Монгол улсын эдийн засгийн салбарын үзүүлэлт

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

           Улсын хэмжээгээр 2012 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 470.5 мян.т үр тариа, 245.6 мян.т төмс, 97.8 мян.т хүнсний ногоо хурааж, 1140.0 мян.т хадлан, 33.8 мян.т гар тэжээл, 975.3 т дарш бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 46.3 мян.т буюу 23.2 хувь, үр тариа 25.2 мян.т буюу 5.7 хувиар нэмэгдэж, харин дарш 1.3 мян.т буюу 2.3 дахин,  гар тэжээл 9.3 мян.т буюу 21.5 хувь, хадлан 5.3 мян.т буюу 0.5 хувь, хүнсний ногоо 0.5 мян.т буюу 0.5 хувиар буурсан байна. 

          Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 10 сард 1776.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.8 тэрбум төг буюу 6.3 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд 35 хувийн агуулгад шилжүүлснээр зэсийн баяжмал, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.6-47.9 хувь; хиаман төрлийн бүтээгдэхүүн, гурил, малын тэжээл, сүлжмэл эдлэл, нарийн боов, архи, хивс, металл цувимал, зүсмэл материал, цэвэр ус, талх, шар айраг,  цахилгааны утас, шингэн сүү, малын мах, шахмал түлш, шавардлагын зуурмаг, бетон дэр зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7 хувиас 4.7 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

           Төмөр замын тээврээр 2012 оны эхний 10 сард 16894.3 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 3365.0 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1707.3 мян.т буюу 11.2 хувь, зорчигчдын тоо 158.6 мян.хүн буюу 4.9 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр mөмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 10 сард 347.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.6 тэрбум төг буюу 7.3 хувиар өсчээ.                

           Агаарын тээврээр 2012 оны эхний 10 сард 3385.4 т ачаа тээж, давхардсан тоогоор 654.8 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 1141.8 т буюу 50.9 хувь, зорчигчдын тоо 178.0 мян.хүн буюу 37.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 10 сард 162.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.3 тэрбум төг буюу 17.6 хувиар нэмэгдэв.

          Аюулт үзэгдэл, осол  2012 оны эхний 10 сард  3367 удаа гарсны улмаас 208 хүн амь насаа алдаж, 12.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 10 сард объектын түймэр 2878 удаа, ой, хээрийн түймэр 218 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 93 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 34 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 30 удаа, бичил уурхай, нурангины осол 24 удаа, хүчтэй салхи, шуурга 20 удаа, аянгын үзэгдэл 16 удаа, малын халдварт боом өвчин 14 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 91.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

           Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 411-ээр, амь насаа  алдсан хүний тоо 19-өөр нэмэгдэв.

         Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 10 дугаар сард  Булган аймгийн Сэлэнгэ суманд орж 36.0 мм-т  хүрчээ. Энэ оны 10 дугаар сард Ховд аймгийн Зэрэг, Дорнод аймгийн Чойбалсан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хамгийн их температур 24.0 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд хамгийн бага температур -30.0 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 25 м/с хүрчээ.

           Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны 10 дугаар сард  Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 24 удаа, 32-ын тойрог орчимд 16 удаа, Баруун дөрвөн замын орчимд 14 удаа, Офицеруудын ордон орчимд 4 удаа,   1-р хороолол орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 13-р хороолол орчимд 19 удаа, 32-ын тойрог орчимд 9 удаа, Офицеруудын ордон орчимд 8 удаа, 1-р хороолол орчимд 4 удаа, Баруун дөрвөн замын орчимд 2 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Хархорин захын орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, Баруун дөрвөн замын орчимд 7 удаа, 32-ын тойрог орчимд 2 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс тус тус давсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top