Баабарын ГЕОПОЛИТИК

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Монголчууд бүгдээрээ геополитикч юм. Пивоны ширээний ард суугаа монгол эрийн дэргэд НҮБ, АНУ, Орос, Хятад, Япон, Израилийн аналитик хийгээд тусгай албад бол юу ч биш, “нусгай хүүхдүүд” юм. Гэхдээ Монгол дотроо бол “хамгийн том” геополитикч нь Баабар юм шиг байгаа юм. Тэхээр ноён Баабарын “геополитик” гэж ямар юм байдгийг аваад үзвэл монголын геополитик тодорхой болно. Тийм биз дээ…

Саяхны геополитик

2003 оны 2 дугаар сарын 26 буюу ердөө л арван жилийн өмнө Баабар “геополитикийн” дараах дүгнэлтийг хийж байсан. Олон хүн санаж байгаа байх. Хэдийгээр тэр “америк судалгаа” гэж нэр өгсөн ч гэсэн түүний өөрийнх нь дүгнэлт байгаа юм. Тэр нь ийм:

“Олон улсын тавцан дээр Орос, Хятадаас өөр өөр газрын сонирхол татахуйц газар зүйн болоод геополитикийн байрлал үгүй, гадаадын хөрөнгөө оруулалт татахуйц эрдэс баялаг, зах зээл үгүй, төр засаг нь авилгалд идэгдсэн, төрийн бүтэц нь оновчтой биш, улс төрийн намуудын аль нь ч төлөвшөөгүй, байгаль цаг уурын сүйрлийн ирмэгт тулсан, уул уурхайн олигтой нөөц одоо болтол илрээгүй, дэндүү бага зах зээлтэй, тархины зугтаалт эрчимтэй болж байгаа (боловсролтой нь гадагш дүрвэж байна), улс даяар өрнөж буй нүүдлийг зохицуулсан бодлого үгүй, засаг захиргааны нэгжийн бүтэц оновчгүй учир маш үрэлгэн, хуулийн орчин бүрдээгүй, нийгмийн дотор хөрөнгийн хувьд баян ядуу, сэтгэлгээний хувьд хөгшин залуу, оюуны хувьд боловсролтой харанхуй, соёлын хувьд хот хөдөөний гэсэн ялгаа өдөр өнгөрөх тутам ялгаран холдсон, хүн амын дийлэнхи нь өнөөгийн даяаршиж буй бодит фактын эсрэг сэтгэлгээтэй, өөрөөр хэлбэл гадагш дайсагнасан, үл итгэсэн хандлагатай, хүмүүс нь бизнесийн сэтгэлгээгүй буюу дутмаг, итгэл даах илтгэлцүүр ядмаг, сэхээтэн болон мэргэжилтнийх нь ур чадвар, өрсөлдөх чадвар дорой гэх мэт гэх мэт…”

Америкууд хийсэн судалгаагаа Соросын сангийн шугамаар цөөхөн хувь тараасныг Баабар олж аваад “баяр бахдалтайгаар” ард түмэндээ хүргэж байгаа нь энэ л дээ.

Ингээд Баабар дараах “онолын” дүгнэлт хийсэн юм.

“Сүүлийн арав гаруйхан жилийн дотор Өрнийн орнууд энэ оронд бараг хоёр турбум доллараа зарцуулжээ. Тэгэхлээр цаашид утга учиргүйгээр ийм их мөнгө үрэх нь галзуу хэрэг…”

Харж байна уу, Баабар гадаадынханд Монголд мөнгө үрэх хэрэггүй гэж хэлж байна.

“…Монгол өөрийн ардчилж байгаагаар гайхуулж хоол олж идсэн богино зурвас үе ард хоцров. Нөгөө талаас энэ орон ойрын 20-25 жилдээ өөдлөх, хямралаас гарах ямар ч найдваргүй гэдгийг судалгаа баталжээ. Гэхдээ маш шургуу хөдөлмөрлөж байж 25 жилийн хойно “хүний зэрэгт” хүрнэ”.”

