Д.Батмөнх: Quelle бол монгол брэнд

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

“Монгол ташуур” ХХК нь барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Барилгын дагалдах материалыг эх орондоо үйлдвэрлэх, ханган нийлүүлэх зорилгоор ажиллаж буй тус компанийн захирал Д.Батмөнхтэй ярилцлаа.

-“Монгол ташуур” компаниа анх хэзээ байгуулав?

-2009 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Монголд барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал Герман технологиор үйлдвэрлэсэн плитан цавуу, фасадны шавар буюу хар замаск гэж манайхан нэрлээд заншчихсан хөөсөнцрийн цавуу үйлдвэрлэдэг.

-Цавууг хэзээнээс үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн жилийн 7-р сараас эхэлсэн.

-Танай цавуу ижил төрлийн цавуунуудаас юугаараа давуу талтай  вэ?

-Олон төрлийн плитан цавуун дундаас Германы Quelle брэнд маань Эко буюу хамгийн цэвэр, байгаль болон хүнд хор нөлөө багатай технологи. Барьцалдах чадвар өндөр, хэрэглэхэд хялбар, плитагаа норголгүйгээр шууд цавуугаа түрхэж хэрэглэдэг. 10-15 минутын хооронд барьцалдаж 20-25 минутанд бүрэн хатдаг.

-Компанийн нэр их өвөрмөц санагдлаа?

-Нэгд бид Монгол. Хоёрт ташуур гэдэг бол эр зориг, хүч, оюун ухаан гэдэг үгтэй салшгүй холбоотой. Түүхийн сурвалжуудад ташуураа чиглүүлж байвал байлдан дагуулах, ташуураа  тулсан бол ядарсан, ташуураа өргөсөн бол баярласан гэж үздэг юм билээ. Энэ бүхнийг бодож компанидаа "Монгол ташуур" гэж нэр өгсөн.

-Хоёр жил гаруйн хугацаанд зах зээлд хэр танигдав?

-Бид 20 гаруй хүнтэй. Бид урдаас бараа авчраад зардаггүй, үйлдвэрлэл эрхэлдэг. “Монгол ташуур” ХХК маань үүсгэн байгуулагдсан цагаасаа үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагааг явуулсан болохоор нэлээн туршлага хуримтлуулсан. Нэгэнт үйлдвэрлэлийн процесс бэлэн болчихсон тохиолдолд бүтээгдэхүүнээ нутагтаа байршуулах, хүмүүст таниулах ажил хийж байгаа.

Quelle гэдэг маань булаг гэсэн үг. Монгол брэнд. Би өөрөө Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт төрсөн. Технологийн горим нь герман ч, монгол брэнд.  

-Барилгын материалыг өөрсдөө үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл байх юм уу?

-Манай барилгын салбарт ажилладаг хүмүүс Хятадын бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай байдаг. Компани болон хувь хүнд манай бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд Монголд үйлдвэрлэсэн гэдэг утгаараа бид баталгаа болж чадна.

-Ямар хугацааны баталгаа өгөх вэ?

-Стандартын дагуу зөв хийсэн тохиолдолд бид байшингийн настай адил баталгаа өгөх магадлалтай. Плита наах хүртэл технологитой, горимын дагуу явагддаг процесс. Сайн машиныг муу эдэлбэл дорхноо хэрэггүй болдог. Ямар ч сайн бүтээгдэхүүнийг буруу хэрэглэвэл үр дүнгүй. Аливаа зүйлийг горимын дагуу хэрэглэх юм бол насжилт урт. Тиймээс цавууг горимын дагуу хэрэглэх хэрэгтэй. Ирэх жилээс фасад хийгээд плитаны ажлыг манай компани өөрсдөө гүйцэтгэж эхлэнэ. Одоогоор хоёр гурван газар туршаад үзчихсэн. Бид бүх ажлаа өөрсдөө горимын дагуу хийж байгаа болохоор бүтээгдэхүүн болон хийсэн ажилдаа бид баталгаа өгнө. 

Ижил төстэй бүтээгдэхүүнийг муулж болохгүй.  Манай бүтээгдэхүүний хувьд нэгдүгээрт Монголд үйлдвэрлэж байгаа, хоёрдугаарт урт хугацааны баталгаа өгч чадна гэдгээрээ давуу. Барилгын компаниудын ажлыг бид бас хөнгөлж байгаа. Хоёр тонноос дээш бол өөрсдийн унаагаар хүргэж өгнө.

-Барилгын ямар компаниудтай хамтран ажилладаг вэ?

-Цавуугаа үйлдвэрлээд хагас жил болж байх хугацаанд “Шунхлай групп”, “Могул таун”, “Журамт өргөө”, “Ноёд констракшн” гээд Монголын топ барилгын компаниудтай хамтран ажиллаж байна.

-Хаагуур борлуулж байна?

-Барилгын материал зардаг бүх дэлгүүр захуудаар байгаа.

- Хоногт хэчнээн хэмжээний цавуу үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт 30-50 тонн цавуу үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Үнэ ханшийн хувьд ямархуу байх вэ?

-Импортоор орж ирж байгаа цавууны үнийг баримталж байгаа. Заавал гадаад явах шаардлагагүй, дээр нь гадагшаа гарах мөнгөний урсгалыг зогсоох сонирхолтой байгаа.

- Герман технологиор цавуу үйлдвэрлэх санаа анх яаж төрөв?

-Би Германд хэсэг хугацаанд амьдарсан. Германы барилгын материал, бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, хүнд хор нөлөөгүй Эко гэдгээрээ дэлхийд алдартай. 

-Яагаад заавал плитан цавууг сонгосон юм бэ?

-Байшин барилга бариад дуусч болно. Хүний амьдралын ахуйн хэрэглээнд плита чухал нөлөөтэй. Усанд орсон ч, хоол идсэн ч плитатай, плитаг цавуугаар наадаг. Тэр утгаараа хамгийн цэвэр бүтээгдэхүүн байх ёстой гэж бодсон.

Дашрамд хэлэхэд, дэмжиж ажилладаг “Шунхлай групп”, “Могул таун”, “Журамт өргөө”, “Ноёд констракшн”-ы хамт олондоо талархлаа илэрхийлье.

Ярилцсан Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top