“Metals mongolia”, “Coal Mongolia”, “Coaltrans Mongolia”, "Discovery Mongolia” гэсэн гаднынхан зонхилсон тэдэнд бас зориулсан уул уурхайн чуулга уулзалт хөвөрсөөр байна.
Өнөө жилийн "Discovery Mongolia-2012” Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Засгийн газрын цаг”-т Засгийн газрын төлөөлөл, Уул уурхайн сайд нь очиж зусардаагүй нь оносон мэт. Төр нь тойроод суучихсан гаднын хөрөнгө оруулагчдад “шалгалт” өгөөд суух хэр зохимжтой юм бол. Мэдээж лавтай л гоё харагдахгүй. Нэг үгээр хэлбэл, ухаж төнхөөд хамтдаа “лаг болъя” гэсэн “бадарчин” бүртээ багийн тоглолт хийх үү. Хүссэн ч, эс хүссэн ч Монголын баялаг гаднын хөрөнгө оруулагчдийн хараанд өртсөн ийм цаг үед улсаа тавиад туучихсан, газар шороогоо элэг эмтэрсэн дүр төрхтэй хойч үедээ үлдээхгүй юмсан. Хөрөнгө оруулагчид “ан” хийх гэж Монголын хамгийн үнэтэй зочид буудалд байрлаж байна. Тэд зарлагаа нөхөх гэж асар их хожоотой наймааны өмнө сүрийг үзүүлэх гэж байгаа нь тэр. Тэд дэлхийн соёл, үсрэнгүй хөгжлийн бал бурам шиг тоо амлаж, түмэн боломж, бололцооны тухай “чин сэтгэлээсээ” хөөрцөглөөд дагаж бид хөөрөөд өнгөрөх нь олонтой. Тэгвэл одоо л амьсгаа авч, сэхээ орох цаг нь иржээ.
Нэг:
Монгол Улс гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд эхний аравт багтаж байна. Түүнчлэн ашигт малтмалын салбар нь ДНБ-ий 36 хувийг бүрдүүлжээ. Үүнийг дэлхийд байхгүй бахдам амжилт хэмээн хөрөнгө оруулагчид тунхаглаж байна. Монголын эдийн засгийн цар хүрээ тэлж, 17 гэсэн өсөлтийн хувиар “шоу” хийсэн хоног хугацаа ч улирсаар бас хуучирсаар. Уг нь амны хишигтэй зон олон зоостой болох нь гэсэн найдвар бөхсөнгүй ассан юм. Амьдрал дэвжих нь, ажилтай, орлогтой аж төрөх нь гэсэн итгэл сэргэсэн билээ. Гэтэл уугуул нь бус суугуул нь ашигтай ажиллаж, цалин орлогоороо, эрх мэдлээрээ далайлгах болов. Эх орондоо бус эзний гэрт буй мэт тэвдэж, тэнгэрийн хаяа бус газар ширтэн гөлийх болов, монголчууд. Уг нь нэг л чиг зорилго, эрх ашгийн хүрээнд Монгол нутагт “болзсон” хөрөнгө оруулагчдад найр тавих шалтгаан бидэнд үгүй. Тэдэнд бид өргүй. Гэтэл өртэй үлдэх гээд байна. Үр хойчийнхоо нуруун дээр асар том ачааны хүндийг үүрүүлэх нь холгүй төрийн бодлого хэлтийж хазайлаа. Зүгээр л хөрөнгө оруулагчид сайхан амьдар гэсэн хууль эрх зүйн орчинг бий болгохын төлөө зарим нэг төрийн болон төрийн бус байгууллага тэмцэж буй билээ. Юуны төлөө, хэний төлөө гэдэг шиг л.
Дахиад л хөрөнгө оруулагч гэсэн наана “итгэлийн баг” зүүсэн хэдэн нөхөдтэй Засгийн газар нь гар барин хундага тулгах гэж үү. Ийм гэрээг зөвхөн монголчуудтай, Монголын төртэй хийж болно гэсэн ойлголтын хөшиг хаагдах цаг хэдийнээ болчихож. Өөрөөр хэлбэл, Монголын төр, монголчууд “дошин дээрээ нь эзэн байх” тоглоомын дүрмээр яагаад ажиллаж болохгүй гэж. Монгол хүн үнэ цэнэтэй, Монголын компани хүчтэй, Монгол Улс том байг л дээ. Өмнөд Солонгос үндэсний компани, хүний хөгжлөөрөө л өнөөгийн түвшинд хүрсэн гэдэг. Гэтэл гаднын компанийнхан, хүний улс миний эх орныг хөгжүүлэхээр ирээд эзэн суужээ. Энэ чигтээ л “мөнгө өгөөч, өнөөдөр л болъё. Маргааш дэлхий сөнөнө” гэсэн хандлагаар төр нь банк болчихсон ядуухан Монголын тарчиг амьдрал манантах гэж үү. Мэдээж, хөрөнгө оруулагчид мөнгөтэй. Гэхдээ Монголоо гэсэн сэтгэл зүрх хөрөнгө оруулагчдад үгүй. Ийм нэг аминчхан агаад эрх орноо гэсэн халуун сэтгэл харь холын нөхдөөс хүлээх нь бүр ч утгагүй хэрэг. Тэд нэг л өдөр яваад өгнө. Юу ч үлдээхгүй баялгийг нь ховх сороод шархтай байгаль, шаналсан зон олныг орхиод буцна.
Хоёр:
Манайх уул уурхайн салбартаа гаднын хөрөнгө оруулалтыг татах гэж байдаг бүхий л боломжоо эрж хайсан. Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хангалттай их ажлыг хийсэн гэж хэлж болно. Татвараа тэгэллээ. Тогтвортой байдлын гэрээ хүртэл байгуулах заалтыг Ашигт малтмалын хуулиндаа тусгасан. Уг хуулийн 29 дүгээр зүйлийн “Эхний таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 10 жил, 100 саяас дээш ам.доллартай тэнцэх бол 15 жил, 300 саяас дээш ам.доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна” гэсэн гурав дахь заалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл гадныханд тун хангалтгүй санагджээ. Ерөөсөө л гаднын компанид боломж, дотоодын компаниуддаа “эрүү шүүлт” тулгасаар өнөөг хүрсэн байна. Ийм зовлонг монголчууд туулж, тийм сайхан аз жаргалын амтыг хөрөнгө оруулагчид мэдэрсэн гэсэн үг.
Гурав:
Үндэсний хэмжээний 44 чухал орд байсан. Одоо ч байгаа л даа. Төрийн өмчийн гурван компанийг оруулаад 44 ордын зургааг нь Монголын компани эзэмшиж байна. Чамламаар тоо санагдаж байгаа биз. Чанга атгасан ч сэтгэл зураад болохгүй нь. Баян орны баялгийн бараг л 90 хувь нь гаднынханд буюу 38 орд дээр “түнш” багийнхан ажиллацгааж байна. Хойноос ирээд хот минийх гэдэг шиг зарчмаар тэд улайрч, бид хоосорчээ. Түүнчлэн экспортын татвар мартагдаж эхэллээ. Гэтэл манай улсад үндэсний компаниар ажил гүйцэтгүүлэх ажил үндсэндээ зогсонги болчихож. Монголчууд чадваргүй, залхуу гэсэн нийтлэг дүгнэлт биднийг газардуулсаар. Уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарт ажиллаж буй дотоодын компаниуд хангалттай түвшинд ажиллаж чадахгүй байсаар л байна. Тэд зөвхөн нэр төдийхэн үйлдвэрлэл эрхэлсээр. Бид гадныханд хаалгаа хэт томоор нээсэн учир даарч эхэлж байна. Намрын сэрүүн жавартай хамт хайрч байна. Даараад зогсохгүй, хөлдөх дээрээ тулж. Гадныханд “хайр зарлаад” олон хөнгөлөлт үзүүлснээр дотоодын компаниудынхаа өрсөлдөх чадварыг боомилж, үгүй хийх шахаж. Эдийн засгийн зүтгүүр нь уул уурхай хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн атлаа өндөр эрсдэл бүхий бизнест зориг гарган хөл тавьсан дотоодын компаниудаа хөсөр хаячихаж. Заримыг нь татвараар дээрэлхэж, далбаан дороо дараад суучихсан байна шүү дээ. Уул уурхай гэсэн том салбарт, уужимхан зах зээлийн талбарт Монголын олон олон “Оюутолгой” шиг компани тодорч гарахсан. Мэдээж, үр дүн нь сэтгэл ханамжтай өсөлт хөгжил.
Дөрөв:
Улс төрчид уул уурхайн салбарт нүүдэл хийж эхэллээ. Тэдний нүүдэл нь Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Үүнийг хөрөнгө оруулагчид үгүйсгэхийн зэрэгцээ үйл хөдлөлөөрөө Монголын хуулийг гутаах гэж оролдож байна. Дэлхийн аль ч улсад ийм л хуулийн зохицуулалт байдаг. Тиймээс гайхах, улстөрчдийг учиргүй муулах шалтгаан бидэнд алга. Харин ч баярлалаа гээд халуун алга ташилтаар шагнаж, урмын үгээр мялаахсан. Эх оронч хуульд мэхийе. Уул уурхай хөгжиж буй оронд, үндэсний том мөрөөдөлтэй Монгол Улсад хэрэгтэй хууль болохыг нь хэн хүнгүй л учирлаж байна. Саяхан болоод өнгөрсөн "Discovery Mongolia-2012" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Хайгуул, олборлолтоос хөгжил дэвшил өөд” гэсэн уриан дор болж өрнөлөө. “10 орны 1500 гаруй зочид ирсэн, Монголыг тоож байна” гэх суртал ухуулга дууссан дуустал, дууссан хойно ч түгэв. Чуулганы гол санаа нь гаднынханд боломж олгох. “Монголд уул уурхайн салбар хөгжсөний 90 жилийн ойд” гэх сайхан уриа бүхий чуулга уулзалт нэг эрх ашиг, нэг талд л үйлчлээд өнгөрдөг болохыг жирийн иргэд тэр бүр мэдэхгүй. Арван жилийн замналтай дэврүүхэн, өөдрөг төсөөллөөр дүүрэн чуулга уулзалтаас түүчээлэх “сайн дурын уулзалт”-аар Монгол Улс бялхаж байна. Түүнийг шингээх, багтаах байр сав ч алга. Түүнд очих Монгол хүн ч бараг алга. Монголын хуулийн арчаагүйг, төрийн хямрал болсонг, улс төрчдийн мэдлэг нимгэнг илхэн агаад далд егөөдөх чуулга уулзалтаас монголчууд залхаж байна. Монголчууд Монголоо л хүсэхийн зэрэгцээ Монголын компани торойж үлдэх бус тодрон гарч од болохыг л хүлээж байна. Баялагтай орны дотоодын баян компаниуд л эдийн засгийн баттай хундаам биш гэж үү. Эдийн засгийн зүтгүүр нь гаднын компанийн “ов мэх” бус үндэсний компанийн “ашиг шим” байхын төлөө төр засаг хичээгээсэй.
Тав:
"Discover Mongolia-2011" өнгөрсөн оны уулзалт “Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх” гэсэн нэрийн дор зохион байгуулагдсан билээ. Харин “Coal Mongolia-2012” чуулга уулзалт “Нүүрс-Монголын эдийн засгийн эрчимтэй хөгжлийн хурдасгуур” гэсэн лоозонг дэвшүүлсэн. Тэгвэл уриа, лоозонг нь харахаар уул уурхайн салбар хөгжөөд ч байгаа юм шиг. Улс орны амьдрал сөгийтэл дээшилж дэвжээд байна уу гэлтэй. Гэвч эсрэгээрээ хөгжсөөр, хөрөнгө оруулагчид Монгол баялаг дээр хөлжсөөр байна. Монголд хөрөнгө цутгах бус дотоодын хөрөнгө гадагшлах урсгал улам ч даамжирлаа. Тиймээс гаднын компанид хөл алдаж зусардах бус үндэсний компаниудаа бодлогоор дэмжин бойжуулах цаг дэргэд иржээ. Ашигт малтмалтын шинээр мэндлэх хуульдаа ч энэ төрлийн зохицуулалтыг оруулах зүй ёсны шаардлага урган гарч байна, хууль тогтоогчдоо. Монголыг Монгол хүн нь , Монгол капитал нь , Монгол компани хөгжүүлэх бус уу. Гадны хөрөнгө оруулагчдад цэлийтэл нээсэн хаалга цэмцийтэл нь сайхан засъя. Дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудынхаа дээлийнх нь захыг мушгиж сууцгаая, бүгдээрээ.
Сэтгэгдэл ( 0 )