Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан Соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу хоёр улсын найрамдалт харилцааны бэлгэдэл болсон “Гурав дахь Диваажин – Энх тайвныг урьдчилан цогцлоох нарийн зам” нэртэй ланд арт бүтээлийг хамтран бүтээжээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-тай холбогдуулан Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан уг бүтээлийг Италийн уран бүтээлч Микеланжело Пистолетто санаачилж, Монголын уран бүтээлч Т.Баттогтохтой хамтран чацарганы мод тарьж хэлбэржүүлэн бүтээсэн юм.
Энэхүү бүтээл нь Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа, энх тайван, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын хүчин чармайлтын бэлгэдэл болж байна.
Хоёр улс тус бүтээлийг урт хугацаанд хадгалан хамгаалах, соёл, шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр олон нийтэд сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцож, Улаанбаатар, Ром хотноо Хамтарсан тунхаглал баталжээ.


Сэтгэгдэл ( 0 )