"Зоос" банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарын шүүх хурлын тов гарлаа. Тэднийг маргааш буюу энэ сарын 3-нд шүүнэ. Эдгээр хүмүүст холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон ч шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. "Зоос" банкны гэх энэ хэрэг хоёр тусдаа шалгагдаж байгаа бөгөөд тэдний хамт тус банкны захирал асан Ш.Чуданжий шүүгдэх байсан ч Өршөөлийн хуульд хамрагдсан юм. Тодруулбал, түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон.
Гэвч Өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэр гаргасан билээ. Эдгээр хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгажээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм.
М.ӨЛЗИЙ
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )