Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д танилцуулав. Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хэрэглээний үнийн индексээр хэмжихэд 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байлгаж, цаашдаа бүр 5-7 хувь болгоно гэлээ. Монголбанкны мөнгөний шинэ бодлого мөрөөдөл үү? Энэ мөрөөдөл Монголын эдийн засгийн бодит өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол.
ИНФЛЯЦ
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2011 онд 17.3 хувиар, энэ онд дэлхийн эдийн засгийн сулралаас болж 15 хувиар өсөх бололтой. Гэвч инфляц өнгөрсөн жил 15 хувиар өсөж, энэ жил ч бас тэр түвшинд байх нь дундаж орлоготой монгол хүний амьдралын зардал энэ хэмжээгээр өссөн гэсэн үг. Тэдний худалдан авах чадвар нь бодитойгоор ноднин 2.3, энэ жил тэг хувиар л өснө гэсэн үг. Бодит орлого нь тун бага өөрчлөгдсөн тул эдийн засгийн өндөр өсөлтийг тэр хүн бараг анзаарахгүй.
Мөнгө болон бусад бүх барааны нийлүүлэлт нь нэмэгдээд, түүний хэрээр хэрэглээний барааны нийлүүлэлт өсөхгүй бол үнэ цэнэ нь буурдаг. Ийнхүү мөнгөний үнэ цэнэ буурч барааны үнэ нэмэгдэхийг инфляц гэнэ. Инфляц бол зөвхөн мөнгөний үзэгдэл бөгөөд үнийн өсөлтийг мөнгөний нийлүүлэлттэй холбож үзэх тухай Мөнгөний хэмжээний онолыг Юм, Рикардо, Милл, Фишер, Фридман нарын эдийн засагчид дэмждэг.
Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг Төвбанкны шинэ удирдлага мөнгөний нийлүүлэлтийг биш, зөвхөн инфляцийг онилон тогтвортой үнийн бодлого баримтлах нь ирж буй эдийн засгийн хямралыг даван туулахад хангалттай биш ээ.
Дэлхийн бүх Төвбанк хоёр үндсэн үүрэгтэй. Эхнийх нь, инфляц болон ажилгүйдлийг аль болох бага түвшинд байлгаж эдийн засгийн өсөлтийг дэмжих, дараах нь, үндэсний, эсвэл олон улсын эдийн засгийн хямралыг даван туулахад төлбөрийн чадварыг алдагдуулахгүй байх юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд Төвбанк мөнгөний бодлогоо, эсвэл мөнгөний үнэ (хүүг), мөнгөний хэмжээг (нийлүүлэлтийг) өөрчлөх замаар холбогдох арга хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлдэг.
ТОГТВОРТОЙ ҮНИЙН БОДЛОГО
Мөнгөний бодлогыг зөвхөн инфляц руу чиглүүлэн барааны үнийг тогтвортой байлгаж чадвал эдийн засгийн хэвийн өсөлтийг хангаж болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын адилаар зуугаад жилийн өмнө Иелийн их сургуулийн профессор Эрвин Фишер итгэж байж. Үнийн илэрхийллийг зохиож, өнөөгийн үйлдвэрлэгчийн үнийн болон хэрэглэгчийн үнийн индексийн суурийг тавьсан Э.Фишер 1929-1933 оны санхүүгийн сүйрлийг урьдчилан харж чадаагүй бөгөөд үнэт цаасанд оруулсан хувийнхаа бүх хөрөнгийг алдсан юм.
Үнэ л өсөхгүй бол эдийн засаг хэвийн гэж үзэх нь зөвхөн мөнгөний зах зээлийн богино хугацааны өөрчлөлтийг онцгойлон, урт хугацаанд нөлөө үзүүлдэг хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг тооцож чадахгүйд хүргэдэг.
Зөвхөн л үнийг тогтвортой байлгах бодлого явуулж инфляц өсөж буй цагт мөнгөний хатуу бодлого явуулахын оронд бодлогынхоо хүүг бууруулан зөөллөх нь мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх болно. Энэ нь Төвбанк “оновчгүй халамжийн” бодлогоос ухарч чадахгүй байгаа Засгийн газартай хамтарч бага ч гэсэн саарах хандлагатай байсан мөнгөний нийлүүлэлтийг тэлж, эрэлтээс үүдэлтэй инфляцийг өсгөх болно.
МОНЕТАРИСТ ДҮРЭМ
Үндэсний эдийн засгийн бодит байдлыг үнийн түвшнээс гэхээсээ мөнгөний нийлүүлэлтэд илүүтэй түшиглэн тодорхойлсон мөнгөний бодлого хэрэгжүүлэхийг монетаристууд гэгдэх Милтон Фридман болон бусад эдийн засагч ч зөвлөдөг. Тэдний зөвлөгөөг бас Монетарист дүрэм гэх бөгөөд мөнгөний нийлүүлэлтийн (М2) өсөлт нь урт хугацааны эдийн засгийн дундаж өсөлттэй ойролцоо байхыг заадаг. Жишээ нь, хэрэв Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт нь (ДНБ-ий өсөлтөөс инфляцийг хассан) хоёр хувь байгаа бол тухайн жилийн мөнгөний нийлүүлэлтийг ойролцоогоор хоёр хувь байлгана гэсэн санаа.
Энэ дүрэм Засгийн газрыг төсвийн сахилга батыг чанд сахиж, мөнгөний нийлүүлэлтийг бодит бараа, үнэт зүйлийг бүтээхтэй холбож өгөхийг шаарддаг. Яг энэ зорилгоор 1946 онд Америкийн Конгресс Ажилд авах тухай хууль (Employment Act 1946) гаргасан бөгөөд түүндээ төсвийн болон мөнгөний бодлогын гол зорилго бол бүгдийг ажилтай болгож, үнийг тогтвортой байлгах явдал гэж зааж өгчээ. Засгийн газар болон Төвбанкны хамтын ажиллагааны агуулгын зорилгыг хуульчлан тодорхойлсон нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд онцгой хувь нэмэр оруулжээ.
САНХҮҮГИЙН БОДЛОГО
Монголбанк нэгэнт инфляцийг онилж мөнгөний зөөлөн бодлого барих гэж байгаа бол мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан барааны нийлүүлэлтийг өсгөх, ажлын байрны тоо, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна. Уялдсан бодлого нь тодорхой гурван зорилготой юм. Үүнд, аль болох олон хүнийг ажилтай болгох, үнийг тогтвортой байлгах, урт хугацаанд мөнгөний хүүг бага түвшинд байлгах гэсэн томъёоллыг багтааж болно.
Монголбанкинд урт хугацаанд мөнгөний хүүг тогтвортой болгоход гол нөлөө үзүүлдэг орон сууцны зээлийн хүүг багасгах арга хэрэгсэл байхгүй учир хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг холбогдох байгууллагуудын бодлогод ч бас суулгах шаардлагатай.
Мөнгө ба хөрөнгийн зах зээлийг хамарсан санхүүгийн бодлогыг тодорхой зорилго дэвшүүлэн хэрэгжүүлбэл хувийн хэвшил шинэ ажлын байр бий болгох эрмэлзлэлтэй, өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах, бизнесээ урт хугацаагаар төлөвлөж, өргөтгөх боломжтой болно.
Засгийн газар болон Монголбанкны үүрэг бол хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагааг хангах, тэдний үйл ажиллагааны санхүүжилтийн өртгийг багасгах, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэх ёстой.
Хувийн хэвшил хөгжин бэхжих замаар тогтмол ажил, орлоготой, орлогоосоо амьдралын зардлаа хасаад тодорхой хуримтлал бий болгож чаддаг дундаж орлоготой давхраа үүсэж томрон, улмаар арван жилээр бага хүүтэй моргейжийн зах зээл бүрдэж эдийн засаг тогтвортой, бодитойгоор өсөх болно.
Монгол Улс өнөөдөр мөнгөний бодлогоо хөрөнгийн зах зээлтэйгээ уялдуулсан төсөв, санхүүгийн цогц бодлого гаргаж, хэрэгжүүлэх хөгжлийн цэгтээ ирээд зогсож байна даа.
Д.Жаргалсайхан
www.baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )