Сүүлийн 20 шахам жил эмх замбараагүй олгогдож ирсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар цэгцлэх асуудал үр дүнгээ өгч байгаа гэх байр суурийг Уул уурхайн яамны сайд хэллээ. Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2005 онд 5913-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 44 гаруй хувьд хүрч байсан бол 2013 оны 7-р сарын байдлаар хайгуулын 2090, ашиглалтын 1274 тусгай зөвшөөрөл болж, нутаг дэвсгэрийн 11 хувьд хүртэл буурсан байна. Нийт олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэж байгаа нь бодит үйлдвэрлэл буюу уул уурхайн олборлолт, ашиглалт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгааг илэрхийлж байгаа юм. Эрдэс баялаг бол дахин төлжиж сэргээгдэхгүй баялаг байдаг учраас хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудыг хойч ирээдүй үеэ бодолцон ариг гамтай, иж бүрэн ашиглахад онцгой анхаарах шаардлагатай байна. Олон улсын туршлагыг харахад улс орны эдийн засгийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр өөрийн баялгийг үүцэлж хадгалах, ашигласан ч нарийн тооцоо, төлөвлөгөөтэй ашиглах зарчим баримталж байна. Ер нь геологийн салбар нь уурхайн олборлолтоосоо 20-30 жилээр түрүүлж, улс орны эрдэс баялгийн сан хөмөргийг арвижуулж, төдий чинээгээр улс орны үнэ цэнийг нэмэгдүүлж байдаг гэв.
Сэтгэгдэл ( 0 )