Төрийн өмчийн хороог татан буулгаж сангийн хэлбэрт шилжүүлэхээр болсон гээд байгаагийн цаана үнэндээ улстөр яваа юм биш биз? Ингэж асуух эрх бидэнд бий. Албаны нөхдүүд хэлэхдээ Төрийн өмчийн хороог сан болгох нь улс төрийн нөлөөллөөс ангид байх хамгийн боломжит хувилбар гээд байгаа ч, энэ нь манай улстөрийн талбар дахь нөхдүүд сүүлийн үед төрийн өмчийн шинэ хувьчлалыг эхлүүлэх талаар тод томруун дуугарч эхэлсэнтэй зэрэгцээд буй нь анхаарал татаж байна. Ер нь бол төрийн өмчийн хувьчлалын шинэ давалгааг эхлүүлэх бэлтгэл хэдийнэ эхэлсний нэгээхэн хэсэг нь ТӨХ-ийг татан буулгаж сан нэрээр үлдээж байгаа явдал байж болохоор байна. За ямартай ч Засгийн газар энэ чиглэлээр хэдийнэ ажиллаад эхэлсэн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг эрхэм хариуцан ажиллаж байна. Энэ онд багтаан ТӨХ-ийн хуучин нэрийг сүүлчийн замд нь үдэх бөгөөд цаашдаа гарах үр дүн нь төрийн өмчит компаниудын алдагдал энэ тэрийн асуудал шийдэгдэж, шахааны бизнес сэлтэд баяртай гэж хэлнэ гээд байгаа. Үгүй яахав. Үнэхээр тийм бол сайн хэрэг. Гэвч эргэлзэх зүйл олон байна.
За яахав төрийн өмчит болоод төрийн өмчийн оролцоотой компаниуд алдагдалтай ажиллаж байгаа нь менежментийн хоцрогдол хадгалагдсан хэвээрээ байгааг л харуулаад байгаа хэрэг гэдэгтэй ТӨХ-ийн зүгээс санаа нийлдэг. ТӨХ тааруу ажиллаж ирснээ мэдэж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд цаашдаа гайгүй ажиллахын тулд ямар ч байсан Компанийн гүйцэтгэх удирдлагын зорилго, хүрэх ёстой үр дүнг нээлттэй, ойлгомжтой болгох ёстой бөгөөд Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг төлөвлөх, хянах, хэмжих, дүгнэх ажиллагааг зах зээлийн орнуудад хэрэглэж байгаа нийтлэг жишигт нийцүүлэх шаардлагатай. Мөн компанийн засаглалын орчинг нээлттэй, олон улсын жишигт хүргэх, компанийн хүний нөөцийн бодлогыг өрсөлдөөнтэй, ил тод, нээлттэй байлгаж орчин үеийн менежментийн арга барилыг сайтар эзэмшсэн менежерүүдэд боломжийг олгох гэхчлэн анхаарч хийх ёстой зүйлс байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. Харин Сангийн хэлбэр нь тэрхүү боломжийг бүрдүүлэх эсэх нь тодорхой бус байна, одоогоор.
Түүнчлэн одоогийн нөхцөл байдлыг харахаар төр нь хэсэг нөхдийн лоббигоор суурь хийгээд өмчүүдээ тэрдундаа өөрийн мэдлийн компаниудаа, онцгой салбаруудаасаа татгалзах хандлага ажиглагдаж байгаа ийм үед ТӨХ-ийг нурааж байгаа харагдаад байна. Яахав, манайд өмнө нь засаглалын шилжилттэй зэрэгцэн их хувьчлал явуулж байсан туршлага бий ч, онооноосоо алдаа нь давамгайлсныг ч одоогийн нөхцөл байдлаас харж болно гэдгийг хэлээд байгаа. Төрд данстай бүхнийг тухайн цаг үеийн эрх баригчид хуваан халаасласны нөгөө талд улс орон, иргэдийн амьдралд бараан сүүдэр туссаныг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хувьчилж болно. Гэхдээ аль салбар дахь аль компаниудаа хувьчилах нь зөв бэ гэдэг дээр бодлоготой хандахгүй бол хувьчилж авсан нэртэй нөхдүүд нь тухайн өмчийн газар, обьектоор илүү мөнгө хийн, үндсэн үүргийг нь гажуудуулчихдаг. Хувьчилсан л бол шинэ эзний өөдөөс илүүг дуугарах эрх төрд ч үнэн хэрэгтээ үгүй учраас, тэдний хуудууг нь үг дуугүй хараад л сууж байдаг баларсан жишиг тогтсоны бэлхэн жишээ олон байгааг ч өмнө нь өгүүлж байсныг тодотгоё.
Манай улстөрчид тэрдундаа манай эрхэм Ерөнхийлөгч сүүлийн үед төрийн өмчийн эсрэг мессэжийг хаа явсан газраа өгөх болсон. Саяхан Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр ч төрийн мэдэлд компани үлдээхгүй талын зарчим баримталж буйгаа хэлээд л байна лээ. Энэ мэтээр харахаар ТӨХ-ийг сүүлчийн замд үдэхийн цаана улстөрчдийн эрх ашиг нуугдаж байхыг үгүйсгэх арга алга.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 6 )
Төрийн өмчиин хороог татан буулгаж Сугар болон урьдах үе үеийн ТӨХ- удирдлагуудын идэж уусан ”но” хаах гэсэн далд санаа байж болзошгүй...Шалг
ах дүүсээрээ новшнууд юм даа
iimerhuu yumnuud yaaj horvoogiin toos hodolgoj amidarch chadaj bnaa
хэрэггүй ачаанаасаа салах нь зөвөө