаар тогтоолоор ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг II улиралд багтаана гэж хэлэлцсэн. Үүний дагуу ажиллаж байна. Санхүүжилтийн эх үүсвэр үе шаттайгаар төвлөрч байгаа учраас аль болох хүн ам төвлөрсөн газар эхлээд олгох ажлыг зохион байгуулж байна. Нэг сая төгрөгийг гурван үе шаттайгаар II улиралд багтаан олгох төлөвлөгөөний хүрээнд, үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэхдээ иргэд зургадугаар сард багтаж авч чадаагүй бол долоо, наймдугаар сард авах бүрэн боломжтой. УИХ-аас баталсан “Хүний хөгжил сан”-гийн төсвийн тухай хуулиар энэ мөнгийг иргэд 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл авах эрх нь бүрэн нээлттэй.
-Хүндэтгэх шалтгаантай иргэд нэг сая төгрөгөө бүтнээр нь авах боломж бий юу?
-Засгийн газраас II улиралд гурав хувааж олго гэсэн. Тиймээс зургадугаар сараас өмнө бол бүтнээр нь авах боломжгүй. Харин гурав хувааж олгосны дараа магадгүй найм, есдүгээр сард авах иргэд бөөнөөр нь авах боломжтой.
-Хишиг, хувиа огт авч байгаагүй хүн дараагийн шинэ Засгийн газрын үед авч болох уу. Тухайлбал, гадаадад байгаа, бичиг баримтын зөрчилтэй иргэд мөн бичиг баримт огт авч байгаагүйгээс шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэн?
-’’Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ гэж заасан. Иймд дээрх иргэдийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад нэр нь баталгаажин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд бэлнээр олгож байгаа хишиг, хувиа авах боломжтой.
-Цаашид энэ санг ямар зорилгоор ашиглах вэ?
-’’Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн үндсэн зорилго нь ашигт малтмал, уул, уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх явдал. Гэвч иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд тус сангаас хишиг, хувь хүртээж байгаа өнөөгийн практик нь тус санд хуримтлал үүсгэх, өсөн нэмэгдэх нөөц бүрдүүлэх зорилтыг хангах бололцоо олгохгүй байна. Иймээс Уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос орж буй зарим орлогыг хуримтлуулах замаар үндэсний хадгаламж буюу баялгийн сан үүсгэх, уг санг макро эдийн засгийн тогтвортой байдлыг удирдах, өнөөгийн газрын хэвлий доорх нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг байнга өсөн нэмэгдэх санхүүгийн хөрөнгө болгон хадгалах, хойч үеийнхэнд үр шимийг нь хүртээх чиглэлээр олон улсын туршлагад нийцүүлэн хуримтлалын сан бий болгоно. Сангийн хөрөнгийг ирээдүйд бий болох санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглүүлэхээр тооцож, санг өөрчлөхөөр холбогдох хуулийн төслүүдийг Сангийн яамнаас боловсруулж, 2013-2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй уялдуулан эдгээр хуулийн төслүүдэд санал авах, хэлэлцүүлэх шатанд явж байна.
-Баялгийн сан, хуримтлалын сан гэж юу болох талаар манай уншигчдад товч ойлголт өгөхгүй юу?
