“Google translate”-д Монгол хэлийг оруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 17
УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлээ “Google translate”-д оруулах санаачлага гаргаж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал аваад байсан билээ. Дээрх санаачлагын хүрээнд парламентын тэргүүн мэдээлэл, технологийн чиглэлийн мэргэжилтнүүдтэй уулзаж “Google translate”-д эх хэлээ хэрхэн богино хугацаанд оруулж болох талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга  “Гүүгл” компанийн хайлтын системд ажилладаг н.Баттулгаас ирүүлсэн цахим захиаг уншиж танилцуулсан. Тэрбээр УИХ-ын даргын санаачлагыг твиттер хуудаснаас уншиж дэмжиж байгаагаа илэрхийлээд “Google translate”-д монгол хэлээ оруулах ямар боломж, нөхцөл байгаа талаар мэдээлэл ирүүлсэн байна. Тухайлбал, “Гүүгл” дүрэмд суурилаагүй, их хэмжээний мэдээллийн сан шаарддаг гэдгийг захиандаа дурджээ.

Монгол хэлээ “Google translate”-д оруулснаар англи, орос, япон зэрэг бусад орны хэлнээ бичигдсэн мэдээ, мэдээллийг монгол хэл рүүгээ онлайнаар хөрвүүлэн унших боломжтой болох юм. Гэхдээ хүссэн мэдээллээ дэлхийд түгээмэл хэрэглэгддэг хэлүүдээс төрөлх хэл рүүгээ хөрвүүлэн унших боломжийг бүрдүүлэхийн тулд юун түрүүнд асар олон үгсийн сан бүхий мэдээллийн сан шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс богино хугацаанд дээрх санаачлагыг хэрэгжүүлье гэвэл Bolor-toli.com-ыг эх болгож ашиглах, сайтын мэдээллүүдийг орчуулах зэрэг эхний алхмуудыг хийж болох талаар ярилцлаа. Уулзалтын эцэст УИХ-ын даргын санаачлагыг дэмжин Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа хариуцан ирэх долоо хоногт мэргэжилтнүүдийн дунд дахин уулзалт зохион байгуулах, улмаар  ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuwshuuku (202.126.91.128) 2013 оны 05 сарын 28

yasan shan medee we hurdan mongol hel opoosoi bilee

0  |  0
Top