С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2006 оны аравдугаар сард Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргээс хойш 20 жил өнгөрсөн ч давж заалдах шатны шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд талийгаачийн аав С.Шаарийбуу Дээд шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдээд байсан билээ. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж дэмжлэг хүсэх аж. 

Малайзын Давж заалдах шатны шүүхийн хурлаар 2006 онд Ерөнхий сайд асан Нажиб Разакийн бие хамгаалагчдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл Давж заалдах шатны шүүх өмнө нь Ш.Алтантуяагийн гэр бүлийн талд гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Малайзын Засгийн газраас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2022 онд хэргийн хариуцлагыг Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда, Азила Хадри, Сирул Азхар нар хамтран үүрэх ёстой гэх шүүхийн дүгнэлт гарч байв. Гэсэн ч хариуцагч талууд хохирлын нөхөн төлбөр олгоогүй тул Ш.Алтантуяагийн гэр бүл энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар 2025 онд Малайзын шүүх Малайзын Засгийн газар болон Абдул Разак нарыг тус бүр 4.7 сая ринггитийг хохирлын нөхөн төлбөрт төлж, давж заалдах шатны шийдвэр гартал төлбөрийг урьдчилан байршуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top