-Улс орнууд баялгийн сангаа ихэвчлэн төлбөрийн тэнцлийн илүүдэл, төсвийн ашиг, валют арилжаанаас олсон ашиг, орлого болон өмч хувьчлалын орлого, түүхий эдийн экспортын орлогоос бүрдүүлдэг. Баялгийн сан нь ихэвчлэн төрийн өмчит хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилладаг. Энэ төрлийн сан нь олон улсын зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, тухайлбал хувьцаа, бонд, үнэт металл болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө байршуулах хэлбэрээр тус санг арвижуулдаг. Мөн сангийн нэг онцлог нь манайх шиг эрдэс, түүхий эд экспортолдог, үүнээс эдийн засаг, төсөв нь ихээхэн хамааралтай улсын хувьд гадаад валютаар орж байгаа орлогыг эдийн засагт шууд нийлүүлэхгүй байх, уг валютын орлогоор гадаад зах зээл дээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засаг дахь хэт халалтын эсрэг арга хэмжээ авах, үнийн өсөлтийг хязгаарлах, мөн үндэсний валютын ханш чангарах болон үүнээс шалтгаалсан олон сөрөг эффектээс урьдчилан сэргийлэх давуу талтай. Баялгийн сангууд нь хуримтлалын сан, тогтворжуулалтын сан гэсэн хоёр төрөлтэй байдаг. Тогтворжуулалтын сангууд нь Засгийн газрын төсвийн орлогын. хэлбэлзлийг багасгах, үндэсний эдийн засаг болон төсвийн зарлагыг циклээс хамаарсан сөрөг нөлөөллийг бууруулах үүрэгтэй. Харин хуримтлалын буюу хадгаламжийн төрлийн баялгийн сангуудыг байгалийн болон эдийн засаг дахь өнөөдрийн нөөц, бололцоог ирээдүйд хуваарилах зорилгоор байгуулдаг. Үүнээс гадна ирээдүйд тохиолдох тодорхой бус асуудлыг шийдвэрлэх стратегийн нөөц, хуримтлал хэлбэрээр баялгийн сан үүсгэх хандлага байдаг. Энэ төрлийн сангийн жишээ бол Норвеги Улсын Засгийн газрын тэтгэврийн сан юм. Засгийн газар өнөөдрийн өндөр орлогоос хуримтлал үүсгэхийн оронд мөнгийг шууд зарцуулах нь тухайн улсын эдийн засгийг хэт халалтад оруулж, бидний сайн мэдэх үнийн өсөлтийг гааруулах эрсдэл дагуулдаг. Харин хадгалсан мөнгийг хэт бага инфляцитай үед зарцуулахад ашиглах нь боломжтой юм.
-Бас нэг асуулт байна. Сүүлийн үед төрийн сангийн данс улайлаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Үнэхээр ийм байгаа юмуу ?
-Үгүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн энэ оны тавдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 1,820.0 тэрбум төгрөг буюу 85.3 хувийн, нийт зарлага 2,224.5 тэрбум төгрөг буюу 68.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 404.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Урьд жилүүдийн практикаас харахад төсвийн орлогын бүрдүүлэлт улирлын чанартай байдаг. Төсвийн жилийн эхний саруудад төвлөрч байгаа орлогын хэмжээ нь жилийн сүүлийн саруудынхтай харьцуулахад бага байдаг. Орлогын албан татвар, НӨАТ-ын орлогын биелэлт жилийн сүүлийн саруудад харьцангуй өндөр байх жишээтэй. Мөн нөгөө талаас төсвийн зарцуулалт бас улирлын чанартай байдаг. Тухайн жилд хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын арга хэмжээ, зам барилга барих ажлуудыг урин дулааны цагт амжуулах үүднээс санхүүжилтийг нь жилийн эхний саруудад тавьдаг. Мөн нийт төсвийн байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, урсгал засвар хийх ажлуудаа 4-7 саруудад хийхээр төлөвлөж саналаа ирүүлдэг. Энэхүү орлого бүрдүүлэлт, зарлагын санхүүжилтийн онцлогоос гарч байгаа улирлын чанартай хүндрэлийг даван туулах зорилгоор жил бүрийн төсөвт тодорхой зохицуулалтыг урьдаас төлөвлөн хийж, тухайн жилийн төсөвт суулган өгдөг. 2012 оны хувьд улирлын чанартай алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат, дотоод бонд гаргахаар төлөвлөж 2012 оны төсвийн тухай хуульд тусгаснаас энэ сард 173 тэрбум төгрөгийн бондыг арилжаалаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол банкинд төрийн сангийн нэгдсэн данс 848.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Б.Цэнгэл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )