Дэлхийн 50 топ их сургуульд улсын зардлаар сурах боломж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Өөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутнуудын сургалтын төлберийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн Улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдах юм.

Эдгээр оюутнуудыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзсан юм. Тэдэнд хандаж хэлэхдээ, өндөр боловсрол, өрсөлдөх чадвартай иргэдтэй улс орон хөгждөг. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад шилдэг залуучуудаа суралцуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын үүрэг. Харин оюутан, залуучууд та бүхэн дэлхийн эхний 50 их сургуульд тавигдаж буй шаардлагыг ханган инженер, техник, технологи, байгалийн ухааны мэргэжлээр элссэн тохиолдолд сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Сургалтын төрийн сангаас олгоно гэдгийг дуулгалаа. Оюутнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах, тэдний тоог нэмэгдүүлэх, шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулдаг байхад Засгийн газраас анхаарч байгаагийн нэг илрэл нь улсын чанартай олимпиадуудад амжилт гаргасан оюутан залуучуудад ийм баталгаа олгож байгаа явдал юм. Та бүхэн энэ эрхийг өөрийн авьяас чадлаараа олж авлаа. Одоо үр дүнг нь үзэх хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд дэлхийд нэр хүндтэй сургуульд мэргэжил эзэмшээд эх орондоо эргэн ирж ихийг бүтээхийгхүслээ. Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад Сургалтын төрийн сангаас 16 мянган ам.долларын тэтгэлэг үзүүлдэг. Харин дэлхийн топ 50 сургуульд суралцах эрх авсан оюутнуудын төлбөрийг энэ тоонд хязгаарлахгүй, тэтгэлгийг нь бүрэн олгоно. Энэ талаар асуудал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад үүрэг болголоо. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Корнеллийн их сургуульд элссэн МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Э.Энхзаяад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах батламжийг нь гардуулсан юм. Мөн Засгийн газрын тэтгэлгээр өндөр хөгжилтэй орны 50 их сур-гуульд суралцах боломж олгосон захидлыг манлайлагч оюутнууд Ерөнхий сайдаас хүлээн авлаа.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top