Буудайг тасралтгүй нийлүүлбэл гурилын үнэ тогтворжино

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

Томоохон захуудад 5-10 килограммаар уутлагдсан гурил хомсдож, үнэ нь нэмэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнийг дотоодын гурилын үйлдвэрүүд буудайн нөөцгүй болсон гэж тайлбарлаж байгаа. Иймд гурилын нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэн байна. Хэдий дотоодын зах зээл дээр буудайн нөөц дууссан ч Тариалан эрхлэлтийг дэмжих санд Засгийн газрын мэдлийн 200 мянган тонн буудай байгаа ажээ. Гэвч үйлдвэрүүд, Засгийн газар хоорондоо үнээ тохиролцож чадахгүйн улмаас ийнхүү хомсдсон хэвээр байна гэж “Алтан тариа” компани байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүд тариаланчдаас тонн буудайг 250-270 мянган төгрөгөөр авч байсан бол одоо Засгийн газар тонныг нь 350 мянгаар үнэлж байгаа нь ч гурилын үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. Энэ хомсдлоос гарах арга замыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үйлдвэрүүдэд буудайг тасралтгүй нийлүүлбэл зах зээл дээр гурилын нийлүүлэлт нэмэгдэж, үнэ тогтворжино гэж үзэж байгаа.

Харин Тариалан эрхлэгчдийн сан нь тонн буудайг тариаланчдаас 350 мянгаар худалдан авдагаас 50 мянган төгрөгийг тонн тутамд урамшуулал болгон үндсэндээ 400 мянган төгрөгөөр худалдан авдаг гэсэн тайлбар өгч байгаа юм. Одоогоор уг санд 210 мянган тонн буудай байгаа бөгөөд үнийг хямдруулах боломжгүй гэв. Түүнчлэн, дэлхийн зах зээл дээр тонн буудай 365 мянган төгрөгний үнэтэй байгаа аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top