Монгол мөнгөгүй байсан ч, мөнгөтэй байсан ч ноён Баабарт хараалгуулж байх ёстой гэдгийг одоо ойлгосон гэж бодож байна. Тэр үеийн “ядуу” Монголд Баабар дараах геополитикийн “онолын гарцыг” санал болгосон юм:

“Өнөө үед бид илүү ойлгодог, илүү сэтгэлд ойр, илүү дотно Солонгостой улам дөтлөн даяаршиж болохгүй гэж үү ?…Солонгостой ойр дотно ах дүү (!!!) бололцсоны дараа үеийн монголчуудад энэхүү бүсчлэл, интеграцид багтан орж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлэхэд илүү дөт, илүү амар байх болно”.

(Баабар. “Солонгос ахтай болбол ямар вэ ?” ӨС.2003.02.26. “Баабар ингэж өгүүлэв” түүврийн III дэвтэр, 230 дахь тал)

Ингээд Баабарын удирддаг Зүүн Хойт Азийн нийгэмлэг Монголыг Солонгостой АХ ДҮҮ болгох “геополитик” хэрэгжүүлэв. Үүнд АН, МАН-ын хамтран байгуулсан “Алтан гадас” байгууллага онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

“Монголын хөгжлийн 10 санаачлага” энэ тэр гэсэн хар мянган юмыг нь санах хүн олон л байгаа байх. Одоо энэ арвыг хэлэхэд л хүн ичиж үхнэ…
Эдний захиалгаар “Дорнод аймгийг Зүүн Хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцуулах боломж, арга замыг тодорхойлох” гэсэн дотроо 18 төсөл бүхий комплекс судалгааны ажил хийв. 300 мянга гаруй доллар зарцуулсан аварга төсөл болсон юм.

Сүүлдээ “Алтан гадас” Монголын улс төрийн хамгийн аймшигт байгууллага болж одоо болтол монголын улс төрийг чөтгөр шулам мэт хорлож байдаг юм. Энд би манлай хорчин Р.Гончигдорж, түүний гарын шавь С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг онцлон дурдаж байна.
Худлаа гэвэл хүн болгон “Алтан гадас” гэж ярьдаг мөртлөө чухам “Алтан гадас” гэж юу вэ гэдгийг тун цөөхөн хүн мэддэг юм.

Онолын “гаргалгаа”

“Ах дүү” бололцох “онол”-ыг их зальхай аргаар гаргаж ирсэн юм. Ингээд Баабарын “баталгааг” дагаад үзье. Эхлээд Зүүн хойт Азийн интеграци, Ази-номхон далайн интеграци гэсэн том малгай гаргаж ирэв. Үнэхээр ч энд эдийн засаг эрчимжиж, төрөл бүрийн байгууллага үүсч байгаа юм. Энд орно гэдэг буруу байхгүй, дэмжүүштэй асуудал.

Энэхүү Зүүн хойт Ази гэдэгт Солонгос, Япон хоёр бүтнээрээ, Оросын Алс Дорнодын хэсэг, Хятадын Манжуурын хэсэг, мөн Монголын Дорнод хэсэг ордог юм. Харин энд бол асуудал их түвэгтэй болно. Орос Алс Дорнодоо, Хятад Манжуураа хөгжүүлнэ гэдэг амархан, харин алдана гэж ёстой гонжгор. Харин Монгол Дорнодоо хөгжүүлэх хэцүү, алдах амархан. Энд зарчмын ихээхэн ялгаа байгаа…

Зүүн Хойт Азийн интеграци гэхээр Солонгос, Япон, Орос, Хятад, Монгол бүгдээрээ интеграцид орно гэсэн агуулга байгааг ямар ч хүн ойлгоно…
Гэтэл монгол “геополитикч” Баабар ингэж ойлгосонгүй. Шал өөрөөр “онол”-оо хөгжүүлэв.

Эхлээд тэр “интеграцаасаа” Оросыг хасав. Үүнийг нотлох шаардлага байхгүй. Ноён Баабарын амнаас гарсан хий болгон Оросыг түүх, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн байгууллаас нь эхлээд авах юмгүй болгодгийг хүн бүхэн мэднэ. Түүний “ачаар” Оросыг үзэн ядагч идэр дүү Дори нарын бүхэл бүтэн арми манайд бий болжээ.

Үүнтэй зэрэгцэн Хятадыг тэр “интеграцаасаа” хасав. Бас л үүнийг нотлох шаардлага байхгүй. Түүний “Хятадын коммунист намын сүүлчийн өдөр” өгүүлэл үүнийг хангалттай нотолно. Хятадад муу хандаж болно байх, гэхдээ бодит байдлыг гуйвуулж болохгүй. Хятад өдөр ирэх хүчирхэгжиж байгааг ямар ч хүн харж байгаа…

Ер нь бол Монгол хоёр том хөршөө хараагаад хол явахгүйг би биш, бүхий л бодит байдал, хандлага баттай харуулж байна.

Харин Японыг бол тун “сэмээрхэн” хассан юм. Баабарын дээр дурдсан өгүүллээс иш татъя: “Японы хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь…Япон Монгол хоёр нь эдийн засгийн хамтарсан түншийн хувьд хэтэрхий ялгаатай тааршгүй талууд юм. Японы жижиг үйлдвэрлэлийн ч сонирхлыг Монголын зах зээл татахгүй, эргээд Японы зах зээлийн сонирхох ганц ч зүйл Монголд үгүй. Хамтрагчийн хувьд соёлын хэт ялгаатай, нэг үгээр хэлэхэд Монголын үйлдвэрлэгчдэд Япон хэтэрхий ахдана…”

Хоёр “адилхан капиталист” улсаас яагаад Японыг “хасч” байгаа ноён Баабарын “тайлбар” ердөө л энэ байна. Ингээд японууд “хасагдаж” байгаа юм, “азгүй хогнууд”…

Ноён Баабар Зүүн Хойт Азийн 5 орноос Орос, Хятад, Япон гурвыг “уйлуулж” байгаад “хасаад хаяж” байна. Энэ гурав Баабарын “онол”-оор “орох газаргүй” болов. Тэгээд Солонгос, Монгол “ах дүү” хоёр үлдэж байгаа юм…

Баабарын Зүүн Хойт Азийн интеграци гэсэн сүртэй “онол” ердөө л хоёр улсын асуудал болж байгааг бид харж байна. Гаргалгаа нь: Монгол-Солонгос хоёр “ах дүү” бололцохыг Зүүн Хойт Азийн интеграци гэнэ. Монголын геополитик, гадаад бодлогын “тэнцвэр” гэж энийг хэлдэг. Баабарын “онол” гэж ийм л хөгийн юм байдаг юм

Энэ “онол” шинжлэх ухааны хүрээг хамран өргөжиж Хүн – Корёо хоёр нэг гаралтай гэдгийг “батлав”. Тун удахгүй Монголчууд Солонгосоос “үүссэн” гэдгийг “батална”, харж л байгаарай. Түүгээр ч үл барам энэ бузар булай “онол” улс төрийн хүрээнд нэвтэрч монголын удирдагчид дэлхийн янз бүрийн улсуудад очиж “Та нар манай хоёр дахь эх орон” (?!) гэж зарлах болов.

МОНГОЛД ХҮНД ГАНЦХАН ЭХ ОРОН БАЙДАГ !!! Ер нь ингэхэд энэ новшнуудад хэдэн “эх орон” хэрэгтэй юм ?!

“Төрөлхийн геополитикч” монголчууд Зүүн Хойт Ази гэсэн “том малгай”-г нь хараад Баабарын энэ утгагүй, арчаагүй заль мэхийг огт олж харахгүй олон жил “геополитикдэж” байна…

Хамгийн гол нь энэ “онолыг” МАН, АН олон жил баримталж, “Алтан гадас” мэтийг байгуулсан нь дэндүү шог. Баабарыг мундаг “онолч”, “геополитикч” гэж хөөрдөг, хөөргөдөг улсууд одоо Зүүн Хойт Азийн “баабарын онол”-оо яаж хамгаалахыг нь харж л байя. “Туслах геополитикчид” хийгээд монголдоо нэртэй улс төрчид толгойлсон бүтэн нийгэмлэг байдаг биз дээ. Тэдний онол монол гэж үхсэн баас л байхгүй юу…

Одоо яасан ?!

Баабар хэзээ ч, нэг ч онол мэдэж байгаагүйг би баттай хэлж чадна. Түүний “Зүүн Хойт Азийн онол” анхнаасаа улс төрийн ойлголт байсан юм. Би энэ талаар олон удаа хэлж сануулж байсан. Нотолгоо нь Солонгосын хойгийн өнөөгийн хямрал болно. Баабарын Зүүн Хойт Азийн “интеграци” одоо ямар байгааг олон улсын байдал надтай надгүй харуулж байна. Энийг яахав, “онолын алдаа” гэж бодъё.

Миний хувьд Солонгостой харилцахын төлөө бол хоёр гар байтугай, хоёр хөлөө өргөнө.

Харин зүүн хойт азийн бүх орныг хасчихаад дангаараа “ах дүү” бололцох бол арай биш…

Солонгос технологи, боловсрол гэвэл би за л гэнэ, үүний тулд заавал Муны шашин ав гэвэл би үгүй гэнэ. Солонгос хөрөнгө оруулалт ирнэ гэвэл би ура гэнэ, харин газар нутгаа зарна гэвэл би шууд л хуц гэнэ. Энэ чинь зарчим ш дээ…

Солонгосоос авах хэрэглэх туршлага үй түм байхад манайх хамаг муу муухайг нь авдаг газар болов. Солонгосын олигархууд авсан авилгаа гадаад банкинд биш, улс орондоо хадгалж эх орноо хөгжүүлэхэд зарцуулдаг нь тэдний хөгжлийн нэг түлхэц болсон гэдгийг олон улсад судлаад гаргачихсан байгаа. Ийм ахул тэднээс “авилгын туршлага” авсан ч яадгийм…

Гэтэл урвуугаар Монголын намууд хийгээд нэр бүхий улс төрчид сонгуулийнхаа мөнгийг Солонгосоос авдаг болов. Муны шашин хязгааргүй дэлгэрэв. 170.000 га газраа Солонгост зарав. Хойт солонгосын дүрвэгсдийн лагерь манайд байгуулав. Монгол хүүхнүүдийг чөлөөтэй зарах болов.
Бүтээн байгуулахаар амласан юм нь бараг бүтсэнгүй. Тэгээд уур нь хүрэв. Тэгээд ахиад геополитикийн лекц уншиж эхлэв. Бүтдэг, бүтээдэг юм шиг. Баабар хоёр Солонгосыг нэгтгэнэ гэж Хойт Солонгост нэг удаа очсон. Ёстой нэгтгэж харагдаач. Баабар, Н.Энхбаяр хоёрт өгч байдаг илүүдээ гарсан Нобелийн шагнал гэж байхгүй л дээ…

Тэгээд ч өөрөө шагнал авахын төлөө Монгол Улсаар тоглож болмооргүй л санагдана…

Богдын Засгийн Газрыг ганцхан Орос хүлээн зөвшөөрсөн. БНМАУ НҮБ-ын гишүүн болж, 100 гаруй оронтой дипломат харилцаатай байсан. Чухам энэ үед нийгмийн дэвшил хийсэн. Ганцхан улстай харьцдаг байсан улсыг энэнээс илүү яаж мандуулах юм. Харин энийг бол геополитикийн амжилт гэдэг юм…

Баабарын “геополитик” Монголд “мандаж” байх хооронд түүнд “гологдож хасагдсан” Оросын Алс Дорнод, Хятадын Манжуур суга хөгжив. Монгол Халх голд 170 мянган га газраа зараад хоосон үлдэв. Баабар 5 орноос 3-ыг нь “хасаагүй” бол ч…

Баабар одоо геополитикийн лекц уншиж байхаар байлдах гэж байгаа “ах дүү” нараа очиж “зогсоосон” нь Монголд арай хэрэгтэй байх.
Гэхдээ тэд нар нь “монголын геополитикч” Баабар “дүүгээ” таних эсэх, үгэнд нь орох эсэх их эргэлзээтэй…

Жич: Энэ бяцхан өгүүлэлд би ноён Баабарын “зүүн чиглэлийн онол” буюу “3үүн Хойт Азийн онол”-ыг товч авч үзсэн болно. Харин “баруун чиглэлийн онол”-ыг тусгайд нь авч үзнэ. Бүр ч илүү сонирхолтой байх нь мэдээжийн хэрэг…

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top