ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ-3
Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос шалтгаалдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг Хүний эрх, эрх чөлөөний талаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг болон, Сүхбаатар, Баянзүрх зэрэг дүүргүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдтэй уулзаж “Хүний эрхийн боловсрол гэж юуг хэлэх вэ. Та эрхээ эдэлж чадаж байна уу?” гэсэн асуултыг тавьсан юм. Ихэнхи иргэдийн тухайд эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдөж байгааг дурьдаж байсан ч “Хүний эрхийн боловсрол”-ын талаар сайн мэдэхгүй байна гэх асуултыг өгч байв.

Сонгинохайрхан дүүрэг
Иргэн Х.Бурмаа: Хүний эрхийн боловсрол гэдэг нь хүний эрхийн талаарх мэдлэгийг хэлж байгаа болов уу. Харин эрхээ эдэлж чадаж байна уу гэсэн асуултын тухайд хоёр талтай хариулт хэлмээр байна. Нэгдүгээрт, өнөөгийн нийгэмд хүн хүссэн юм аа хийж болохоор эрх чөлөө бий болчихож. Урьд нь ийм байгаагүй шүү дээ. Дамын наймаа хийсэн хэргээр шийтгэл оноодог байсан. Харин одоо бол тийм зүйл алга байна шүү дээ. Хоёрдугаарт, хэдийгээр бид ардчилсан оронд амьдарч байгаа боловч зарим талаар хүний эрхийг хааж боож байгаа явдал байсаар байгаа. Хамгийн наад зах нь бид зах дээр бараа таваараа зарахад аюулгүй орчин алга. Өглөө гэртээ эсэн мэнд байсан хүн орой нь өнгөрчихсөн байх нь хэвийн үзэгдэл болоод байна. Энэ чинь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг биш гэж үү. Эрүүл байх, амьд явах, тайван амьдрах орчин алга. Бухимдалтай стресстэй л байна шүү дээ.
Иргэн Г.Алтангэрэл: Сайн мэдэхгүй байна. Эрхээ эдэлж чадахгүй л байгаа гэж хэлмээр байна. Жишээлбэл, хотын утааг багасгах, замын ачааллыг бууруулахын тулд яагаад заавал бидний унах унааг хориглож ачааллаа буурууллаа, ажлаа хийж байна гэж хэлж байгаа юм бэ. Харин иргэдийнхээ явах эрхийг хорьж байхын оронд давхар зам тавих, дэд бүтцээ өргөжүүлэх талаар ярихгүй байгаа. Тэгэхээр иргэдийнхээ эрхэнд халдаж байна гэсэн үг.
Иргэн Ш.Хоролсүрэн: Мэдэхгүй ээ. Хүний эрхийн зөрчил байгаа юм шиг санагддаг. Айлын хүүхэд хулгайлж биеийг нь үнэлүүлж байгаа явдлыг хэлэх юм болов уу. Бас дарамтлах, зодох асуудал орох байх.
Баянзүрх дүүрэг
Иргэн Н.Батноров: Хүнээ эрхээ эдлэхдээ хуулийн дор захирагдаж эдлэх хэрэгтэй. Гэхдээ хуулиас гадуурх хүний эрхийн зөрчил байсаар байгаа. Наад зах нь Үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байгааг хүн бүр мэдэж байгаа байх. Үүнээс гадна хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгааг хэвлэлийнхэн хөндөж, хамтран ажиллаж зөв мэдлэг олгох ёстой. Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг их байна. Хүүхдийнхээ эрхийг хамгаалах хэрэгтэй гэж хэлмээр байна.
Иргэн Г.Галхүү: Хүний эрх гэдэг чинь өөрөө их нарийн асуудал. Хүн эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл чадаж байгаа. Ялангуяа өнөөгийн нийгэмд эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломж нь ч байна, нөхцөл нь ч бүрдчихэж. Харин тухайн хүний сонголтоос шалтгаалаад эрх нь зөрчигдөж байгаа байх. Өөрөөр хэлбэл хүн ямар эрхтэй вэ, эрхээ хэрхэн хамгаалах вэ гэдэг боловсрол мэдлэг дулимаг байгаа учраас л эрх нь зөрчигдөхөд хүрдэг.

