Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли болон тус суурин төлөөлөгчийн газрын Тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Бьюкэс нартай уулзлаа.
Уулзалтаар талууд Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг 6 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 2022 оны зарлиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж буйг танилцууллаа.
Мөн уг төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан санхүүжилтийн эх үүсвэрийг өөрчлөх шаардлага үүссэнийг онцоллоо.
Сайдын зүгээс Улаанбаатар-Лүн чиглэл нь баруун аймгууд руу зорчих гол зам бөгөөд олон улсын транзит тээврийн чухал коридор болохыг дурдаж, сүүлийн жилүүдэд автозамын ачаалал эрс нэмэгдэж, энэ чиглэлд осол аваарын тоо өссөн тул уг авто замыг өргөтгөн шинэчлэх, төслийн ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байгааг хэллээ.
Мөн уг төслийн ТЭЗҮ судалгаа, зураг төсөл бүгд хийгдсэн, бэлэн байгаа гэдгийг тодотгоод, энэ төсөл нь Монгол Улсын хувьд эдийн засгийн идэвхжил, аялал жуулчлал, логистикийн урсгалыг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой тул Дэлхийн банкны зүгээс хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх боломж олгох хүсэлтийг уламжиллаа.
Ингэхдээ "УБ-Лүн чиглэлийн замыг шинэ зурагаар тавина. Уг төслийг хэрэгжүүлэхдээ зам чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн үл хөдлөх хөрөнгөд халдахгүй. Төслийг хэрэгжүүлэхдээ Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллана" гэдгийг онцлоод, бэлэн төсөлд хамтран ажиллах, ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх саналыг тавилаа.
Уулзалтын үеэр талууд төслийн урьдчилсан судалгаа, техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон авто замын өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ илэрхийлж, Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн судалгааны ажлуудтай яаралтай танилцаж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )