“Гэгээн алсын одод-2011” наадмын шилдгүүд тодров

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

 

Олон хүүхдийн инээд, нулимс дагуулсан "Гэгээн алсын одод-2011" хүүхдийн урлагийн их наадмын гурав дахь шатны шалгаруулалт явагдаж дууслаа. Гуравдугаар шатны шалгаруулалт өмнөх шатуудыг бодвол магтаал, урмаар илүү байсан болохоор ч тэрүү хүүхдүүдийн тэнцэж үлдэнэ гэсэн найдлага харьцангуй их байлаа. Энэ шатанд 75 оролцогч оролцсон бөгөөд тэднээс 60 нь хасагдана. Тиймээс энэ шалгаруулалтад тэнцсэн 15 оролцогч уг наадмын гала тоглолтод оролцох эрхээр шагнуулах юм. Өмнө нь шүүгчид бэлдсэн номерыг нь үзээд тэнцсэн, тэнцээгүй гээд шууд дүгнэчихдэг байсан. Харин энэ удаад урмын үг хэлж, зөвлөөд гаргалаа. Гуравдугаар шат бол оролцогчдын хувьд хамгийн хариуцлагатай даваа байсан гэдэг нь илт. Мөн оролцогч багачууд шүүгчдийн зөвөлгөөг дагасан нь анзаарагдаж байв. Тодруулбал, 93 дугаартай Баасандорж, 133 дугаартай оролцогчид "Хөдөөгийн баясгалан" киноны дуугаар, 152 дугаартай Тэмүүжингийн Өгөдэй "Торгон хилийн зүг" дуугаараа, 48 дугаар сургуулийн "Амур-2" хамтлаг энэтхэг бүжгийг орчин үеийн ритмээр бүжсэн нь хүмүүсийн сэтгэлд их хүрлээ.Мөн "Ирээдүйн одод" амьд хөгжмийн хамтлагийнхан "Дэлхий дүүрэн бага нас" дуугаараа, Ховдын Булганы Энхтүвшингийн дуулсан "Гийнгоо" дууг сонссон шүүгчид төдийгүй үзэгчдэд дагаад давхичихмаар сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлээд авна лээ. Шүүгчид тэдэнд сайн биш, онц гэсэн үнэлгээг өгөв. Харин энэ удаагийн наадмын хамгийн өхөөрдөм, бас эрэлхэг оролцогч нь 245 дугаартай "Воуs" бүжгийн хамтлагийн хөвгүүд байсан юм. Ийнхүү "Гэгээн алсын одод-2011" наадмын чадварлаг оролцогчид олон сонирхолтой үзүүлбэрүүдээ сонирхуулав. Шүүгчдийн хэлснээр "Ийм олон чадварлаг багачууд байхад бид ирээдүйдээ итгэлтэй байлгүй яах вэ". Бүх оролцогч хүүхдүүддээ амжилт хүсье.

А.Туяа.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top