Сүхбаатар дүүрэг
Иргэн: Х.Цолмон: Монгол хүн, тэр дундаа Улаанбаатар хотын иргэд эрхээ эдэлж чадаж байгаа юм уу гэж эргүүлээд асуумаар байна. Хотын түгжрэл, ажлын дарамт, утаа, хог шороо гээд эрүүл мэндэд харш зүйл их байна. Бас эрүүл мэндийн тал дээр их асуудалтай. Даатгалаа төлөөд л байдаг. Гэтэл эмнэлэгт очоод үзүүлэх гэхээр даатгалаараа үзүүлж чадахгүй төлбөртэй эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна. Энэ бол эрхээ эдэлж чадахгүй байгаагийн илрэл.
Иргэн Б.Туяа: Хүний эрхийн зөрчил их байгаа гэж би хувьдаа боддог. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайд машин тавиулдаггүй, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа хийлгэдэггүй гэх зэрэг асуудал. Бас дунд сургуулийн хүүхдүүдэд тулган шаардаж, эрхийг нь зөрчиж байгаа явдал их байна. Ямар нэгэн ном, эсвэл сонин сэтгүүл захиал. Үгүй бол дүнг чинь гаргахгүй, олон нийтийн ажлаас хойш суусан гэж арга хэмжээ авна гэх мэтээр дарамт шахалт үзүүлж эрхийг нь зөрчдөг явдал зөндөө байна.
Энэ бол зөвхөн иргэдийн ярьж буй өнгөцхөн хэсэг нь. Үүний цаана хүний эрхийн зөрчлийн асуудал олон байгаа ч хэнэггүй монгол зантай ч холбоотой. Хүний эрхийн асуудлыг яриад эхлэхээр хийж бүтээж буй ажилд нь тулгарч буй саад бэрхшээлийг “ЭРХ”-ийн асуудал болгож ярихаас гадна бизнесийн боломж гарцыг хэр хааж боомилж байгаа тухай яриа өрнөдөг. Харин хүүхдийн эрхийн тухайд сурч боловсрох, хөгжих, дарамт шахалтгүй орчинд өсөх, хүмүүжих гээд “жижүүрийн” шахам болсон улигт асуудлууд хөндөгддөг. Гэтэл үүний цаана орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийн эрхийн асуудал, хорвоод хараахан мэндлээгүй ч “ЦААЗЫН ТАВЦАНД” очсон хүүхдүүдийн эрхийн асуудал орхигддог. Тиймдээ ч өнөөдөр “Тэнэмэл хүүхдүүд буюу траншейныхан хаачив?” гэсэн асуудлтын хариуг олж чадахгүй байна.

“Чимээгүй аллага, хуурай нулимс”
Сүүлийн хэдэн жилүүдэд үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс ихсэж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Угтаа үр хөврөл эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эхлээд л 2 хүний амь насны асуудал, эрхийн тухай асуудал яригдах ёстой. Гэвч үр хөндөлтийг албан ёсоор зөвшөөрсөн учраас ирээдүйн иргэн болж мэндлэх ургийн хүн болох эсэх эрх нь хаалттай болж энэ талаар хэн ч юу ч гэж маргаан үүсгэхгүйгээр аллага хийх боломж бий болсон. Шашинд итгэдэг Монгол зангаар бол хүн болох эрхээ хасуулсан эдгээр “Цаазлуулагсад”-ад ч амьдрах, хүний хорвоод төрөх эрхийн асуудал зайлшгүй яригдах ёстой. Гэвч эл чимээгүй аллага хэдэн зуун мянган төрөөгүй хүүхдийн аминд хүрч, хуурай нулимс асгаруулж байгаа ч эл сэдэвийг хөндөж “Төрөөгүй хүүхдийн эрх”-ийг хамгаалах асуудал “хаалттай” боллоо.
Тэнэмэл хүүхдүүд буюу траншейныхан хаачив?
1990-ээд оны сүүлээр тэнэмэл хүүхдүүд бүлэг бүлэгээрээ хотоор хэсүүчлэн идэх хоол, өмсөх хувцас хайдаг байсан ч тэндэнд анхаарал халамж тавьж, эрхийн асуудлыг нь ч тэр болгон хөндөж байсангүй. Харин 2005-2010 оны хооронд тэнэмэл хүүхэд эрс цөөрч байгааг хэвлэлийнхэн хөндөж “Хүний наймааны золиос болсон юм биш биз” хэмээн асуудал дэвшүүлж байсан ч баримт нотолгоо олдоогүй учраас тэгсхийгээд намжсан. Гэтэл өнөөдөр нийслэл хотод бохь, сонин сэтгүүл зарж, тэрэг түрэн хоолны мөнгөө олж гэр бүлийнхэнийгээ тэжээж байгаа олон хүүхэд байна. Тэднийг хөдөлмөрийн мөлжлөгөөс чөлөөлөх, эрхийг нь эдлүүлэх талаар “Боолчлогчид” ямар ч мэдлэггүй байгаа нь хэний буруу вэ?. Энэ мэтээр хүний эрхийн асуудлыг хөндсөн асуудлууд ар араасаа хөрвөх хэдий ч буруу замаар будаа тээсэн галт тэрэгний буухиаг зогсоох хүчин зүйл нь өнөөдрөөс сайхан маргаашийг бүтээж чадах иргэд тэдний хүний эрхийн боловсролоос л эхэлнэ шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )