“Хадгаламжийн татвар” хэмээх үлгэр оршвой

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Арилжааны банкуудад 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд татвар төлдөг болно гэнэ ээ. Учир нь өнөөдрийн байдлаар банкуудын татан төвлөрүүлсэн хад­га­ламж 4.6 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд түүний 97 хувь нь хэдхэн хүний гарт байдаг аж.

Ингээд хадгаламжийн хүүнээс мөнгө босгож буй хүмүүсээс татвар авах нь тун зөв юм гэдэг шийдэлд хүрсэн байх юм, хууль санаачлагчид. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, бас татвар төлөх нь үнэн гэдэг ч  хадгаламжийн татвар бол арай явцуурсан мэт санагдана.

Үнэндээ монголчууд арилжааны банкуудыг мөнгө шулагчид гэж хардаг. Харин Монголын бизнес, бү­тээн байгуулалтын салбар банкуудын төвлөрүүлсэн хадгаламжаар босдог гэд­гийг мэддэггүй. Тухайлбал, барилгын салбарыг хөл дээрээ зогсоход банкуудын зээл голлох үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн дотор л гэхэд гурван их наяд төгрөгийн зээлийг барилгын компаниудад олгосон бөгөөд үүний үндсэн дээр нийслэлд шинэ орон сууц, барилга байгууламжууд босч байгаа.

Энэ хэмжээний зээл олгохын тулд иргэдээс хадгаламж татахаас өөр ар­гагүй. Гар дээр эргэж буй мөнгө нь Эрээн рүү урсаж, ирсэн бараа бүтээгдэхүүн нь хамгийн муу “хог” болдог Монгол оронд хадгаламж бол хөгжлийн цөм эх үүсвэр гэдэгтэй эдийн засагчид ч санал нийлдэг.

Мөнгө өөрөө үйл явцыг түргэсгэгч хөшүүрэг байдаг. Энэ утгаараа хад­га­ламж буюу хуримтлагдсан их хэм­жээний тэр мөнгө хурдацтай хөгжлийн гол хүчин зүйл болох учиртай. Дээрээс нь хадгаламж гэдэг нь дээр дурдсанчлан зээлийн эх үүсвэр. Харин хадгаламж, зээлийн хүүгийн зөрүү нь банкны сис­темийг тэтгэнэ. Нэг үгээр улсын эдийн засагт банкны хадгаламж шууд хамааралтай.

Гэхдээ нэгэнт том хадгаламж эзэмшигчдээс татвар авах нь тодорхой болсон учраас 100 саяас дээш хад­га­ламжтай нь барууны банкуудыг сонгох байх. Ингэх нь ч ойлгомжтой. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн сэнтийд дахин заларсан В.Путин банкны сис­темээр оролдох гэснээ больсон. Олон улс ч үүнийг харж л байсан.

Яг тэгж ажиглаж байхад нь Сан­гийн сайд асан Алексей Кудрин Ерөн­хийлөгчдөө хандаж “Хадгаламж бол Орос орны эх юм. Учир нь капиталист, өндөр хөгжилтнүүдийг бодвол дөнгөж сая жинхэнэ амьдралд хөл тавьсан Орос улсад хадгаламжаас хэрэгтэй зүйл үгүй” гэснийг дэлхий даяар өлгөн авч, шуугиж байлаа. Манай хэвлэлүүд ч энэ алдарт үгээр иш татаж байсныг санаж байна.

Дахин бодъё, 4.6 их наяд гэдэг ямар их тоо болохыг их баялгийн бараа харсан монголчууд мэддэг болжээ. Өмнө нь их наяд байтугай тэрбум гэхээр чичирдэг байсан. Харин татвараас зугатсан том хадгаламж эзэмшигчид гадаадад мөнгөө аваачиж хадгалуулбал /ингэх эрх нь тэдэнд бий/ дундаж давхаргынхан л бүтээн байгуулалтыг тэтгэхээс өөр аргагүй болно.

Харамсалтай нь, дундаж давхар­гын­ханд банкинд аваачаад хийчих их мөнгө байхгүй гэдгийг бүгд мэднэ. Зөв­хөн байр авахын тулд хойш нь хураадаг тав, арван цаас бий. Цаад үр дүнд нь 4.6 их наяд төгрөг арилжааны банкуудад хуримтлагдахгүй л болов уу.

Эцсийн дүнд иргэдийн хөлс хүч мөнгө болон хувиран, банкны санд хад­га­лагдаж, улмаар зээл болон нийгэмд очиж, бүтээн байгуулалтын дүрээр гавьяа байгуулдаг гэсэн. Тэгээд ч бая­жих эрх бүгдэд бий бөгөөд баялгаа хамгаалах ч эрхтэй, хууль ёсоор.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top