Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайханыг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж, шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлаа.
-Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг баталсны дараа сайшаах нэг нь гарч байхад шүүмжлэх нь ч байна. Та хууль зүйн ухааны доктор хүний хувьд шүүхийн шинэтгэлийн талаар ямар бодол тээж явна вэ?
-Үүний тулд хоёр зүйлийг ярих хэрэгтэй. Нэгдүгээрт шүүхийн шинэтгэл гэж юуг хэлж байгаа юм бэ.
Хоёрдугаарт энэ шинэчлэлийг яаж хийх ёстой юм бэ гэдгийг. Шүүхийн шинэтгэл гэдгийг товч бөгөөд тодорхой тайлбарлавал шүүхийг шударга, хараат бус болгох асуудал юм шүү дээ. Дээр нь хэрэг, маргааныг үр ашигтайгаар, мэргэжлийн төвшинд шударгаар шийдэх асуудал нэмэгдэнэ. Шинэтгэл хийнэ гэдэг бол нэлээд урт хугацаа шаардсан ажил. Нэг юм уу хоёр жилийн дотор Монгол Улсын хууль, шүүхийн тогтолцоог өөрчилнө гэвэл үнэхээр барахгүй. Тиймээс шүүхийн шинэтгэлийн ажил одоо л дөнгөж эхэлж байна гэж хэлэх байна. Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг баталлаа. Энэ бол шүүхийн шинэтгэлийн нэг цогц ажлын эхний алхам. Үүнийг дагаад шүүхийн үйл ажиллагааг зохицуулах олон хуулийг батална. Дараа нь материал хуулиудыг нь өөрчилж, шүүхэд ажилладаг хүмүүсийг нь бэлтгэнэ, сургана. Тиймээс л цаг хугацаа их шаардана гээд байгаа юм. Тиймээс нэг талаас шүүмжлэл гарч байгаа байх.
-Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг баталсан нь нэг ахиц гэж та хэллээ. Ямар учраас тэр вэ?
-Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуульд Шүүх, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зэрэг гол хуулиуд багтаж байгаа. Энэ хуулиудыг баталснаар шүүхийн байгууллага улстөрчдөөс хараат байх эхлэл тавигдаж байгаа юм. Өмгөөлөгч, шүүгч, прокурорын үйл ажиллагаанд улстөрчдийн нөлөөллийг байхгүй болгож байгаа юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгчийг сонгон шалгаруулах гол эрх мэдлийг хуульчдын байгууллага эзэмшихээр болсон.
-“Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр үүссэн маргааныг шийдэхдээ шүүх Ардчилсан намынхны талд ажиллаж, хүссэн шийдвэрийг нь гаргасан” гэдэг шүүмжлэлийг Ардын намынхан хэлж байсан. Та мэргэжлийн хүний хувиар үүнд тайлбар өгөхгүй юу?
-УИХ-ын 2012 оны сонгуулийн тухай хууль нэлээд хатуу гарсан. Ялангуяа иргэдэд мөнгө тараах, иргэдийн саналыг худалдаж авах, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах юм бол нэр дэвшигчдийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах тухай заалт орсон. Нөгөөтэйгүүр, олонхийн санал авч УИХ-д сонгогдсон байсан ч дээрх хууль бус үйлдлийг хийснийг нь тогтоох юм бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна гэдгийг ч тодорхой заасан байсан шүү дээ. Тиймээс шүүх хурлаас хууль барьсан шийдвэр гаргасан гэж бодож байна. Шүүхэд гол бурууг өгөх гэж оролдохын оронд хуулийг тийм хатуу баталсан нь зөв байсан уу үгүй юу гэдгээ л шүүн ярилцах ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтууд л хатуу байсанд гол асуудал байгаа болохоос шүүхэд биш шүү дээ. Хэрэв ийм хууль байгаагүй бол шүүх одоогийн шийдвэрийг гаргаж чадахгүй байсан байхгүй юу.
-Шүүх өмнө нь улстөрчдөөс ямар нэгэн байдлаар хараат байсныг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл өнөөдөр хуульчид шүүгчийг өөрсдөө томилдог болсноор хараат байдал нь үгүй болно гэж байна. Үүнийг юугаар батлах вэ?
-Шүүгч нар улстөрчдөөс хараат байсан хэд, хэдэн шалтгаан байгаа юм. Шүүгчдийг сонгон шалгаруулж томилог гол байгууллага нь Шүүгчдийн ерөнхий зөвлөл байсан. Тэр үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, УИХ, Дээд шүүхийн ерөнхий шүүгч томилдог байсан. Өөрөөр хэлбэл улс төрд нөлөөлж болохуйц хүмүүсийн төлөөлөл шүүгчдийг томилдог байсан гэсэн үг. Тиймээс шүүгч болох гэж байгаа хүн улстөрчидтэй гарцаагүй зөвшилцөж, дэмжлэг авдаг байсан. Одоо бол шинэ хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийг бие даасан хараат бус байгууллага болгож, гишүүдийнх нь тоог цөөлөөд “тусдаа гаргачихсан”. Хуучин хуулийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг давхар хашдаг, зөвлөлийн гишүүдийн ихэнхийг шүүгчид өөрсдөө бүрдүүлдэг байсан. Энэ нь шүүгчдийг мөн л ерөнхий шүүгчээс хараат болгочихсон байсан юм. Уг нь бол бүх шүүгч ерөнхий шүүгчээс үл хамааран хараат бус байх ёстой байдаг. Тиймээс энэ байдлыг шинэ хуулиар халж, шүүгчдийг ерөнхий шүүгчээс хараат бус болгосон. Энэ нь шүүгчдийг бие дааж, хэрэг маргааныг шийдэх боломжийг олгосон явдал юм. Миний ажигласнаар улс төрийн дарамт ерөнхий шүүгчдээр дамжиж шүүгч нарт нөлөөлдөг байсан юм. Тиймээс энэ бүхнийг нь хуулиар хязгаарлаж өгсөн байгаа. Нөгөөтэйгүүр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд Хуульчдын холбоо гээд шинэхэн байгууллага одоо бүрэлдэж байна. Үндсэндээ 10 дугаар сар гэхэд үйл ажиллагаа нь жигдэрчих байх. Монголд өнөөдөр хуульчийн сертификат авсан 6000 гаруй хуульч байдаг. Энэ хүмүүс бүгд дээрх холбооны гишүүн болох эрхтэй. Тэгэхээр хуульч хүн бүр шүүгч, прокурор, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өөрсдийн дуу хоолойг хүргэж ажиллах эрхтэй болох юм. Тухайлбал, би өмгөөлөл хийдэг. Шүүгч хуулийг буруу хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж байгаа тохиолдолд өнөөдөр өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн үйл ажиллагаа, шүүгчид нөлөөлөх боломж байдаггүй. Яг ижилхэн хоёр хэргийн шийдвэр огт өөрөөр гарч байгаа зөрчилтэй асуудлууд өнөөдөр хаа сайгүй байна. Ийм илэрхий байхад өмгөөлөгч нар шүүгчид нөлөөлж чаддаггүй. Хэрэв өнөөдөр хуульчдын холбоо байгуулагдаад хуульчид маань нэг зүг рүү харж ажиллаж чадвал шударга бус үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой болох юм. Тиймээс хуулийн байгууллагын шинэчэл хуульчдын санаачилгаас багагүй хамаарна гэдгийг хэлмээр байна.
-Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн төсөл хэрэгжсэнээр шүүгчдийн үйл ажиллагаа шилний цаана байгаа мэт ил тод болох юм байна. Манай шүүгч нарыг “авлига авах замаар л мөнгө олдог” гэх нь бий. Тэгэхээр энэ байдлаасаа салах дургүй байх болов уу гэж бодогдож байна. Ер нь шүүгч нар энэ хуулийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Монголд өнөөдөр 450 гаруй шүүгч байна. Анхан шатны шүүх хуралд шүүгчээс гадна иргэдийн төлөөлөгч оролцож, шийдвэрт нөлөөлөх учир энэ тохиолдолд шүүхэд үнэхээр том хяналт ирэх нь тодорхой. Янз бүрийн нөлөөнд орох, хахууль авах гэж оролдох зэрэг асуудал байхгүй болно гэсэн үг. Тэр утгаараа шүүгч гэсэн нэрийн дор тодорхой мөнгө хийдэг хүмүүсийн хувьд энэ бол хатуу хууль. Гэхдээ Монголын шүүгч нарын ихэнх нь ийм асуудалд орооцолдоогүй гэж бодож байгаа. Шүүгчийн хараат бус байдлын түлхүүр нь эдийн засгийн баталгаа. Нэг талаар Монгол Улс эдийн засгийн хувьд нэлээд хүчирхэгжиж байна. Тиймээс шүүхийн санхүүжилтыг бүрэн шийдэх боломжтой болсон. Өмнө нь улсын төсвийн ядаж нэг хувийг шүүхэд хуваарилдаг болох тухай асуулдлыг их ярьдаг байсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл төсвөө Хууль зүйн яам болон Сангийн яамаар дамжуулахгүй шууд УИХ-д өргөн барьдаг болъё гэсэн асуудлыг ч хөнддөг байсан. Өнөөдөр энэ бүгдийг дээр ярьж байснаар шийдсэн. Тиймээс шүүгчдийн цалин хөлс, нийгмийн баталгааг шийдэх нөхцлийг бүрэн шийдэх эрх зүйн орчинтой болсон. Тиймээс ч шүүгчдийн сонгон шалгаруулалтыг харахад шүүгч болох гэсэн хүсэлтэй хүн олон болж. Өмнө нь шүүх рүү орох хүн их ховор байсан. Учир нь цалин бага, ачаалал их, нийгмийн асуудал нь орхигддог байсан. Харин өнөөдөр энэ байдал эсэргээрээ байна. Хуульчид бүгд шүүгч болохыг хүсдэг болж. Нэг үгээр хэлбэл шүүгчийг бүх л бололцоогоор хангасныхаа төлөө шударга шийдвэр гаргахыг хүсэж байгаа юм. Энэ хүрээнд шүүгчийг нөлөөллийн мэдүүлэг бөглүүлдэг болж байгаа. Аливаа шүүгч хэрэг авсныхаа дараа нөлөөллийн мэдүүлэг бөглөж, өөрт нь нөлөөлөхийг оролдсон эсэхийг тайлагнах юм. Тухайлбал, иргэний хэрэг байлаа гэж үзье. Өмнө нь хариуцагч ч бай, нэхэмжлэгч ч бай шүүгчтэй ганцаарчилж уулзаж болдог байсан. Одоо бол ийм асуудал байхгүй. Хэрэв уулзвал хоёулаа хамт уулзана. Ганцаараа уулзах гэж оролдох, утсаар ярих гэж оролдох юм бол шүүгчид нөлөөлөх гэж оролдсон гээд нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэгдэн үлдэх юм. Энэ бол шүүгчийг хамгаалах нэг хэлбэр гэж болно. Нөгөөтэйгүүр, шүүгчийг хараат байхын тулд яах ёстойг зөвхөн хуулиар гэхгүйгээр ёс зүйн дүрмээр зохицуулах юм. Одоогоор шүүгчийн ёс зүйн дүрмийг боловсруулаад явж байна. Тиймээс шүүгч нар хараат бус байх маш хүнд даалгавруудыг биелүүлнэ. Өөрөөр хэлбэл хэрэгт холбоотой хүн хоолонд урьвал очиж болохгүй, утсаар ярьж болохгүй. Нэг талаасаа маш хүнд вакум орчинд орно гэсэн үг. Тиймээс би хувьдаа залуусыг нэлээд хугацаанд ажилласныхаа дараа шүүгч болоосой гэж бодож байна. Барууны шүүгч нар “шүүгч болсныхоо дараа найз нөхөдгүй болж байна. Дуртай газраа орж чадахаа байлаа. Филисофич, математикч болж байна” гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр шүүгч болохоор шийдсэн хүн шударга ёсны төлөө бие сэтгэлээ зориулах бэлтгэлтэй болсон байх хэрэгтэй гэж захимаар байна.
-Тэгэхээр шүүхийн шийдвэр нэхэмжлэгч болон хариуцагч хоёр талд ижилхэн сэтгэл ханамжийг үлдээнэ гэсэн үг үү. Одоо бол шүүгчид ч тэр, прокурорууд ч тэр ийм боломж байхгүй гэдэг шүү дээ?
-Тийм. Өнөөдөр манай шүүгч нар хоёр талыг сэтгэл ханамжтай байлгах шийдвэр гаргах боломжгүй гэж ярьдаг. Би хувьдаа тийм биш гэж боддог. Шүүх үнэхээр шударга шийдвэр гаргаж, шүүгч асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдвэл хоёр тал хоёулаа сэтгэл ханамжтай байна шүү дээ. Хэргийг зөв шийдчихвэл надад хэчнээн ашиггүй шийдвэр гарлаа ч гэсэн би “Энэ шүүгч хэргийг үнэхээр зөв шийдлээ. Манай шүүх шударга шийдвэр гаргаж байна. Би ч гэсэн дараагийн удаа эрхээ хамгаалуулахад намайг шударгаар хамгаалах юм байна” гэж бодно шүү дээ. Өнөөдөр шүүхийн шийдвэрт нэг нс сэтгэл хангалуун байдаг. Нөгөө нь гомдоллодог гэдэг нь шүүх асуудлыг үнэн зөв шийдэхгүй байгаагийн л нэг илрэл юм шүү дээ.
-Энэ бүхэн бүрэн утгаараа хэрэгжихийн тулд нэлээд хугацаа шаардана гэж та хэлсэн. Бид өнөөдөр үүнд хүрэхийн тулд хэд алхчихсан юм бэ. Цаашид хэд алхах хэрэгтэй байна?
-Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийг баталчихлаа. Одоо араас нь хууль сахиулах байгууллагын бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр эхний үе шатыг давна. Дараагийн том алхам нь процессын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Энэ хүрээнд ажлын хэсэг гарчихсан байгаа. Дараа нь хуулийн тухай хуулийг гаргаад эрх үүргийг тогтоох материал хуулийг өөрчилж, Үндсэн хуультайгаа нийцүүлж, хянаж үзэх хэрэгтэй байгаа юм. Ингэж байж хуулийн орчин нь бүрдэнэ. Хууль гарснаар шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлнэ гэж байхгүй. Энэ бол ердөө л цаас байхгүй юу. Хуулиа бодит байдал болгохын тулд хууль хэрэгжүүлэгчид болон иргэд маш их чармайж ажиллах ёстой. Энэ асуудал л хамгийн их хугацаа шаардана гэж бодож байгаа. Магадгүй бүхэл бүтэн 12 жил шаардагдах ч юм билүү. Гадны орнуудад иргэний хэрэг, маргаан нь тодорхой, хуулийн заалт нь нэг мөр гэсэн ойлголт руу очихдог учир шүүхээр явахаасаа өмнө талууд хоорондоо тохиролцох боломжтой болдог юм. Эрүүгийн хэрэг дээр ч гэсэн прокурор гэмт хэрэг үйлдсэн гэгдэж байгаа этгээдтэй тодорхой хэмжээгээр тохиролцсоны үндсэн дээр өөрөөр нь хэргийг нь хүлээлгэж, ялыг нь хөнгөвчлүүлэх систем үйлчилдэг. Ийм л систем рүү манай улс алхаж орох гэж байна. Өнөөдөр шүүх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тодорхой хэмжээнд энэ системийн суурийг тавиад эхэлчихлээ. Цаашид үүнийг үргэлжлүүлэх улс төрийн хүсэл, зорилго байх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь тулгын гурван чулуу шиг хамтарч ажиллах ёстой юм болов уу. Эс бөгөөс энэ гурвын дундуур өөр улс төрийн хүчин ороод ирэх юм бол энэ шинэчлэлийг зогсоохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс улс төрийн орчин тогтвортой байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо
Сэтгэгдэл ( 0 )