Гадаадын 10 банк бонд авах саналаа ирүүлжээ
Монгол Улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох нь нэгэнт тодорхой болов. Ирэх он гарахаас өмнө эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бондыг гаргана. Бондын хүүгийн хэмжээг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй гэсэн яриа байгаа. Тодруулбал, Хөгжлийн банкийг байгуулахын тулд гаргасан 600 сая ам.долларын бондын хүүгээс ч бага хүүтэй дуулдана.
Одоогоор гадаадын арав гаруй хөрөнгө оруулалтын банк, мөн олон хүмүүс бонд худалдан авах саналаа ирүүлжээ. Энэ ч аргагүй биз. Тухайн улсын төр, засгийн газар баталгаа өгч байхад бондод дургүй хэн байхав. Хамгийн түрүүнд худалдаж авна. Энэ бол хамгийн найдвартай бонд юм. Бондын санхүүжилтээр, Сайншандад аж үйлдвэрийн паркийн ажлыг эхлүүлэх, 1800 км-ын урттай төмөр зам барих, зээлийн хүүг бууруулах, инфляцийг найман хувьд барих, жижиг дунд үйлдвэрийн зээлийн бодлогыг дэмжих зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Гэхдээ чухам ямар ямар төслүүдэд, хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа, бондоо хэрхэн гаргах зэрэг асуудал энэ долоо хоногт тодорхой болох аж. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны албан ёсны мэдээллээр бондыг авах эзэд нь ч тодорчээ. Урьд өмнө, Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд манай улсыг гаднаас зээл авахгүй байхыг зөвлөж байсан. Харин энэ удаа Засгийн газар өөрөө бие дааж томоохон мөнгө босгох ажлыг эхлүүллээ. Гэхдээ энэ нь Монгол Улсыг дааж давшгүй өр зээлэнд унагах нь гэсэн үг хэл дагуулж байгаа. Таван тэрбум ам .доллар гэдэг бол урьд өмнө ОХУ-д төлөх ёстой байсан их өрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Тодруулбал, манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нийт хэмжээтэй дүйцэхүйц их мөнгө юм.
АНУ-ын гадаад өр ДНБ-ий 110 хувьтай тэнцдэг
Гэвч Засгийн газар энэ их өрнөөс нэг их цочрохгүй бололтой. Монгол Улсын өр нь Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, бонд, төрийн болон орон нутгийн өмчит этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, хүү, алданги торгуулийн дүнгээр тодорхойлогдож байдаг. Саяхан Сангийн сайд хэлэхдээ, "Олон улсын аргачлал болох зургаан шалгуур үзүүлэлтээр тооцоод гарсан дүгнэлт нь өрийн тогтвортой байдал алдагдаагүй, Монгол Улс өрийн дарамтад ороогүй гэдгийг харуулж байна гэлээ. Судалгаанаас үзэхэд ойрын 15 жилд манай улсын хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 60 тэрбум ам.доллараар хэмжигдэх юм байна.
Өөрөөр хэлбэл, төмөр зам, автозам, цахилгаан станц зэргийг барьж үйлдвэрлэл өсч эхэлбэл, манай улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 30.000 ам.долларт хүрэх аж. Үүнийг одоогийнхтой харьцуулахад бараг 15 дахин их юм. Ийм тооцоо байгаа учраас Засгийн газар ирээдүйд ирэх их өрийн дарамтаас айхгүй байгаа бололтой. Гадаадын өр зээлийн ДНБ-ий 50 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг. Ирэх онд энэ харьцаа 46 хувь байхаар тооцжээ. Гэтэл дэлхийн өндөр хөгжсөн улс орнуудад энэ харьцаа манайхаас хамаагүй их байдаг аж. Тухайлбал, АНУ-ын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийнх нь 110 хувь, Английн гадаад өр 130 орчим хувьтай тэнцдэг байна. Мөн Япон улсын гадаад өр ДНБ-ээс нь даруй хоёр дахин их бөгөөд өрөөрөө дэлхийд "толгой цохидог" байна.
Бонд гаргах нь хамгийн цаг үеэ олсон алхам
Бондын хувьд хүмүүс янз бүрээр ярьж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, "Засгийн газар одоо бонд гаргах нь хамгийн цаг үеэ олсон алхам гэдэг дээр олон хүн санал нэгдэж байна. Яагаад гэвэл хөрөнгийн хомсдол үүсч, арилжааны банкуудын зээлийн чадамж муу байгаа. Түүнээс гадна монголчуудын хүсэн хүлээж буй дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй байна. Үүнийг цэгцлэхгүй бол бид өөрсдөө юм хийж, эцсийн бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэр байгуулж чадахгүй. Тэгэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Энэ бол тодорхой. Тэр бүгдийг хийж хэрэгжүүлэхийн тулд бонд гаргах саналыг Засгийн газар гаргасан. Энэ бол манайхны хувьд өмнө хийгдэж байгаагүй том асуудал.
Гэхдээ хэдийгээр эрсдэлтэй боловч бид энэ алхмыг хийхгүй бол Монгол Улсын ирээдүйн хөгжил маш бүрхэг болно. Тиймээс бид үүнийг хийх ёстой гэлээ. Тэрээр хэлэхдээ, "манай улсын хүн амын тоо цөөн ч, газар нутгийн хэмжээ асар их. Үүнийгээ хамгаалж хадгалахын тулд бид дэд бүтцээ зайлшгүй хөгжүүлэх ёстой. Дэд бүтэц гэдэгт төмөр зам, автозам, эрчим хүчний асуудал юун түрүүнд багтана. Тэр дундаа манай эрчим хүчний хэрэгцээ маш их байна. Бас төмөр зам ч чухал. Газар дор байгаа баялгаа дэлхийн зах зээл рүү гаргахад гол тээврийн хэрэгсэл нь төмөр зам гэдэг утгаараа ч тэр. Бид өөрсдийн гэсэн төмөр замыг хөгжүүлэхгүйгээр нэг их хол явахгүй. Энэ бүхнээс гадна бид хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой. Үүгээр дамжуулж улс орныхоо хөгжлийг харж болно.
Ш.Батцогт
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )