Энэ банк миний архины 21 мянган төгрөгийг өгөх нь үү гээд хэнэггүйхэн гэлдрэх хүмүүстэй та өглөө бүр тааралдана. Үнэн юм чинь дээ. “Хүний хөгжил сан”-гаас ядарсан, задарсан аль ч иргэний амь зуулгад төдийлөн нэмэр болохгүй 21 мянган төгрөг өгдөг боловч тэр нь архи борлуулагч нарт орлого болоод очиж байна. Засгийн газар өнөө жилийн 21 мянгыг бүрэн тавьж олгох санхүүгийн нөөцгүй болох гэж байгаа. Өнгөрөгч оны сүүлчээр “Эрдэнэс Таван Толгой” компанийн урьдчилгаа төлбөрөөс 338.9 тэрбумыг төвлөрүүлэх үүргийг “Эрдэнэс МГЛ” компанид даалгасан юм. “Эрдэнэс МГЛ” нь “Хүний хөгжил сан”-г мөнгөөр бялхуулж байх үүрэг хүлээсэн болохоор дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуудаж их л сандарч байна. “Эрдэнэс Таван Толгой”-гоос урьдчилгаа төлбөр авах нь бүү хэл стратегийн хөрөнгө оруулагчдаа бүрэн сонгож, шийдэж чадаагүй тул аргагүй шүү дээ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгч болж буй “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш байх суух газраа олохгүй явна. Ийм хүнд үед харин тэнгэрийн хишиг түүн дээр бууж ирэв бололтой. Нэг өглөө Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугарын найруулгаар гайтай тэр “Хүний хөгжил сан”-д нь 23 сая доллар хийлгэхээр болжээ. Таван толгойн ордыг ашиглах ажил эхлээгүй байхад түүнд мөнгө олдож л байвал их бага нь ч хамаагүй болсон юм. Ингээд Д.Сугар дарга нь сүүхээчлэн дотоодынхоо хэдэн банкуудад бадар барихаар шийдсэн байж. Тэд банк болгонд ханджээ. Банкууд эхлээд нэлээд жийрхэж, айж байв. Гэхдээ ирээдүйд орж ирэх олз ашгаа бодоод “Худалдаа хөгжлийн банк” 10 сая доллар зээлээр өгсөн байна. Араас нь “Голомт”, “Хас”, Хадгаламж” банкууд жагсаж, саяхан байгуулагдсан Төрийн банк хүртэл мөнгөө тоолон “гардуулж” тэдний магнайг тэнийлгэжээ. Банк л бол банк. Мөнгө хүүлэх үндсэн ажилтай. Тиймээс “Эрдэнэс МГЛ”-д төвлөрч “Хүний хөгжил сан” руу очих тэрхүү мөнгөнд банкуудын хүү тооцогдсон нь мэдээж юм. Мөн түүнчлэн барьцаа хөрөнгөнд Эрдэнэс МГЛ юугаа тавьсан бэ, Таван толгойн ордын лиценз банкны барьцаа болсон уу гэсэн хэл ам дээр дооргүй босоод ирэв. Д.Сугар угийн зальтай эр тул иймэрхүү юм хийгээгүй, харин Хөрөнгийн биржийн хувьчлалаар барьцаачилж 23 ам. долларыг зээлдсэн гэлээ. Болоогүй байгаа хувьчлал гэгч нь үнэн хэрэг дээрээ хоосон зүйл. Барих биегүй, харах сүүдэргүй “Эд” юм. Д.Сугарын арга заль барагдахгүй нь ээ. Түүний үгэнд дээрх банкууд итгэж л байдаг. Мөн сонин оо. Төлбөрийн боломжгүй, найдваргүй зээлээс үхтэлээ айдаг, үүнээс болж амаараа шороо үмхэхээ шахаж хаширсан “Худалдаа хөгжлийн банк” хүртэл хоосон зүйлд итгээд зээл өгч байх юм. Хэрвээ Хөрөнгийн биржийн хувьчлалд луйвар орж, хэдэн жил дамнасан шүүх, цагдаа, хэрүүлдээ тулвал яах болж байна аа. Зээл өгсөн банкууд энэ мөнгөө эрсдлийн сангаасаа нөхөх үү. Итгэхэд бэрх юм. Ийм зоригтой, шуурхай зээлийн цаана ямар нэг өөр сонирхол байхыг үгүйсгэх аргагүй байна. Иймэрхүү хардалтын үүднээс нэгэн эх сурвалж энэ талаар “Улс төрийн сонирхол байгаа юм” гэв. Тэрээр цааш ярихдаа “Наад хэдэн банкууд чинь хоёр том намын халаасанд орчихсон шүү дээ. Худалдаа хөгжлийн банк гэхэд Ардчилсан намын боссуудыг тэтгэдэг. Тус банкны гүйцэтгэх захирал Мэдрээ бол өгсөн зээлээ сонгуулийн наймаа болгоно. Тэр ирэх сонгуульд үзнэ. Урьд нь олон удаа ялагдаж байсан боловч 2008 онд дахиад өрсөлдөх байх. Ийм яриа банкуудаар бас тэнүүчилж байна. Тиймээс "Эрдэнэс МГЛ”-д өгсөн 10 сая долларын зээлээрээ сонгуулийн барьцаа хийж байгаа болов уу” гэсэн юм. “Голомт” банк ч бас ирэх сонгуульд МАН-аас Зоригтыгоо нэр дэвшүүлэхээр ярьж байгаа гэнэ. Ийнхүү “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний эрэлд явсан Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ”-ийн захирал Б.Энэбиш хоёр дөрөө харшуулсаар эрх баригч МАНАН-ын дунд ирэх сонгуулийн наймаа үсэргэв бололтой. Д.Сугар угаасаа улс төрийн панзчин бөгөөд хорчин эр юм. Иргэн бүрд олгож буй “Архиных” гэх өргөмжлөлтэй 21 мянган төгрөгийг босгох ажил банкируудаас сонгуульд нэр дэвших сайхан боломж болж байгаа ажээ.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )