Монгол Улс Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2013” судалгаанд 185 орноос 76 дугаар байрт оржээ. 2012 оны судалгаанд Монгол Улс 183 орноос 88-д бичигдэж байсан бол ийнхүү нэг жилийн дотор 10 гаруй орныг ардаа орхив.
“Монгол Улс бизнес эрхлэх орчин улам хялбар болгох гэж тасралтгүй шинэчлэл хийж байгаа нь компаниудын ажлаа урагшлуулах явцыг хялбар болгож байна” гэж Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” судалгаанд бичсэн байна.
Монгол Улс 2011-12 онд бизнестэй холбоотой гурван хуульд доорх шинэчлэлийг хийж гурван оноо нэмж авч, шинэчлэлээр тэргүүлсэн 10 орны нэг болжээ.
1. Хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахад шаарддаг дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосноор нэг оноо авсан. Монголд шинэ бизнес эхлүүлэхэд 12 өдөр хэрэгтэй хэвээр байна. Нэрээ, авах бичиг баримтаа нотариатаар баталгаажуулахаас эхлээд тамгаа авахад 12 өдөр болон 90 гаруй мянган төгрөг шаарддаг байна. Энэ үзүүлэлт долоон жилийн турш өөрчлөгдөөгүй юм.
2. Мөн зээл авсан хүн зээлийнхээ мэдээллийг шалгах эрхтэй гэдэг шинэ хуулийн заалт оруулсан нь нэг оноо нэмж өгсөн байна.
3. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тал дээр гэрээ хэлцэл хийхэд мэдээлэл бүх түншүүдэд ил тод, хүртээмжтэй байх шаардлагыг чангатгасны ачаар мөн нэг оноо нэмж авсан байна. Шинэ компанийн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монгол Улс мэдээллийг нийтлэх чанарын үзүүлэлт тав байснаа зургаа болж өсчээ.
Сингапур, Хонконг, Шинэ Зеланд улсууд бизнес эрхлэхэд хамгийн таатай эхний гурван орноор тодорсон байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )