“Гал үндэстэн” холбоо бусад иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран Сүхбаатарын талбайд гэр барьж, морьтой жагсан тэмцсээр байна. Цаашид морьтонгуудынхаа тоог улам нэмэгдүүлнэ гэнэ. Мөн эрх баригчдыг суудлаас нь унагахын тулд сэлэм эргүүлэн үзэлцэхээ ч зарим нь нуухгүй байна. Юу л болоод байна даа. Африкийн хойд хэсэгт гарч буй буун дуу манайд сонсогдох вий дээ. Ингэж хардаж, болгоомжлохын буруу юу байхав. Иргэн бүр л сүүлийн үед иймэрхүү юм боддог болчихлоо. Тэгвэл тэдгээр тэмцэгчдийн ард “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа зогсож байгаа ажээ. Тус банкны Энхтөр, Даваа нар банк санхүүгийн луйвар хийсэн хэргээр олон сар мөрдөгдөж, “Ганц худаг”-т заларч байсан хүмүүс юм. Тэдний хэргийг одоо прокурорынхон хянаж байгаа гэх. Оноовол зохих ял нь ч урьдчилан төлөвлөгдөөд буй аж. Дээд тал нь тэд 10 жил шоронд суух бололтой. Гэтэл Н.Даваа бараг нүд аниж дампуурах дээрээ тулсан Иргэний хөдөлгөөний намынхаа нэрийн өмнөөс саяхан ийнхүү “Би тэдгээр хөдөлгөөний ард байгаа” гэсэн нь олны гайхлыг төрүүлллээ. Эрүүгийн хэргийн сэжигтэн ингэж тэмцэхэд хүмүүс алмайрах нь аргагүй биз. Тэрээр Сүхбаатарын талбайд хонож өнжиж байгаа тэмцэгчдийг хооллох, бусад зардлыг нь санхүүжүүлэхээр үндэснийн компаниудаасаа мөнгө татаж эхэлжээ.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )