Танин мэдэхүй: Санаанд оромгүй явдал

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 01

Энэ явдал яг 50 жилийн өмнө Германд болжээ. Германы нэг тариачин эмэгтэй Тереза Нейманны байшингийн үүдэнд тэр нэг өдөр хэдэн мянган хүн цугларав. Зарим нь хэдэн зуун км зам туулж ирсэн хүмүүс ч байж. Тэд ердөө л сайхь эмэгтэйг үзэх гэж тийм алс замыг туулсан байна. Тереза нь биен дээрээ тамга-шархтай болсон хүн. Тэр нь тэлэгдсэн христосын шархтай төсөөтэй шарх ажээ. 20 гаруй жилийн өмнө Терезагийн зүрхэн тус цээжин дээр нь гэнэт шарх үүсч, их цус гарчээ. Гарын шуу, хүзүү, хөлийнх нь өлмийд хүртэл мөнөөх шарх бий болжээ. Ингээд Отто Зейдль гэгч эмчийг дуудав. Дөрвөн см урт шархан дээр нь эмч тос түрхээд буцжээ. Дараа нь эл эмэгтэйг зөндөө эмч үзсэн байна. Хэд хоногийн дараа өвчин нь илаарших тийшээ хандав.Төдхөн сорвигүй шахам анив. Нэг гайхалтай нь шарх нь тунгалаг эдээр хучигдсан бөгөөд түүний цаанаас булчингийн ширхэг харагдана. Дараа нь эмч нар Терезагийн шуу, дух, бөөрөн дээр нь ил шарх байгааг тогтоолоо. Улаан өндөгний баярын үеэр цус гоожиж эхлээд, хэдэн өдрөөр гоождог болжээ. Зарим хүмүүс үүнийг ямар нэг заль хэмээн үзэж байж. Гэтэл үүнд санаанаасаа зохиосон зүйл ерөөс үгүй байжээ. Ийм шалтгаануудын тоо 300 гарчээ. Энэ үед Настя Волошин гэгч зарц эмэгтэй тамгатай хүн гэгдэж Украйны баруун хэсгээр нэрд гарчээ.Терезагийн адил гар хөл дээрээ "Есүс Христосын шархтай" байжээ. Ийм хачин үзэгдэл анх Екатерина гэгч гэлэнмаад илэрсэн агаад түүнийг нас барсны дараа католик шашныхан гэгээн гэж зарласан.1914 онд ийм тохиолдол 49 тэмдэглэгдсэний 41 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй хүн байв. Ихэнхдээ энэ үзэгдэл шүтлэгийн үндсэн дээр бий болдог. Өөр тохиолдол ч бий гэх. Хайртай дүүгий нь саваагаар цохиход эгчийнх нь нуруун дээр яг адилхан улаан гувруу гарсан явдал ч бий. Ширээн дээрээс хурц ирмэгтэй төмөр эдлэл унаж шалан дээр тоглож байсан хүүхдийн гарыг тасалжээ. Гэтэл эхийнх нь гар дээр улаан гувруу тогтов. Тэр нь хүүхдийн гар тасарсан хэсэгтэй тохирч байж. Дээрх үзэгдлүүд нь өөрийн тайлбартай бүлгээ. Ийм хүмүүсийн санаа сэтгэлд үнэхээр тохиолдсон зовлон шаналал төдийгүй, тэр тухай бодох нь ч нөлөөлж, энэ нь дотоод эрхтний ажиллагаанд нь тусдаг. Биеэ чагнасан хүмүүс алив нэг өвчний тухай бодохлоор тэр өвчин бий болдог гэх. Дээр дурдсан тамгатай хүмүүсийн шарх нь мөн л ийм далд механизмтай юм. Ийм өвчтөнүүд шашныг ухаан жолоогүй шүтэгчид байдаг гэнэ. Улаан өндөгний баярын өмнөх долоо хоногт Христосыг тэлсэн тухай сүм хийдэд байнга уншдаг нь өвчтэй хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлж, загалмайд христосыг тэлэн хадахад ямар их зовлон амсаа бол гэсэн зовиурт бодол сэтгэлээс нь гарахгүй болно.Тийн хий үзэгдэл эхэлнэ. Мэдрэлийн систем нь тэр аяараа доргилтонд орно. Үүний үр дүн нь санаа сэтгэлийн хувьд бүр шаналж гүйцсэн хүний домогт өгүүлдгээр Христосыг хадаж шарх бий болгосон гэдэг тэр газарт ил шарх гарч ирнэ. Ийм өвчтөнийг эмчлэхэд үг ба итгэл шийдвэрлэх үүрэгтэй аж.  Өгүүллийн эхэнд дурдсан тариачин эмэгтэй Терезаг хүмүүс үзэх гэж холоос зорин ирсэн нь мөн л шүтлэг бишрэлтэй холбоотой, магадгүй Терезаг ер бусын хүн, гэгээнтэн хэмээн итгэснийх бололтой.

Ч.Зүтгэл. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top