Оюутолгой төсөл зогсонги байдалд орох уу гэдэг асуулт тавигдаад байгаа. Тэгвэл Уул уурхайн яамнаас мэдээлэл өглөө. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэсэн хэдий ч гэрээний хэрэгжилт, биелэлтэнд хувь нийлүүлэгчдийн хооронд нэгдсэн ойлголтонд хүрэх шаардлагатай асуудлууд бий гэлээ. Жишээ нь, Техник эдийн засгийн үндэслэлд туссан зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь Монголын талын өгөөжийг бууруулах өндөр эрсдэлийг бий болгож байна. Засгийн газрын хувьд энэ төслийг аль болох зардал багатай, өндөр үр ашигтай байлгахыг зорин ажиллаж байна.
Дараагийн шатны буюу далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдолтой санхүүжилтийн асуудлыг ОТ ХХК-ийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэнэ. Өнөөдөр ОТ ХХК-ийн ТҮЗ ХНХ-ыг хуралдуулах асуудлаар хуралдаж байна. Ер нь ТУЗ болон ХН-ийн хурлын шийдвэр хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох хууль тогтоомжид ягштал нийцэж байх учиртай. Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай заасан байгаа.
Оюутолгой төслийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар Засгийн газар, Сайд нар, Ажлын байнгын хороо болон хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн Удирдах зөвлөл (ТУЗ)-ийн хурлаар удаа дараа хэлэлцэж ирлээ.
2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн VI хуралд (ХНХ) төслийн үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудлыг монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс 22 зүйлээр 2 багц асуудал болгон тавьсан. Үүнд:
I. ХНХ-аар хөрөнгө оруулагч талд тавьж шийдвэрлүүлэх асуудал – (5)
II. ХНХ-аас ТУЗ-д үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх асуудлууд – (17)
Эдгээр асуудалтай холбогдуулан монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
Уул уурхайн Сайдын 2013 оны 2 сарын 22-ны өдрийн 43 тоот тушаалаар хууль зөрчин хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон ЭБЭХ-ний Сайдын 2009 оны 7 сарын 10-ны өдрийн 167 тооттушаалыг хүчингүй болгож, Оюутолгой бүлэг ордод олгогдсон тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг АМГ-т даалгасан. Гэрээнд заасны дагуу “Оюу Толгой” ХХК-д шилжвэл зохих Оюутолгойн бүлэг ордод хамааралтай тусгай зөвшөөрөл Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гэрээний заалтыг зөрчин “Онтре Гоулд” компанид шилжсэн байсныг илрүүлэн, засаж залруулсны үр дүнд “Оюу Толгой” ХХК-ийн орлого 2-3 тэрбум ам. доллараар нэмэгдэх боломж бүрдэж байгаа.
ОТ ХХК нь баяжмалын борлуулалтаас олсон орлогоо Монгол Улсад бүртгэлтэй дотоод, гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийхээр талууд хэлэлцэн тохирсон.
Монгол улсын Засгийн газрын 3 сайдын хамтарсан тушаалаар Оюу Толгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах Ажлын хэсэг байгуулж, урьдчилсан байдлаар баримтаар нотлогдохгүй байгаа 2 тэрбум гаруй ам. долларын асуудлыг хянан шалгаж байна. Энэ нь нийт зардлын 40 шахам хувьтай дүйцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
OLONULSIINDURMEERHARIUTSLAGATA IUULUURHAIGHOGJUULHEDMONGOLINT ORGEREEYUMANDAA HARIUTSLAGATAIBAIMAARAAGEREEGE EZORCHLOOGEEDCH YAJYCHCHADAHGUIULSBAIMAARGIUYA